Хэнтийн аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарын хууль бус үйлдэлийг АТГ шалгажээ
Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн “Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжавын ашиг сонирхлын зөрчлийн талаарх асуудлыг шалгуулах” тухай гомдол мэдээллийн мөрөөр хуульд заасны дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулсан байна.
Хяналт шалгалтаар хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр а/573 тоот захирамж гаргаж орон нутгийн өмчит “Хэнтий-Ус” ХХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд нэг бүр нь 50 сая төгрөгийн үнэлгээтэй 2 орон сууцыг тус бүрийг нь 35 сая төгрөгөөр үнэлж худалдахаар шийдвэрлэжээ. Хөрөнгийн бүртгэлийн үнийн дүнгээс доогуур үнэ тогтоож худалдан борлуулах шийдвэр гаргасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг үүсгэсэн байна. Дээрх 2 орон сууцыг худалдан борлуулаагүй бөгөөд одоогоор орон нутгийн өмчлөлд хэвээр хадгалагдаж байгаа ажээ. Тус аймгийн ИТХ болон аймгийн Засаг дарга нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар орон нутгийн өмчийг захиран зарцуулах эрх эдэлж байгаа ч худалдан борлуулах үнийг шууд тогтоож өгсөн, мөн уг үйл ажиллагааг Орон нутгийн өмчийн албаар гүйцэтгүүлээгүй нь дээр дурдсан хуулийн 29, 80 дугаар зүйлийг тус тус зөрчсөн үйлдэл юм.
Түүнчлэн Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав нь орон нутгийн өмчит “Хэнтий-Ус” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар өөрийгөө 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 50 дугаар тогтоолоор томилсон, ТУЗ-ийн даргаар ажилласны төлөө мөнгөн урамшуулал авч байгаа зэрэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн аж.
Иймд дээр дурдсан зөрчлийг арилгах, уг асуудлыг холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн нийтлэг үүргийг болон нийтийн албанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллах талаар аймаг, орон нутгийн хэмжээнд удирдлага, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээг авч ажиллан үр дүнгийн талаар эргэж хариу мэдэгдэх тухай албан бичгийг хүргүүлсэн байна.
Эх сурвалж: Chuhal.mn
URL: