“Бид олон жил эрүүл мэнд, эдийн засгаараа хохирлоо”

Д.Пүрэвсүрэн: Бид олон жил эрүүл мэнд, эдийн засгаараа хохирлоо

“Ачтан” эмнэлгийн эмч Б.Төмөрбаатарын буруутай үйл ажиллагаанаас болж иргэн 37 настай О.Түмэндэмбэрэл бие махбодь болоо сэтгэл санаагаараа хохирсон байдалтай байна.

Түүний хувьд өнгөрсөн 2013 оны есдүгээр сард цөсний хүүдийн чулуу авах хагалгаанд ороод эрүүл мэндээрээ хохирчээ.

Тодруулбал иргэн О.Түмэндэмбэрэлд хагалгааг дурангийн хагалгааг буруу хийсэн байна. Эл буруутай үйлдлийг нь хуулийн байгууллагаар шийдүүлэхээр Баянгол, Хан Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг. Шүүх уг хэргийг хянан хэлэлцээд хагалгаа хийсэн их эмч Б.Төмөрбаатарыг эрүүгийн хуулийн 106.2-т зааснаар эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс О.Түмэндэмбэрэлийн биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай гэж үзжээ. Гэвч уг хэрэг нь 2015 оны долдугаар сараас өмнө үйлдэгдсэн учир Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин хохирогчийн Улаанбаатар сонгдо, Японы анагаахын их сургуулийн дэргэдэх эмнэлэгт хагалгааны төлбөрт зарцуулсан 119 сая төгрөг нэхэмжилснээс 104 сая төгрөгийн бодит хохирлыг “Ачтан” эмнэлэг барагдуулах ёстой гэж шийдвэрлээд байсан.

Харин энэ шийдвэрийг “Ачтан” эмнэлгийн удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хохирлыг барагдуулахгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өчигдөр шүүхээр хэлэлцсэн ч шүүх бүрэлдэхүүн хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан байгаа юм. Буцаах үндэслэл нь шүүгдэгч Б.Төмөрбаатар нь анхан шатны шүүх дээр гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байтал хэргийг Өршөөлийн хуульд хамруулсан байна гэж үзсэн байна. Ингээд шүүх хурал эхлээгүй байх үед бид хохирогчийн ээж Д.Пүрэвсүрэнгээс зарим зүйлсийг тодруулсан.

-Таны охин ямар өвчний улмаас хагалгаанд орсон юм бэ?

-Миний охин О. Түмэндэмбэрэл 37 настай. Шүдний эмч мэргэжлээр ажилладаг байсан. Гэтэл 2013 онд цөсний хүүдийнээс чулуу авахуулах мэс заслыг дурангаар хийлгэхээр “Ачтан” эмнэлэгт мэс засалд орсон. Гэтэл хагалгааны хүндрэл гараад маш их алдаатай ажилбар хийгдсэнээс болоод миний охин өдий хүртэл эрүүл мэндээрээ хохироод байж байна. Тухайн үед “Сонгдо” эмнэлгийн ачаар амь насыг нь аварч байсан боловч одоо биеийн байдал нь маш хүнд байгаа. Бид өдий олон жил эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсон. Одоо охин маань ажлаа хийх нь байтугай байнгын асаргаатай Япон улсад эмчийн хяналтад эмчлүүлж байна.

-Б.Төмөрбаатар эмч биш “Ачтан” эмнэлэг хохирлыг барагдуулах ёстой юу?

-2013 онд хагалгаанд орсон ч гэсэн түүнээс хойш хэрэг нь шийдэгдэхгүй явж явж саяхан анхан шатны шүүх хурал болсон. Хурлаар мэс заслын хагалгаа хийсэн Б.Төмөрбаатар эмчийн буруутай үйлдлээс болсон гэдгийг тогтоосон төдийгүй шүүх шинжээчийн дүгнэлт ч тодорхой байгаа. Гэвч энэ хэрэг нь Өршөөлийн хуульд хамрагдаад Б.Төмөрбаатар эмч өршөөгдсөн. Харин Б.Төмөрбаатар эмчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулж байсан “Ачтан” эмнэлэгээс миний охинд мэс засал хийсэн тэр алдаа хүндрэлээс үүдэлтэй хохиролыг гаргуулах шийдвэр анхан шатны шүүх хурлаас гаргаад байсан. Гэтэл “Ачтан” эмнэлэг энэ хохирлыг барагдуулахгүй, хүлээн зөвшөөрөхгүй гээд давж заалдах шатны шүүх хуралд асуудал тавиад шүүх хуралд орж байна. Бүх зүйл ойлгомжтой хэрэг байтал дахиад давж заалдана гээд явдаг юм байна. Уг нь Б.Төмөрбаатар эмч одоо хүртэл эмчлэх эрхтэй, “Ачтан” эмнэлэгт ажлаа хийгээд явж байгаа болохоор “Ачтан” эмнэлэг хохирлыг барагдуулах ёстой гэж бодож байна. Шүүгч нар асуудлыг зөв талаас нь шийдэж өгөх байх гэж найдаж байна.

-“Ачтан” эмнэлгийн зүгээс та бүхэнтэй уулзсан уу?

-Б.Төмөрбаатар эмч болон “Ачтан” эмнэлгийн холбогдох хүмүүс бидэнтэй ганц удаа ч уулзаж, утсаар ч ярьж байгаагүй. Шүүх хурал дээр л анх харсан.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих