Сэжигтэн А.Гансүхийг хамгаалахын тулд УИХ-ын Тамгын газрыг ашиглав уу
Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг СТ” компанид тендергүй олгосон, “Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхдээ Монгол Улсад хүчин төгөлдөх үйлчилж буй хууль, тогтоомж, журмыг ноцтой зөрчин, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгуулж буй УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх нарыг тойрсон хэрэг бүдгэрэх хандлагатай болжээ. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ, түүний тамгын газрын хууль зөрчсөн нэгэн баримтыг бид энэ удаа дэлгэж байна. 2015 оны 10-р сарын 30-ны өдөр ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг баривчлан саатуулсан байдаг. Улмаар албан тушаалаа ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр УИХ-ын гишүүн Х.Баттулга /тухайн үеийн ТӨХ-г харъяалдаг байсан Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд/, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх /тухайн үеийн Зам тээврийн сайд/ нарыг сэжигтнээр татсан юм. Тухайн цагаас эхлэн сэжигтэн А.Гансүхийн хил нэвтрэх эрхийг хаасан ч тэрээр үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа үгүйсгэсэн удаатай. 2016 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлан “Би АТГ-т өөрийн хүсэлтээр шалгагдан гэм буруугүй нь тогтоогдож байсан”, “Миний хил гарах эрхийг хуулийн байгууллага хязгаарласан тохиолдол байхгүй”, “Би өчигдөр УИХ-ын даргын захирамжаар Японд албан айлчлал хийсэн маргааш АНУ-д томилолтоор ажиллах гэж байна” хэмээн мэдээлсэн юм.
Гэтэл хуулийн байгууллагын хил нэвтэрсэн талаарх нэгдсэн мэдээллийн сангаас түүний олон улсад зорчсон бүртгэлийг хайхад 2015 оны 05-р сарын 27-ны өдрөөс хойш Монгол Улсын хилээр гарч яваагүйг харж болохоор байна. Монголын ард түмэн, шалгагдаж буй хуулийн байгууллагынхаа өмнө ичгүүргүй худал ярин, олон нийтийг төөрөгдүүлэхийг оролдсон А.Гансүхийн үйлдэл хууль тогтоох байгууллагад ямар ёс зүйтэй хүн ажиллаж буйг харж болохоор байгаа юм.
Зураг тайлбар: Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас авсан сэжигтэн А.Гансүхийн хил нэвтэрсэн байдлын тухай мэдээлэл. УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх 2015 оны 05-р сарын 27-ны өдрөөс хойш Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарч чадаагүй байна. АНУ, БНСУ, Их Британи улсууд руу зорчихоор гурван удаа оролдлого хийснийг хуулийн байгууллага таслан зогсоожээ.
Монголын эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг сэтгүүлчдийн гарт Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтанд зарцуулах 483 сая ам.долларын төслийн 200 сая ам.долларыг Чингис бондоос санхүүжүүлэн “Самсунг Си Ти”-д олгосон хуудуутай цуврал баримтууд олдон, ээлж дараатай мэдээлж эхэлсэн байдаг.
Тайлбар: УИХ-ын гишүүн Х.Баттулга нүүрсчдийн намынхан биднийг шахаж байна. Эх орноо хөгжүүлэх хангалттай судалгаа, төлөвлөгөө надад бий хэмээн олон нийтэд хандсан байдаг. Харин А4-ийн цаасан дээр бичигдсэн 74 хуудас, хуудас бүр нь 78.000 ам.долларын үнэтэй ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээг нь үе үеийн Зам тээврийн сайдаас өөр хэн ч үзэх эрхгүй өнөөдөртэй золгоод байна.
Концессын гэрээгээр улсаас нэг ч төгрөгийн зардал гарахгүй баригдан, 2015 оны 11 дүгээр сард зүгшрүүлэлтээ хийн, өдгөө ачаа тээврээ эхлүүлчихсэн байх учиртай экспортын төмөр зам ашиглалтад орсон бол Монгол Улсын эдийн засаг одоогийн түвшинд очиж хямрахгүй байсныг олон хүн хэлдэг юм. Харин өнгөрсөн найман жилд монголчуудыг “эрлийз, хурлийз”, “өргөн, нарийн цариг”, “эх оронч, луйварчин” болгон муудалцуулсан этгээдүүд хуудас бүр нь 78.000 ам.долларын үнэтэй 70 гаруй хуудастай ашиглагддагүй ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээнүүдийг Монголын төрд үлдээжээ. Гадны улсууд төмөр замын бүтээн байгуулалт хийхийн өмнө 700 гаруй хуудастай ТЭЗҮ боловсруулж хэрхэн үр ашиг авчрах талаар эдийн засагчдын өмнө хэлэлцүүлэг өрнүүлдэг бол Х.Баттулга, А.Гансүхийн багийнхан 70-хан хуудас ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээ аль болох нь тодорхой бус материалыг ЗТЯ-нд улсын нууц хэмээн чандлан хадгалсаар иржээ.
Х.Баттулга, А.Гансүх нар 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэх, тэдний хил гарах эрхийг хаасан эсэх мэдээллийн дараа Монгол Улсын Их хурлын тамгын газраас өдөр тутмын сонингууд руу албан бичиг илгээгджээ. УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх хилээр нэвтрээгүй гэдэг мэдээлэл ташаа, үүнд залруулга хий, үгүй бол хуулийн байгууллагад хандана гэсэн шаардлагын цаана юу нуугдсан бол.
УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд хуулийн байгууллагаар шалгуулж буй сэжигтнийг өмгөөлөн хамгаалах зорилгоор албан бичиг үйлдээгүй гэж найдах үлдлээ. Найдлага гэдэг нь эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн бичсэн нийтлэлд УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар биш хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд албан бичиг илгээсэнд байна. Хэрвээ зөвлөх А.Гансүх УИХ-ын даргынхаа зөвшөөрөлгүй доод албан тушаалтандаа нөлөөлж энэхүү албан бичгийг үйлдсэн бол Үндсэн хууль зөрчсөн хэмээн МАН-ын бүлгийн шахаанд орчихоод буй З.Энхболдод туйлын хүнд цохилт дахин очих болно. Мөрдөн байцаах үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, хууль тогтоох байгууллагыг ашиглан худал мэдээлэл түгээх эрх хуулиар ямар ч албан байгууллага, албан тушаалтанд байхгүй юм.
Зураг тайлбар: Үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонины нийтлэлд сэжигтэн А.Гансүхийн хилээр гарах эрхийг хуулийн байгууллага хязгаарласан тухай хөндөн бичиж, АНУ руу ажлын айлчлал хийнэ гэж мэдэгдсэн ч худлаа байсан тухай анх олон нийтэд мэдээлсэн юм. Харин Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын зүгээс УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх А.Гансүхын тухай энэхүү мэдээлэл ташаа тул залруулга гаргахын шаарджээ. Хуулийн байгууллага хил нэвтрэх эрхийг нь хязгаарласан атал ийнхүү УИХ-ын тамгын газрын нэрээр сүрдүүлэг үйлдсэн явдал А.Гансүхийн улстөрийн соёл, хуульчийн ёс зүй, төрөө дээдлэх үзлийн талаар хангалттай дүгнэлт хийж болохоор байна.
Цагдаагийн Ерөнхий газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгийн шалгалтын үеэр сэжигтэн А.Гансүх гадаад 4-н паспорттой нь илэрсэн байна. Дээрх бүх паспортны мэдээллээр тэрээр хил нэвтэрч чадаагүйг харж болох гэнэ. Жирийн иргэнд олддоггүй албан паспортуудыг хэрхэн олж авсан бэ? гэдэг ч хуулийн байгууллагын анхааралд оржээ.
Г.Норов
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Муу хулгайч
Одоо л манай хуулийнханы чадвар,чансаа харагдана даа