Үр тарианы хураалт 77 хувьтай байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үр тарианы хураалт 77.1 хувь, төмс 92.8, хүнсний ногоо 95.5 хувьтай байгаа тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Улсын Онцгой комиссын хуралдаанд мэдээллээ.

Улсын хэмжээнд 346.5 мянган тонн үр тариа, 178.8 мянган тонн төмс, 89.9 мянган тонн хүнсний ногоо, 25.8 мянган тонн тэжээлийн ургамал хураан аваад байна.

Харин үр тарианы 68.2 мянган га, төмсний 1 мянга, хүнсний ногооны 0.3 мянга талбай үлдээд байгаа бөгөөд үр тариаг 6, төмсийг 4, хүнсний ногоог 2 хоногт хурааж дуусгах боломжтой гэсэн тооцоо гарчээ.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбаруудад нийт 147 аж ахуйн нэгж, иргэнээс 28.7 мянган тонн буудай хүлээн аваад байна. Үүнээс Сэлэнгэ салбар 10.6 мянга, Хөтөл салбар 12.3 мянга, Булган салбар 4.5 мянга, Хархорин салбар 941 тонн, Хэнтийд 400 тонныг авчээ.

Хурааж авсан буудайн чанарт онцгой анхаарах  ,  аж ахуй эрхлэгчидтэй гэрээ хэлцэл хийж, хаана, хэдий хэмжээний үр тариа авах талаар тохиролцох, шаардлагатай бол тээвэрлэлт хийх машин, шатахууны асуудлыг Онцгой комиссын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, холбогдох байгууллагуудын  удирдлагад Шадар сайд М.Энхболд үүрэг болгов.

Мөн хуралдаанаар цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар мэдээлэл сонслоо. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын хэлснээс үзвэл 10 дугаар сарын 8 хүртэл цаг агаар тогтуун, 8-10-ны өдөр ихэнх нутгаар бага зэргийн цас орох юм байна.

Г.Ананд


URL:

Сэтгэгдэл бичих