Их сунгааны өмнөх ажин түжин байдал

Ирэх онд болох сонгуулийн анир улстөрчдийг нойрноос сэрээлээ. УИХ-ын гишүүдээс авахуулаад төрийн ордны өнцөг тохойд шургалах хүсэлтэй бүхний дотор давчдан, байж суухад ч бэрхтэй болсон цаг үе. Төрийн түшээд албан тушаал, сандал суудлаа ашиглан аль хэдийнэ албан бусаар сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлжээ.

Хамгийн сүүлд сонссон “онигоо” гэхэд л, Завхан аймгаас сонгогдсон Ш.Сайхансамбуу, Д.Оюунхорол гишүүн тойргийнхоо иргэдийг цуглуулж, ухуулга энэ тэр хийхийн тулд сугалаа хүртэл татуулан, сүүлийн үеийн зурагтаар гар цайлгасан байх юм.

Мөн “МАК”-ын Н.Номтойбаяр ирэх сонгуульд өрсөлдөхөөр зам мөрөө засч эхэлсэнийг эл хүрээнийхэн шивэр авир хийх болсон. Тэрбээр энэ жилийн улсын баяр наадмын түрүү бөх Г.Эрхэмбаяр арсланд 76 сая төгрөг, мөнгөн морин хуурын хамт бэлэглэж, олны өмнө бэл бэнчингээ гайхуулаад авсан.

Гэхдээ ч түүний хураасан хөрөнгө мөнгө гэж юу байхав. Сайн эцгийн буянаар л баярхаж яваа нь үнэн юмдаг. Ямартай ч Өмнийн говийн хар алтны ордуудаас стратегийн жагсаалтад зүй ёсоор багтах “Нарийн сухайт”-ыг түүний аавын эзэмшлийнх гэх юм билээ.

Тэгэхээр их сунгааны өмнөх улс төрийн байдал ёстой л эхнэрийн ээжийн аавын ахын дүүгийн хүүхэд гэдэгтэй адил сонгуулийн сурталчилгаа иймэрхүү маягийн мөлхөө байдлаар үргэлжилж, сүлжээний бизнесийн зарчмаар явагдаж байгаа нь олны анхаарлыг татаж эхэллээ.

Харин сонгуулийн сүлжээ гэдэг нь нутагсах, мэргэжлээрээ дотносон ханьсах, хамт сурч байсан хамт олноо дайчлан хөдөлгөх гээд нууцхан олон арга бий.

Тойргоо солих эрхмүүд олон байна
Сонгуулийн тогтолцоо ямар байхаас үл шалтгаалан гишүүд “бэрс”-ийн нүүдэл хийх болов. Нэг үгээр хэлбэл, жилийн өмнө тойргоо сонгож байж, хэчнээн төгрөг зарцуулах, тухайн тойргийн сонгогчдын эмзэг сэдвийг судалж, “хийж өгнө, бүтээж чадна” гэсэн сайхан үлгэр ярих гээд сонгуулийн ажил мундахгүй.

Эртнээс л сонгогчдын “түлхүүр, цоожийг” тааруулах ёстой. Тэр ч утгаараа өмнөх сонгуулиар амласан зүйлээ гүйцэлдүүлж чадаагүй болон нам, хөдөлгөөний амьдралын шаарддагаар бууриа сэлгэх түшээ нэлээд хэд дуулдана. Жишээ нь, Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу “Нарантуул” захаа гороолон Баянзүрх дүүргийг горилох болж.

Харин Д.Оюунхорол “Отгонтэнгэр” дээд сургуулийн угшилтай тул багш нарыг бараадахаар болсон гэнэ. Энэ тухайгаа намын удирдлагуудад дуулгаж, цаасан дээрх сонгуулийн ажлаа эхэлжээ. Харин тэдний оронд улсын харцага П.Цэрэнпунцаг ам авч, уран мэхийг уралдуулахаар зэхэж буй гэнэ.

Мөн сумоч гишүүн тойргоо солихоор зэхэж буй мэдээтэй. Түүгээр барахгүй Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх өмнөх сонгуулийн амлалтаа мянгуужингийн үлгэр байсныг хүлээн зөвшөөрөв үү, яав. Дарханчуудаа гээж, Дундговь аймгаас нэр дэвших гэнэ.

Түүнчлэн энэ удаагийн парламентын цөөхөн шингэн хоолойтны төлөөлөл Д.Арвин гишүүн Хэнтий нутгаа орхин буурь сэлгэхээр зэхэж байгаа дуулдана. Учир нь эрхэм хатагтай иргэдтэйгээ уулзах үеэр элдэв шүүмжлэл хүртэж, хөөгдөх дээрээ тулсан аж. Тиймээс л энэ тойрог найдваргүй болсныг мэдэрсэн юм болов уу даа.

Энэ мэтчилэн гишүүд ар араасаа нүүдэллэж эхэллээ.

Эрх баригчдын нэр дэвших ханш өссөн мэдээтэй
Сонгууль дөтөлсөнийг ч хэлэх үү, улстөрчдийн баяныг ч гайхах уу. Ямартай ч нэр дэвшигчдийн босго нэлээд өссөн мэдээ дуулдах болов. АН-ын тухайд 50 сая төгрөг хэмээн зарлаж, горилогчид аль хэдийнэ тушаагаад эхэлчихсэн. Харин МАН дээрх мөнгийг хоёр дахин нэмэгдүүлсэн гэх яриа бий.

Гэхдээ энэ нь баттай эсэх нь тодорхойгүй. Гэхдээ л ирэх сонгуулийг Монгол Улсын түүхэнд хамгийн их хиншүү үнэртсэн тулаан болох, магадлалтай хэмээн улс төр судлаачид дүгнэж буй.

Одоогийн байдлаар албан бус мэдээгээр АН-ын сонгуулийн дансанд 50 гаруй горилогч мөнгөө тушаагаад байгаа гэнэ. Харин МАН-ын тухайд, 100 хол давсныг эх сурвалж хэлсэн.

Алиа сурталчилгаа
Өнгөрөгч парламентын сонгуулийн хамгийн тэнэг ч гэмээр юм уу, егөө сурталчилгааг Б.Болдсайхан эмч гэгээн дүрээрээ бүтээж байв. Тэрбээр эцэг, эхээс хайрласан алдар нэрээ 00-ийн цаасан дээр нүд эрээлжилтэл бичиж, олныг цочоосон. Ямар сайндаа л, онигоо хүртэл гарахав.

Сонгогч охин ээждээ “Би бие засахаас айгаад байна” хэмээн тунирхах юм гэнэ.
-Яагаад?
-Эмч ах хараад байх шиг санагдаад хэцүү юм аа гэсэн гэдэг.

Харин эмч ах сурталчилгаагаа хэтрүүлсэнээ мэдэхдээ, бантсан хүн гэдэгчлэн, өрсөлдөгчид рүүгээ өөрийнхөө алдааг чихэж мэлзсэн аж. Харин ирэх жилийн сонгууль нэлээд дуу хууртай болох дэг шүү. УИХ-ын нэр бүхий гишүүд Монголдоо гайгүй гэх дуу бичлэгийн студиэр ая бичүүлэн ам барьж, сурч байгаа дуулдсан.

Сонгууль дагасан PR
Энэ удаагийн парламентад хамгийн өндөр настай нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан нар болов уу. Тэд төрд олон жил зүтгэснийхээ хэрээр тулгатай, туршлагатай улстөрчид. Тэгэхээр ирэх жилийн сонгуульд Д.Дэмбэрэл дарга гавьяаны амралтаа авч, улс төрөөс явахаа нэгэнтээ хэлсэн.

Харин Д.Лүндээжанцан гишүүний хувьд, төрийн ордон дахь улаан буйдангаа орхих санаагүй байгаа гэнэ лээ. Тэрбээр өнгөрөгч 2008 оны сонгуулиар нэлээн юм болж байж, арай чүү гэж дөрвөөр гарч ирсэн. Гэтэл сонгууль дөтөлсөн энэ цаг үед түүнтэй холбоотой элдэв яриаг өрсөлдөгч нар нь тойргийнх нь зүг чулуудах болсныг эрхэм дарга нэлээд бухимдангуй, ам алдсан талаар шаргал ордныхон дайны хачир хийх болов.

Түүний хэлж буйгаар эл цуурхлыг түүнд хэдхэн саналаар ялагдсан УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдин санаатайгаар гаргасан болж таараад байгаа юм. Ямартай ч эрхэм гишүүн ирэх жилийн сонгуульд тойргоосоо дахин өрсөлдөхөө мэдэгдээд байгаа.

Урлагийн хэнээтнүүд олширсоор байна
Сонгууль болоход ганц жил хүрэхгүй хугацаа үлдээд байхад “Эра” төвийн захирал Д.Эрдэнэтуяа, драмын Х.Наранбаатар, “Чингис хаан” хамтлагийн Д.Жаргалсайхан, ая зохиогч, дуучин Д.Дашдондог, Quiza, ВХ, “Номин талст”-ын Хаянхярваа, Эба, С.Жавхлан гэх мэт олон эрхэм уран бүтээлээсээ улс төрийг илүүд үзэх болов.

Уг нь Монгол Улсын шинэ Үндсэн хуульд хүний сонгох, сонгогдох эрхийг хуульчилсан байдаг ч аливаа зүйлд өөрийн гэсэн хэм хэмжээ байх ёстой гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.

Жижиг намуууд шинэ тохироо хийжээ
Дөтөлж яваа сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах нь одоогоор тодорхой болоогүй ч МАНАН-д сюрприз нь Иргэний зориг-Ногоон нам болж, дагапдах мануухайгаар нь МАХН, БНН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, МУНН, ҮШН, Социал демократ намууд байх нь гарцаагуй боллоо.

Харин тэд намрын чуулган эхлэхэд парламентыг хоёр танхимтай болгох асуудлыг эрчимжүүлэх талаар зэхэж буй сурагтай. Тэгэхээр хоёр танхимтай болох нь торийн ордны улаан буйдан мөрөөдсөн бяцхан намууд болон салбарын гадна байх улс төрийн хэнээтнүүдэд туйлын ашигтай.

Наанадаж л, “ажлын байр” нэмэгдэх нь гарцаагүй. Түүнчлэн өнгөрөгч хаврын чуулганы үеэр МАН-ынхан төрийн ордноо улс төрийн намуудын төлөөллүүдийг урьж, яг энэ сэдвээр санал солилцож байв. Тэр ч бүү хэл, хэлэлцүүлгийн үр дүнд намуудын дарга нар асуудлыг бултаараа дэмжиж, зайлшгүй амжуулах ёстой ажлынхаа эхэнд дуу нэгтэй тэмдэглэж байсан удаатай.

Тэгэхээр эл асуудалд АН-ынхан л дэгээ тавихгүй бол 100 хувь дэмжигдэх бүрэн магадлалтай болчихлоо.

О.Сэлэнгэ
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих