УИХ-ын дарга Дундговь аймгийн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Дундговь аймагт ажиллах үеэрээ /2016.03.08/ үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцав.
Дундговь аймгийн нийт  15 сумын хэмжээнд 78 үйлдвэр, цех хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж, 255 гаруй хүн ажилладаг байна. Эдгээр үйлдвэрлэгчид орон нутгийн хэрэглэгчдийн хүнсний хэрэгцээний 45-50 хувийг хангадаг бөгөөд Улсын Их Хурлын дарга хүнсний үйлдвэрлэл эрхлэгч “Говийн гэгээ” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн захирал Н.Эрдэнэбат 2003 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, 2011 онд компани байгуулан, үйл ажиллагааг нь өргөжүүлжээ. Одоо “Говийн гэгээ” ХХК 20 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн, сард дунджаар 8 сая орчим төгрөгийн борлуулалт аймгийнхаа хэмжээнд хийдэг байна. Өнөөдрийн байдлаар 8 хүнийг тогтмол ажлын байраар ханган, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа талаараа тус компанийн захирал Улсын Их Хурлын даргад танилцуулав.
Цаашид үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхол байгаа хэдий ч  санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан ажил хэрэг болгож чадахгүй байгаагаа хэлж байв. “Говийн гэгээ” ХХК-ийн захирал Н.Эрдэнэбат хэлэхдээ, 2014 онд ЖДҮХС-аас 15 сая төгрөгийн зээл авч үйлдвэрийн байраа завсарлан, шинэ байрны ажил эхлүүлээд байгаагаа дуулгаж байв. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид арилжааны банкнаас бизнесийн зээл авахад нэн тэргүүнд зээлийн шалгуур өндөр байдаг, цаашлаад зээлийн хүү өндөр учраас зээл аваад үйл ажиллагаагаа өргөжүүлэх бололцоо тун бага байдгийг хэлж байсан. Тиймээс орон нутагт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэл эрхлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгоход анхаарах, бичил бизнес эрхлэгчдэд татвар, нийгмийн даатгалыг хөнгөлөх зэрэг дэмжлэг үзүүлэх талаар төр, засгийн зүгээс судалж үзээсэй хэмээн хүсч байдгаа Улсын Их Хурлын даргад дуулгалаа.
Дундговь аймагт жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг бүртгэлтэй 500 гаруй иргэн, аж ахуй нэгж байдаг бөгөөд Улсын Их Хурлын дарга тус аймагт ажиллах үеэрээ модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг “Агь” мужааны цехийн үйл ажиллагаатай танилцсан юм. Мандалговь суманд 3 аж ахуйн нэгж модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа ба “Агь” мужааны цех  2007 оноос хойш гэрийн мод, модон эдлэл болон төрөл бүрийн тавилга үйлдвэрлэж байгаа юм байна. Тус цехийн захирал Г.Цэрэндаш Улсын Их Хурлын даргад үйл ажиллагааныхаа талаар танилцуулах үеэрээ “Манай аймгийн урчуудын хийсэн гэрийн мод эрт үеэсээ алдартай. Тиймээс аймаг орон нутгийнхаа нэрийг гаргах брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна. Үүний тулд бүтээгдэхүүний чанарт өөрөө хяналт тавьж, ажилдчынхаа ур чадварыг сайжруулахад анхаарч, мужаанууддаа зааж зөвлөн ажилладаг” гэв. Сард дунджаар 5-6 сая төгрөгийн борлуулалт хийдэг байна. Өнөөдрийн байдлаар 6 хүнийг тогтмол ажлын байраар хангаж байгаа ч бүтээгдэхүүний захиалга нэмэгдэн, ачаалал ихсэх үед 4-5 туслах ажилчин нэмж ажиллуулдаг талаараа Улсын Их Хурлын даргад танилцууллаа.
“Агь” мужааны цех түүхий эдээ Улаанбаатар хотоос авдаг бөгөөд модны үнэ сүүлийн жилүүдэд өсч байгаагаас бүтээгдэхүүнийх нь үнэ ч өсөх хандлагатай байгаа гэнэ. Энэ нь бүтээгдэхүүний борлуулалтад сөргөөр нөлөөлж байгаа хэдий ч үйлдвэрлэлээ өргөжүүлэн, Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ борлуулах зорилготой гэдгээ тус компанийн захирал Г.Цэрэндаш хэлж байлаа.
Улсын Их Хурлын дарга Дундговь аймгийн МСҮТ-ийн шинэ байртай танилцав. Тус сургалтын төвд 2015-2016 оны хичээлийн жилд 400 орчим сурагч 16 төрлийн мэргэжил эзэмшиж байгаа аж.
Дундговь аймгийн болон Улаанбаатар хотын барилгын компаниудтай хамтран ажилладаг тус төгсөгчид нь 100 хувь ажлын байртай байдаг талаар тус сургалтын төвийн сургалтын албаны дарга Э.Эрдэнэбаяр Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм. Тус сургууль энэ хавраас хичээлийн шинэ байрандаа сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхлэх гэнэ.
Үүний дараа уурын зуухны тогоо үйлдвэрлэдэг “Ган илч” компанийн үйл ажиллагаатай танилцав. Тус компани аймгийнхаа ЖДҮ-ийн сангаас 800 сая төгрөгийн зээл авсан бөгөөд үйлдвэрийн байраа энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Үйлдвэрийн бүтээгдэхүүн, технологи, түүхий эдийнхээ талаар мэдээлж, Улсын Их Хурлын дарга “Танай хэрэглэж буй лист төмрийг Орхон аймгийн “Бэрэн” компани үйлдвэрлэж байгаа тул цаашид дотоодын түүхий эдээ ашиглах тал дээр судлах нь зүйтэй” гэсэн юм.
Мөн энэ өдөр Улсын Их Хурлын дарга Мандалговь сумын “Говийн ирээдүй” дунд сургуульд сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг фермийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус ферм нь аймгийн төвөөс 5 км-ийн зайд байрладаг, нийт 85 үхэртэй. Үүнээс төллөх 20-30 үнээтэй энэ фермийг Ц.Нарандэлгэр эцэг, эхийнхээ хамтаар эрхэлдэг байна. 2009 оноос мал аж ахуй эрхэлж эхэлсэн бөгөөд 2015 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн ферм болгосон байна. Тус ферм өдөртөө 40-60 литр сүүг “Говийн ирээдүй” сургуульд нийлүүлдэг аж. Сардаа борлуулалтын орлого 2 сая орчим төгрөг байдаг талаар Ц.Нарандэлгэр хэлж байв. 2014 онд ЖДҮХС-аас 30 сая төгрөгийн зээл авч, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зарцуулжээ. Дундговь аймгийн 2015 оны шилдэг байгууллагын нэгээр шалгарсан тус ферм малынхаа үүлдэр, угсааг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг талаараа Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм.
Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү, Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллавхэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

URL:

Нэр: Anonymous Огноо: 8 March 2016

мини дууриамал
брежнев, ялгаа нь бүтээсэн юм алга

Сэтгэгдэл бичих