Дээрмийн хот

     “Найрсаг Улаанбаатар” уриалгын дор амьдардаг нийслэл хотын залуусдаа энэ өдрийн мэндийг хүргэе. Хэдэн жилийн өмнө манай хот нэг сая иргэнтэй болж дэлхийн жишигт нийцсэн метрополис хот боллоо хэмээн зарлаж байсан. Сая иргэнтэй хотын хөгжил хөгжих ёстой замаараа замнаж буй ч тухайн хотод оршин суудаг иргэд болон бизнес эрхлэгчдийн аюулгүй байдал хэрхэн хангагдаж байна вэ.

Бидний кинон дээрээс л үздэг хар тамхи, залуусын танхайрал, хүний наймаа, аймшигтай аллага, буу тулган банк дээрэмдэх хэргүүд “Найрсаг Улаанбаатар” хотод толгой дараалан гарч байна.

Банк дээрэмдэх мода дэлгэрлээ

   Өнөөдрийг хүртэл харуул хамгаалалт өндөртэй хамгийн аюулгүй салбар банкны салбар байлаа. Гэтэл “Төрийн банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Капитал”  банк гэхчилэн нийслэлийхний  ихэнх  хэсэг нь үйлчлүүлдэг банкууд шил дараалан дээрэмдүүлэх боллоо. Багтай залуус буу тулган дээрэмдсэн гэсэн тайлбартай тус хэргүүдийг харахаар яг л холливуудын кино үзэж байгаа юм шиг. Сүүлдээ ч бүр банкаар үйлчлүүлэхээс айх боллоо. Тэр ч бүү хэл, Байрны мөнгөө тушаах гээд банканд оочерлож байгаад буутай этгээдэд барьцаалагдаж буудуулж мэдэх аюул ойрхон болж.

    Дээрх банкуудыг дээрэмдсэн этгээдүүд баригдаж, ял шийтгэлээ хүлээж байна уу гэдэг нь бас эргэлзээтэй. Хэрэг гарлаа гэж шуугиан болохоос хэрэгтэн баригдлаа гээд гарт баригдаж, нүдэнд үзэгдэхээр зүйл болдоггүй. Насаараа цуглуулсан мөнгөө банканд хийж санаа амрах хүсэл хэн бүхэнд байдаг хэдий ч өнөөдөр энэ салбар хэр найдвартай байна вэ. Тухайлбал, төр мэдэлдээ авч Төрийн банк хэмээн нэрийдсэн тус банк уржигдархан үүдээ барьж, тооцоо нийлэх үеэр халдлагад өртсөн байх жишээний. Тус банкны хувьд харилцагчдынхаа хадгаламжаар халаасаа түнтийлгэж буй талаар бид өмнө нь мэдээллэж байсан. За тэгээд дурдаад байвал, манай банкны салбарын балаг дуусахгүй нь ээ, та минь.

    Шийдсэн “хулгайч” л банк дээрэмдэж баригдвал нэг ч зоосоо өгөхгүй ялаа эдлэх хүсэлтэйгээр дээрэм хийх байх. Гэтэл нэг банк дараалан хэд хэдэн салбараа дээрэмдүүлэхэд мөнгөө хадгалуулсан иргэдэд хэрхэн мөнгийг нь буцааж олгох бол.

    Иргэн та миний мөнгө банканд байгаа хэмээн тайван суухаас илүүтэйгээр өөрийн хадгаламж тань аюулд орсон эсэхийг нэг шалгаад үзээрэй.

Хялбар аргаар мөнгө олох хүсэлтэй зальжин залууст манай банкны салбар хялбархан тонож болохоор амархан өгөөш болчихож. Угтаа бол банкны хамгаалалт гэж ёстой хүмүүсийн хэлдэгээр мэргэжлийн түвшний хар цагаан бүстэй хүдэр чийрэг хүмүүс байдаг бол хэн дуртай нь банк дээрэмдэнэ гэж цээжээ дэлдэхгүй л байсан болов уу. Юун тухай хэлж буйг гадарлаж буй биз. Эл олон хэргийн тархах болсон учиг нь нэг талаасаа хэн ч айж сүрдэхгүй хамгаалагч нэртэй манаачдаас шалтгаалж

буй. Хатуухан хэлэхэд, манай банкны салбарын хамгаалалтын албанд ажиллаж буй хүмүүс тэтвэрийн өвгөд, эсвэл оюутан залуус байдаг. Энэ асуудал тухайн банкныхан төсөв мөнгөө танах гээд эдгээр хүмүүсийг ажиллуулдаг юм уу аль эсвэл манайд ийм дээрмийн хэрэг гарахгүй гэж сэтгээд ингэдэг юм уу, бүү мэд. Ямартай ч энэ олон дээрмийн хэрэгт  хамгаалалтын сул тал овжин арга байлаа.

Чимээгүй тахал “Хар тамхи” хотыг бүрхэж эхэллээ

               Дэлхий даяар аймшигт тахал шиг тархаж буй хар тамхины хэрэглээ Монгол Улсад газар авч байна. Анхлан баячуудын хүүхдүүд болон урлаг соёлын томоохон одууд хэрэглэдэг байсан энэ аймшигт тахалд одоо өсвөр насны хүүхдүүдийг хамарч  эхлээд байна. Өсвөр насныхан хар тамхи хэрэглэж байгаад бүлэг бүлгээрээ баригдаж шүүхийн хаалга татах боллоо. Бидний ирээдүйг баллаж буй бүлэг этгээдүүдийн уг гарлыг судалж таслан зогсоох үйл ажиллагаа явуулж буй эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Хямдхан зочид буудалд орж мансуурч  буй залуусыг толгой дараалан барьж хорьж байна. Ганц худгийн шоронд ялаа эдлэн суугаа залуучуудын хэдэн хувь нь хар тамхины хэргээр орсон байдаг бол.

Өсвөр насны залуус өөрийн мөнгөндөө тааруулж мансуурах явдал дэлгэрч байна. Ахлах сургуулийн хүүхдүүд газ үнэрлэж, арай гайгүй мөнгөтэй нь мөс буюу ICE хэрэглэж байна. Энэ замбааргүй хэрэглээг таслан зогсоож ажиллагааг хурдан эхлүүлэхгүй бол цөөхөн хүн амтай Монгол Улсын мөхөл ойртож эхлэх нь тэр.

 

Жуулчдад халтай “Найрсаг Улаанбаатар” хот

               Нийслэлийн удирдлагуудын хэлж буйгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр жуулчдын тоо 3-6 хувиар өссөн хэмээн сайхан зүйлийг ярьж байна. Гэхдээ манай улсыг зориж буй жуулчид Монголд ямар сонирхолтой ирж буйг судлах нь чухал юм. Секс жуулчлал, хар тамхины хяналтгүй хэрэглээнд нь дурлан ирж байвал нийслэлийн удирдлагууд аялал жуулчлалд хэдэн тэрбумаар нь мөнгө цацаад ч хэрэг алга байна шүү дээ.

Аялахад тохиромжгүй улс орны жагсаалтад Улаанбаатар хот багтсан байдаг. Жуулчид Улаанбаатар хотод удаан байх сонирхолгүй байдаг нь халаасны хулгай, дээрмийн хэрэг ихээр гардагтай холбоотой юм. Гадаад иргэн харсан монгол залуусын ихэнх нь найрсаг байхаасаа илүүтэйгээр тэднийг дээрэлхэх, дээрэмдэх хандлага илүү байдаг. Хулгай дээрмийн хэрэгт жуулчид байтугай нийслэлийн иргэд өдөр бүр өртөж байна.

Хөгжил цэцэглэлт гэдэг нь замбараагүй хот төлөвлөлт, өндөр шилэн байшин, архи зарах эрхтэй хүнсний дэлгүүрүүд, шөнийн цэнгээний газрыг хэлэхээс илүүтэйгээр оюунлаг иргэд зохион байгуулалттай тайван хотыг хэлэх байх.

Нийслэлийн захирагч Э.Бат –Үүл та түүхэнд үлдэхээр том хэмжээний баяр наадам зохион байгуулж нэрээ мөнхөлж байхаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрөө жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж оршин суугч иргэд бидэнд тайван амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж өгөөч.

О.АНИРЗУН

ЭХ СУРВАЛЖ: AMJILT.COM


URL:

Сэтгэгдэл бичих