Улаанбаатар хотын хөрсний бохирдол аюултай төвшинд хүрчээ
Төрийн ордны Иргэний танхимд Улаанбаатар хотын хөрсний бохирдлоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн физик, химийн хүрээлэн хамтран өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БОНХЯ, ЭМСЯ, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчлал хэмжил зүйн газар, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл оролцов. Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ “Хөрсний бохирдол бол нийслэлийн иргэдийн амьд явах эрхийн тухай төдийгүй эх дэлхийн шим ертөнцийн оршин тогтнох эсэх тухай амьдралын ойлголт юм” гэлээ.
ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж “Нийслэлийн хөрсний бохирдлын асуудлаар Үндэсний хороотой ярилцаж Газар зүйн хүрээлэн судалгааны ажлыг хэрэгжүүлсэн байна. Энэ төслийн үр дүнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг хамруулан хөрсийг бохирдуулсан нян, хүнд хортой элемент, хог хаягдал зэргийг тодорхойлон эх үүсвэрийг судалж зураглал хийж, тодорхой санал дүгнэлт гаргасан. Мөн Улаанбаатарын өнгөн хөрсний бохирдлын судалгаа, газрын ховор элемент болон орчны хөрс, усны хүнд элементийн судалгааг хийж гүйцэтгэсэн” гэв. ШУА-ийн Геологи-газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Батхишиг, П.Оюунбат нар “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн төвшин”, “ Гэр хорооллын нүхэн жорлон, хөрсний бохирдол” сэдвээр НЭМХ-ийн Орчны эрүүл хор судлалын төвийн дарга А.Энхжаргал, ШУА-ийн Химийн технологийн хүрээлэнгийн Инкубатор төвийн захирал Ч.Батсүх “ Хөрсний бохирдол бууруулах шийдэл ” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв. 2014 оны байдлаар Арьс ширний үйлдвэр орчим хар тугалга, хром, цайрын бохирдолт багагүй талбайг хамарч байна. Мөн хотын төвийн төвлөрөл ихтэй томоохон худалдаа үйлчилгээ явуулдаг газар аммонийн бохирдолт ихтэй. Тухайлбал, Нарантуул захын арын хаалганы орчим аммоны агууламж 21.07 мг/кг гарсан бөгөөд бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их бохирдолтой. Органик гаралтай энэхүү бохирдол нь гэр хороолол, олон нийтийн газрын ахуйн хог хаягдал, шингэн бохирдолтой шууд холбоотой гэж илтгэлд дурдлаа. МХЕГ-аас хийсэн мэдээлэлд нийт 77 цэгээс хөрсний дээж авч нян болон хүнд металлын, цацрагын бохирдлыг шинжлэхэд хөрсний бохирдол аюултай төвшинд хүрсэн гэдгийг онцоллоо. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын нийт газар нутгийн 12 хувь нь нянгаар бохирдоогүй буюу 88 хувь нь бохирлогдсон ажээ. Бохирдуулж буй хүчин зүйл нь нүхэн жорлон болон ил задгай бие засах газар шингэн болон хатуу хог хаягдал, мөн хөрсний хүчтэй эвдрэл, үйлдвэрийн хог хаягдал, лагаас болж байгааг судалгаа харуулж байна. 184 мянган өрхтэй нийслэл хотын 90 хувь нь нүхэн жорлонтой. Мөн оношлогоонд хамрагдсан 331,564 авто машин утааны шүүлтүүргүйгээс хүнд металлаар хөрс бохирдож буй ажээ. Үүнээс улбаалж хүн амын эрүүл мэндэд хортой нөлөөллийн хэмжээ ихсэж 10 хүн тутмын нэг нь нян болон хүнд металлын хороос болж хорвоог орхиж байна.Тэдний дийлэнхийг хүүхэд эзэлж байна. Химийн технологийн хүрээлэнгээс хөрсний бохирдол бууруулах, эко системийг сэргээх химийн бус, микробиологийн дэвшилтэт “EM” технологийг туршиж үр дүн 85 хувьтай байгааг хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан. Мөн хөрсний бохирдлыг бууруулах энгийн аргуудаас тухайлбал, ургамалжуулах, хатаах угаах, зөөвөрлөх, циолитоор тогтворжуулах зэргийг эрдэмтэд хэлсэн. Манай улс хөрсний бохирдлын 77 стандарт, байгаль орчин, эрүүл мэндийн сорилын долоон лаборатори, цэвэрлэх байгууламжийн 20 гаруй стандарттай. Гэвч амьдралд мөрдөж хэрэгжүүлэх тухайд учир дутагдалтай байдаг тухай СХЗҮТ-өөс мэдээлсэн. Мөн 1990 онд баталсан хөрсний химийн шинжилгээний стандарт хоцорогдсон ажээ. Цаашид олон улсад мөрдөж буй Евро стандартыг хэрэгжүүлэх шаардлагатайг мэргэжилтэн онцолсон. Мөн аюултай хог хаягдлыг устгах эрхзүйн орчинг бий болгох, гэр хорооллын ундны усыг нэг шугамтай болгох зэрэг асуудлыг хөндөж байв. Түүнчлэн хөрсний бохирдол ихтэй “Нарантуул”, “Хүчит Шонхор”, “100 айл”, “Да хүрээ” зэрэг зах орчмыг тохижуулах, нийтийн бие засах газрыг гэр хороололд олноор нь байгуулах, торгууль шийтгэлийн арга хэмжээг эрчимжүүлэх, тодорхой нэг хороо, хэсэгт хөрсний эвдрэл, бохирдлыг бууруулах хөрсийг нөхөн сэргээх чиглэлээр туршилтын төсөл хөтөлбөр хэрэгжүүэх зэрэг санаачлагыг хэлэлцүүлэгт оролцогчид хэлсэн. Эдгээр саналуудыг нэгтгэж зөвлөмж боловсруулж ажиллах юм байна.
Ц.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: