Манай улсад 137 мянган малчин эмэгтэй бий
Жил бүрийн энэ өдөр бид эмэгтэйчүүдийн эрх, жендерийн асуудлыг ихээхэн ярьдаг. Манай улсын нийт хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа талаар хүний эрхийг хамгаалагчид болон хуульчид өөр өөрсдийн судалгааны чиглэлд тайлбарладаг. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүд болон тэдгээр эмэгтэйчүүдийг хэрхэн хамгаалах талаар ихээхэн ярьдаг. Үүнээс гадна хөдөлмөр эрхлэх боломж болон цалин хөлсний хувьд жендерийн ялгаа их гардаг гэж үздэг. Улсын хэмжээнд дундаж цалин 836 мянган байдаг бол эмэгтэйчүүдийн дундаж цалин 772 мянга байдаг нь эмэгтэйчүүдийг хүйсийн хувьд гадуурхагдаж байгаа явдал гэж тайлбарлах нь бий.
Харин боловсрол эзэмшилтийн хувьд манай улсад эмэгтэйчүүд илүү өндөр хувьтай байдаг. Тухайлбал, дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын бакалавр, магистр, докторт суралцагч болон төгсөгчдийн иргэдийн 60 орчим хувь нь эмэгтэйчүүд байна.
Судлаачид бүр өөр өөрсдийн гэсэн судлаж буй чиглэлдээ эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа болон эрхийг нь хэрхэн хангах талаар судлаж, зөвлөмж гаргадаг. Ингэхдээ ихэнх судлаачид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь тэдний тэгш эрхийг хангах хамгийн зөв арга хэмээн үздэг. Өнөөдөр 198 улс орны зөвхөн 11 улс нь эмэгтэй ерөнхийлөгч болон ерөнхий сайдтай байна. Манай улс мэдээж энэ тоонд ороогүй. Гэхдээ УИХ болон Засгийн газарт эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага ч гэсэн өсч байгаа. Энэ нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр тодорхой шийдвэрүүд гарахад нөлөөлж байна гэж зарим судлаачид үзэж байна. Тухайлбал УИХ-аас саяхан батлаж гаргасан Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль гэх мэт хуулиудыг нэрлэж болох юм.
Уншигч та бүхэнд эмэгтэйчүүдтэй холбоотой зарим нэг тоон үзүүлэлтүүдийг сонирхуулж байна. Тухайлбал, манай улсад 78 мянга гаруй өрх толгойлсон эмэгтэй байна. Улсын хэмжээнд нийт малчдын 46.3 хувь нь буюу 137 мянган малчин эмэгтэй, өрх толгойлсон 78 мянган эмэгтэй байна. Улсын дундаж наслалт 69.6 байдаг бол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.5 байна.
URL: