Цахим төлбөрийн системийг сайжруулах үүрэг өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/175 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар нийслэлийн нийтийн тээврийн салбарын шугамын орлогын бууралтыг зогсоох, тээврийн үйлчилгээ, санхүүгийн сахилга батыг сайжруулах талаар нэн яаралтай, шийдвэртэй арга хэмжээ авах зорилгоор хэд хэдэн албан тушаалтнуудад үүрэг өглөө.

Тодруулбал, нийслэлийн тээврийн газарт, шугамын орлогын доод түвшинг тогтоох зорилгоор үйлчилгээнд гаргасан туршилтын автобусны ажлын үр дүнг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор гаргаж, нийслэлийн удирдлагад танилцуулах, нийслэлийн төсөв болон нийтийн тээврийг хөгжүүлэх хөтөлбөрөөс санхүүжүүлж, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т шинээр нийлүүлэгдсэн болон тус үйлдвэрийн газрын ашиглагдахгүй байгаа тээврийн хэрэгслүүдийг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор шугамын үйлчилгээнд гаргах асуудлыг судлан шийдвэрлэх, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн гэрээний биелэлт, сахилга батыг сайжруулах зорилгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран хяналт шалгалтыг 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс зохион байгуулахыг үүрэг болголоо. Мөн нийслэлд тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүдээс нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, аюулгүйн стандартыг хангахгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн, бусдын өмч хөрөнгийг эвдэж, шамшигдуулан их хэмжээний хохирол учруулсан аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авахыг даалгасан байна.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний шугамын маршрут  төлөвлөлт, хуваарилалтын шийдвэр гаргах ажиллагааг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Замын Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын зэрэг олон талын оролцоотой, ил тод болгох журмыг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний дотор баталж, мөрдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээний бэлнээр төлбөр хийж буй байдалд хяналт тавих шалгагч, хянагч нарыг цаашид хэрхэн үр дүнтэй ажиллуулах саналыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжтэй хамтран боловсруулж 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах, нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн програм хангамжийг ашиглалтад хүлээн авах ажлыг нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран зохион байгуулахыг үүрэг болгосон байна.

Түүнчлэн “Улаанбаатар смарт карт” ХХК-д төслийг хэрэгжүүлэх гэрээнд заасны дагуу нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн программ хангамжийн ажлыг бүрэн дуусгаж, 2016 оны 03 дугаар сарын 25-ны дотор ашиглалтад хүлээлгэн өгөх, нийтийн тээврийн үйлчилгээний цахим төлбөрийн системд арилжааны банкуудын төлбөрийн картыг ашиглах асуудлыг шийдвэрлэж 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс, зорчигчийн гар утасны нэгжээс төлбөр төлөх программ хангамжийн асуудлыг шийдвэрлэж 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэх, нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогын хэмжээнд цахим төлбөрийн системээр хийгдсэн төлбөрийн хэмжээг 2016 оны эхний хагас жилд багтаан 70 хувьд хүргэх, энэ зорилттой холбогдуулан зар сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхийг тус тус үүрэг болгожээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих