Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо гурав дахин өсчээ
Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйн байдлын талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн онд 1357 хүүхдийн эрх зөрчигдсөнөөс 425 нь хүчирхийлэлд өртсөн гэсэн дүн мэдээг хурлын үеэр онцолж байв. Үүнээс 153 хүүхэд бие махбодийн хүчирхийлэлд өртсөн байна. Дээрх дүн мэдээ нь өмнөх онтой харьцуулахад гурав дахин өсчээ.
Мөн өнгөрсөн онд 94 хос гэрлэлтээ цуцлуулж, үүний цаана 140 хүүхэд асран хамгаалагчийн маргааны улмаас эрх нь зөрчигджээ. Хүүхдийн эрхийг зөрчих, хүчирхийлэлд өртөх тохиолдол нэмэгдэж байгаа нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлж байгааг тус газрын сэтгэл зүйч Х.Оюунтуяа дурдсан юм.
Учир нь эцэг, эх, гэр бүлийн аль нэг гишүүн нь архины хамааралтай, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, эдийн засгийн чадамжгүй гэр бүлд өссөн хүүхдийн эрх зөрчигдөж, тодорхой хэмжээний хүчирхийлэлд өртдөг байна. Эдгээр хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч анхны тусламж үзүүлсэн байна.
Д.Нэргүй
URL: