“Улаанбурхан” залсан эзэнгүй ЯАМ

Бараг шүлэг шиг нэр өгчихлөө. Дотор нь бол төр засгийн түшмэдийн дургүй хүрч эгдүүцмээр юм бичсэн байгаадаа урьдчилаад хүлцэл өчье.

Улс төр, намууд нэгдэх хуваагдах талаар одоо бичих ба унших нь чухал сэдэв биш. Манай улстөрчдийн амиа хичээсэн давчуу зай дахь тоглолтыг гол сэдэв болгосоор нийгэм залхаж буй нь мэдрэгдэж байна. Харин энэ зуурт эзэнгүй нэг яамны хөлд нялх хүүхдүүд хөөрхий болж байгаа мэдээ байна.

“Өнгөрсөн оны гуравдугаар сарын эхээр дахин бүртгэгдэж эхэлсэн Улаанбурхан өвчнөөр өвчилсөн иргэдийн тоо сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж хоёр жилийн дотор 30 мянга гаруй хүн өвчилсөн. 2016 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 3000 хүн өвчилсөн судалгаа байна” гэнэ. Ёстой цочлоо.

Улаанбурхан өвчний тухай дээрх мэдээлэл дотор “дахин бүртгэгдсэн” гэдгийг онцолмоор байна. Ердөө хоёр жил хүрэхгүй хугацааны өмнө 2014 оны зургадугаар сарын 26-ны өдөр Монгол улс “ДЭМБ-аас Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон” гэх батламжийг гардан авч байсан. Миний бие тэрхүү арга хэмжээнд очиж уулзалтын ширээнд сууж салат хоол идсэн юм. Зүгээр зоог бариад гарсангүй. Тэнд цугласан олон эгэл жирийн эмч нарын халдварт өвчний эсрэг ажилласан зүтгэлийг чихээр сонсож хүндэтгэж бахдан суусан. Тэнд ирсэн ахмадуудтай ярилцаж дурсамжийг нь сонсоод “1954 оны “кор” гэсэн тэмдэглэл бичиж байлаа. Тэндээсээ гараад “Улаанбурхан баяртай. Монгол дахин уулзахгүй шүү” гэж айхтар өвчинд үдэлтийн нийтлэл  бичиж байсан.

“…Монгол улсын хэмжээнд 1964-1992 онд жилд дунджаар 6320 улаанбурхан өвчний тохиолдол, 79 нас баралт бүртгэгддэг байж. Сүүлийн жилүүдийн бүртгэлээс харвал 1990-2002 онд улаанбурхан өвчний 3 удаагийн дэгдэлт, 2001-2002 онд 10 нас баралт бүртгэгдсэн бөгөөд 1994, 1996, 2000 онуудад 1-14 насны хүүхдэд улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтыг хийснээр дэгдэлтийг таслан зогсоосон байна.

…Монгол улс Улаанбурхан гарсан талаар өвчний нэг ч бүртгэлгүй орон болжээ. Үүнд хэнд баярлаж, хэний гарыг мэхийн үнсэх ёстой вэ. Ямар ч цаг үед дархлаажуулалт вакцинжуулалтыг хийх санхүү болоод бусад дэмжлэгийг хаялгүй явж ирсэн төр засаг, эрүүл мэндийн бодлогыг барьж ирсэн салбарын яам, түүний салбарын шат нэгж бүрийн ажилтан албан хаагчдын зүтгэл гавьяа энд дурьдагдана.

…Эцэст нь, халуун цэг дээр зогсож өөрийхөө утаснаас нэгжээ баран залгаж, хүүхдийг тань цаг хугацаанд нь вакцинаар тарьж дархлаажуулж байдаг вакцинатор сувилагч нартаа баярлалаа гэж хэлье дээ… Улаан бурхан баяртай болжээ…” гээд л бичсэн.

Тухайн цагт ДЭМБ-аас “Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон” гэсэн батламжийг гардуулах ёслол дээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг биеэр ирж С.Удвал сайдын хажууд мөр зэрэгцэн зогсч байгаад баярын үг хэлж байлаа.

Одоо харин андуурч уншаагүй бол дараагийн сайд нь намын санхүүжилтээ хэрхэн олох билээ гэж толгойгоо маажиж суух хооронд ганц жилд 30 мянга, он гараад 3000 гаруй хүн энэ өвчнөөр өвчилсөн судалгаа гарсан гэж байна. Энд халдварт өвчний тухай ярьж буй тул гуравхан тохиолдол гарсан ч төр онцгой анхаарч арга хэмжээ авдаг баймаар.

Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин тул дахин дэгдсэн байж болно. Гэхдээ жил тойрон гаарч байхад тархалтыг ийм өргөн цар хүрээнд хүргэсэн бурууг хэнд хаяглаж, ямар сайд мяндагтан хариуцлага хүлээх нь тодорхой бус байна.

Ганцаараа дан дээлтэй байсан сайдыг бөөн ашиг сонирхлын дарамтаар үгсэн хуйвалдаж шинэ засгаас “жийсэн”. Дараагийн сайд нь авилгын сэжигтэй бэлэн мөнгөтэйгө өрөөнөөсөө гардуулчихсан. Хүн алдаж болно. Хэлмэгдсэн ч байж болно. Гол нь төрийн ажил тасралтгүй явах ёстой.

Ерөнхий сайд ийм урт хугацаанд дараагийн сайдыг яагаад томилохгүй арын халаасандаа хийчихээд байна. Н.Энхбаяр даргын шадар сайдаар хийх наймааны цэст орчихсон яваа гээд байдаг. Гэхдээ өөрөө мэдээд томилох сайдаа оруулах эрх нь шууд Ерөнхий сайдад байгаа гэж намын дарга, Их хурлын дарга нь хэлсээр байгаа. Хамгийн хүнд байдалтай байгаа Эрүүл мэндийн салбараа сайдгүй хагас жил шахуу хаялаа. Ийм байхад улаанбурхан байтугай нь элэг барьж гэмгүй нялх балчирууд үхэл амьдралын заагт эмнэлэг рүү зөөгдсөөр байх. Улстөрчдөд ядаж эдгээр нялх балчир үрсийг хараад ёс суртахууны эмзэглэл баймаар.

ХСҮТ-ийн эмнэлэг дээр юу болж байгаа талаар сурвалжлага гарчээ. Улаанбурхан тусч хүндрээд ирсэн хүүхдүүдийг бүр дордсон, арай гайгүй гэж ялгаад хэвтүүлэх дараалал шийдэгдэж байгаа бололтой. Харин манай төрийн зарим эмэгтэй түшээ эрүүл мэндийн асуудлаар салбарынхантай семинардаад үр дүнд нь Фитнесийг төрөөс дэмжихгүй бол болохоо байсныг ойлгосноо жиргээд сууж байна. Зарим эмэгтэй түшээ цаг гарган Тосонбумбын нурууг сонирхож хэд хоногоор саатаж ажилласан байдаг. Харин ХӨСҮТ-д одоогоор нэг ч түшээ зочлоогүй байна.

Иргэдийнхээ төлөө зүтгэнэ гээд гэр хашааных нь шон дээр шаазгай шиг шаваад “олуулаа болно” гэж амлаад байсан түшээд хаана явна. Ерөнхий сайдаас дараагийн сайдыг нэхэж шахаж болмоор.

Хүний эрхийн төлөө нойр нь хүрдэггүй нэг гишүүн байгаа юм байна. Өргөдлийн байнгын хорооны дарга гишүүн цаг гарган хорих анги явж сэжигтэн Булганыг эргэжээ. Олны анхааралд ороход нэмэргүй тул өвдсөн нялх хүүхдүүд дээр очих дараалал нэлээн хойгуур байгаа байх. Нэг бол Их хурлын Өргөдлийн байнгын хороонд улаанбурхан мэтийн жижиг асуудлаар өргөдөл гомдол ирдэггүй юм болов уу.

Бараг бүгдээрээ багадаа “кор”-тож улаан цоохор биеэ маажиж халуурч хэвтэж үзсэн бүхэл нэг үеийнхэнд манай өнөөгийн улстөрчид багтана. Одоо төрийн түшээ гэсэн тусдаа вакуум орчинд байгаа эрхмүүд доошоо цэрвэж хараад байх нь зохисгүй. Хэдэн нялх үрсийг дарлаж дууслаа энэ “Улаанбурхан”.

1950-1970 онуудад Монголын төр онцгой анхаарч ирсэний хүчинд зөвхөн улаанбурхан өвнөөр нийт хүн амын 1/3 нь нас барж, 1/3 нь цоохор нүүртэй болох аюулаас холдож чадсан байдаг. Харин одоо ганц жилийн дотор халдварын тархалтыг 30 мянгад хүргэчихлээ гэсэн тоон мэдээтэй болсон байна. ДЭМБ-ын судалгаагаар энэ өвчнөөс болж жилд 2.7 сая хүүхэд энддэг бөгөөд халдвар авсан нэг хүүхэд 100 хүнд нөлөөлөх чадвартай байдаг нь тогтоогдсон гэдэг. 3 саяулаа Монголчууд бид хэдэн нялх хүүхэдтэй билээ.

Түгшүүр тээсэн мэдээ бол улаан бурхан өвчин бүх аймагт гарсан. Үүний 70 орчим хувь улсын нийслэлд бүртгэгдсэн байна. Он гараад энэ өвчнөөр халдварласан 3000 хүний 50 хувь хүүхэд бөгөөд үүний 3/1 нь 0-8 сартай нялх хүүхэд байгаа гэж байна. Он гарснаас хойш энэ улайрсан өвчин найман нялх хүүхдийн амийг аваад явчихсан байна.

Ерөнхий сайд хэдэн үүрэг гүйцэтгэгч нараа чирээд ХӨСҮТ дээр очиж сэхээнд байгаа хүүхдүүдийн хүндээр амьсгалыг сонсож хэдэн минут камергүй  ганцаараа зогсмоор. Үр хүүхдээ цаг бусаар алдчих вий гэж айсан эцэг эхчүүдтэй нь хамт эмнэлгийн давчуу хүйтэн хонгилд түр саатмаар. Цагийн нэмэгдэл, шөнийн хоолны мөнгөгүй яс зогсож байгаа эмч нарын хөлсийг арчиж олон сувгаар зэрэг гараач. Энэ нь байдлыг шийдэхэд шууд тус нэмэргүй ч хэдэн тэрбумаар эхлүүлэх гээд байгаа сонгуулийн ПиАр-д чинь тустай байх.

Эрүүл мэндийн салбар ирэх сонгуулийг чинь хүлээж тэсэхгүй болсон байна, Ерөнхий сайдаа. Эзэнгүй байгаа яамны чинь сайдын сэнтийд “улаанбурхан” завилаад суучихаж.

Пүрэвжавын Баярхүү /тоймч


URL:

Сэтгэгдэл бичих