“Мүүн”, БСШУЯ, Б.Насанбаяр …
Э.Цэрэн, Б.Насанбаяр, Долгор, Дорж, Туяа, Цэцгээ хэн байсан ч хамаа алга. Мөн Монгол Улсын иргэн Мүүн, Будда, Христ, Лал, Хинди гээд аль ч шашинг шүтэж, эс шүтэх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан тэдний бүрэн эрх. Ер нь бусдыгаа шашин шүтлэгээр нь гадуурхах нь бүдүүлэг хэрэг л дээ. Гэвч Б.Насанбаярын хувьд түүнийг Мүүнийн шашинтан гэдгээр нь бус харин Мүүнийн шашин Монголын болосвролын системд сөргөөр нөлөөлөх гээд байна уу гэсэн дээ л иргэд, олон нийт эмзэглэж байгаа нь харагдаж байна.
Мүүн шашин гэхээсээ нэг гэр бүлийн гэмт хэргийн бүлэглэл мэтээр л дэлхийн нийтэд ойлгогдож байна. Тухайн шашинд итгэл үнэмшилээ зориулсан нэгэн эргээд өртэй юм шиг амьдардаг ч юм шиг. Эр, эм хоёрыг хүчээр гэдэг нь нотлогдоогүй ч ямартай ч “гэрлүүлэх” үйл ажиллагааг зохион байгуулдаг гэдгийг Б.Насанбаяр 2008 онд “Ертөнц дахины Энх тайвны холбоо”-ны Гүйцэтгэх захирал байхдаа орон нутгийн сонинд өгсөн ярилцлагадаа дурьдаж байж.
Дараа нь сэтгүүлч Ганчимэгтэй ярилцах үеэр хосуудыг хуримлуулах тухай “энэ зүйл өөрөө үнэт зүйлийнхээ хувьд залуучуудад маш хэрэгтэй, зөв мессеж өгч байгаа, нийгэмдээ хэрэгтэй мессеж өгч байгаа. Бүх шашны төлөөлөл хамт зогсож байгаад тэр хосуудад ерөөл адисаа өгч байгааг нь хараад харин ч би ямар гоё юм бэ гэж баярлаж байсан. Талбай дүүрэн гоё хосууд ирчихсэн, маш аз жаргалтай, баяр хөөртэй байсан. Тийм үйл явдлыг хараад хэн ямар муу муухай юм бодох вэ. Би лав гайхаж байна. Орон орноос нэр хүндтэй улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд очиж үг хэлж байсан. Оросоос, Америкаас Сенатын гишүүн хүн ирж үг хэлж байсан. Монголоос ч очсон л байсан” хэмээн хэлж байжээ.
Энэ тайлбаруудаас нь үзэхэдБ.Насанбаяр “МҮҮН”-тэй огт хамааралгүй хүн биш бололтой. Гэхдээ л өөрийгөө мүүнийн шашинтан биш харин буддын шашин шүтдэг хэмээн мэдэгдсээр байгаа.
Б.Насанбаяр Мүүнийн шашинтан байна уу, Буддын шашинтан байна уу хэнд ч хамаагүй гэдгийг нийтлэлийн эхэнд дурдсан. Хамгийн гол нь Мүүн гэгч нь сайн уу, муу юу гэдэгт л асуудал байна. Өмнө нь огт харж байгаагүй хүнтэйгээ зургийг нь хараад л хуримаа хийх нь гэр бүл төлөвлөлтөд сайнаар нөлөөлнө гэж тайлбарлах гээд байх шиг байна. Тийм байж болох уу. Эсвэл нас барчихсан хүнтэй хуримаа хийчихээд сайн сайхан амьдарч байгаа хүн байна уу тайлбар өгөөч, энэ асуудалд цэг тавих гэсэн юм. Ямартай ч хувь хүний бодлоор хэзээ ч хараагүй хэн нэгэнтэй гэр бүл болоод сайн сайхан амьдарна гэдэгт итгэл багатай л байна.
Тэгвэл ийм үйл ажиллагаа явуулдаг гэх Мүүнийнхэн улс орны Боловсролын тогтолцоо руу ямар зорилгоор хүнээ шургуулна вэ. Жишээ нь ОХУ-ын Боловсролын орлогч сайдаар ажиллаж байсан Александр Асмолов “Мүүн”-ийн шашинтан хэмээн буруутгагдаж байсан. Тэрээр өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч “Би Мүүн Сон Мений бүлэглэл хэлбэрээр үндэслэн байгуулсан “Мүүн”-ий хөдөлгөөнийг сайн мэднэ. Би өөрөө тодорхой дэс, эрэмбэ хүлээж дотор нь байсан хүн.“Мүүн” аль ч орны боловсролын тогтолцоо руу эхний ээлжинд өөрийн хүнээ илгээдэг. Улс орны нөлөө бүхий хүмүүсийг сайхан нэртэй уулзалт, хүлээн авалтуудаар урхидан сул өгч байгаа мэтээр сайхан аашилж, санхүүгийн барьцаанд оруулахыг хичээдэг. ОХУ-ын төр, эдийн засаг хямралтай байх үед оросын олон улс төрч, нөлөө бүхий хүмүүс тэдний барьцаанд орж байсан. Одоо ч зарим нь холбоотой байгаа байх. Тэднийхээ нөлөөг ашиглан нэн тэргүүнд боловсролын салбарыг нь гартаа оруулахыг зорьдог. “Мүүн”-ийнхэн дунд сургуулийн орчинд хэрхэн нэвтэрч, хүүхдүүдийн ухаан санаанд яаж нөлөөлөхийг оролддог талаар ч би сайн мэднэ. Энэ хөдөлгөөн бол ерөнхийдөө ухамсарт нөлөөлөх маш нарийн боловсруулсан арга заль юм. Ялангуяа хүүхдийн ухамсарт нөлөөлж, хүндэтгэл, үнэт зүйлийг нь үгүйсгэхийг оролддог. Энэ нь хүүхдийн бие, хүн болох хөгжилд ноцтой аюул дагуулдаг. Хүүхэд гэдэг чинь тухайн орны ирээдүй юм. Хүүхдийг ийн “бэлтгэснээр” өөрт ашигтай байр суурийг тухайн улсад үндэслүүлэхийг зорьдог. Ийм замаар ямар нэг улсад эдийн засаг, бүлэглэлийн зарчмаар өөрийн эзэнт гүрнээ буй болгохоор санаархаж байгаа нь үнэн” хэмээн өгүүлж, ОХУ-ын олон нийтийн анхаарлыг “Мүүн”-ий зүг татаж байжээ.
Тэгвэл Б.Насанбаяр түүний яриад буй Монголын нэр нөлөө бүхий улс төрчид “Мүүн”-ийн санхүүгийн барьцаанд орж, Монголын боловсролын тогтолцоо руу нэвтэрч, бидний ирээдүй болсон үр хүүхдийг шашины зорилго доо ашиглаж байгаа юм биш биз. Энэ бол хардлага. Гэхдээ хардах үндэс нөхцлийг нь Б.Насанбаяр өөрөө л бий болгоод байна шүү дээ. Хэрвээ Б.Насанбаяр Мүүн Сон Мений санаачилсан хөдөлгөөнийг хэрэгжүүлэгч “Ертөнц дахины Энх тайвны холбоо”-ны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй бол түүнийг хардах шаардлага алга. Хэрвээ Б.Насанбаяр Боловсрол Соёл, Шинжлэх ухааны яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажилладаггүй байсан бол түүнийг хардах шалтгаан алга.
Гэвч тэрээр “Мүүн”-ийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлж байсан. Гэвч тэрээр БСШУЯ-ны бодлого тодорхойлох гол албан тушаалыг эрхэлж байна. Ийм байхад “Үндсэн хууль” зөрчигдөж байгааг ч үл анзааран түүнийг хардсаар байна шүү дээ. Ганцхан хүнийг улс төрийн шалтгаанаар бойкотлохын тулд бүхэл бүтэн улс орныг айдас автуулж байна гэж үү?
Тэгвэл Б.Насанбаяраас өөр хүнийг Боловсролын яаманд бодлого төлөвлүүлж, газар удирдуулж болдоггүй юм уу. Түүнээс өөр хүн олдохгүй байна гэж үү гэх асуултууд гарч ирэх болоод удаж байна. Үнэндээ түүний хувьд шалгалт, шалгаруулалтад ч оролгүйгээр төрийн өндөр албан тушаалд томилогдсон байсан нь саяхан тодорхой болсон шүү дээ. “Мүүн”-ийг сайн эсвэл муу гэдгийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээрээ “үнэн зөв” тогтооно гэдэгт итгэж байна. Түүнээс бусад телевизүүд “төлбөр авчихсан ч юм шиг” хангалтгүй нэвтрүүлэг цацаж, иргэдийг төөрөгдсөн тархийг улам л “угаасаар” байна.
Б.Насанбаяр хэн байх нь огтхон ч хамаа алга. Хамгийн гол нь Мүүн Монгол Улсад, Монголын үрсэд ямар нөлөө үзүүлж байна вэ. Үүнийг хэн үнэн зөвөөр нь мэдээлэх вэ.
Амар
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Б.Насанбаяр хэн байх нь огтхон ч хамаа алга. Хамгийн гол нь Мүүн Монгол Улсад, Монголын үрсэд ямар нөлөө үзүүлж байвал шууд л устгах хэрэгтэй шүү нөгөө Монголынхоо төлөө тэмцэгц ОНБ-уудаа