Махны үнэ өсчээ
Нийслэлийн Статистикийн газраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг энэ сарын II долоо хоногийн үнийн мэдээллийг гаргажээ. Энэ хугацаанд хонины ястай нэг килограмм мах дунджаар 6065 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7055 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувиар буюу 25 төгрөгөөр, үхрийн цул мах 0.1 хувиар буюу 10 төгрөгөөр өсчээ.
Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6900 төгрөг, харин “Номин”, “Бөмбөгөр”, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 8.6 хувиар буюу 480 төгрөг, хонины цул мах 5.3 хувиар буюу 355 төгрөгөөр өссөн байна. Хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр зарагдаж байна.
URL: