Нийслэлийн нутаг дэвсгэрт барьж буй барилгуудад шалгалт хийв

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдан явуулав. Зөвлөлгөөнөөр өмнөх хурал дээр өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа үүрэг даалгавар өгөв.Өмнөх хурал дээр өгсөн үүрэг даалгавар

Нийслэлийн нутаг дэвсгэрт барьж буй барилгуудад шалгалт хийв
Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт барьж байгаа барилга байгууламжийн баримт, бичгийн бүрдэл, угсралтын ажлын гүйцэтгэлд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран хяналт шалгалт зохион байгуулав. Шалгалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, зураг төсөл баталгаажаагүй, бүрдэл дутуу 83 барилгын захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгч, гүйцэтгэгч талд хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоож ажилласан байна. Зөрчил бүртгэгдсэн 83 барилгаас баримт, бичгийн бүрдлийн шаардлага хангасан 14 барилгад ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгожээ.
Зөрчил дутагдлаа арилгах арга хэмжээ авч, эргэн мэдэгдээгүй 66 барилгын захиалагч, гүйцэтгэгч талд зөрчлийг арилгах арга хэмжээ авч эргэн мэдэгдэх шаардлага, шаардах хуудас хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Барилгын материал тээвэрлэлтийн талаар сургалт зохион байгуулна
Холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдэд тээвэрлэлтийн талаар хууль, дүрэм, журам, стандартыг хэрхэн хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх хөтөлбөр батлуулж, сургалтыг 03 дугаар сарын 15-нд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдал, ачаа тээвэрлэлт, замын байгууламжийн ашиглалтын шаардлагад хяналт тавих, иргэдийн амгалан тайван байдлыг хангах зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран шалгалтын арга хэмжээ явуулахаар удирдамж, төлөвлөгөө боловсруулан батлуулж байна.
Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна
Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Малын гоц халдварт “Цэцэг” өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар санал боловсруулж, цаашид авах арга хэмжээ төслийг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцууллаа. Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан дүүргийн 5 авто тээврийн шалган бүртгэх товчоонд 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 24 цагаар ариутгал халдваргүйжүүлэлтийн байнгын пост ажиллуулж байна.
Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай  нийслэлийн Засаг даргын А/167 дугаар захирамжаар ариутгал, халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын ажлыг  зохион байгуулан ажиллаж байна.
Золбин нохой, муур устгах ажлыг гүйцэтгэж байна
Золбин нохой, муур устгах ажилд батлагдсан төсвийг “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, Налайх, Багануур хот, Багахангай дүүрэг нохой, муур устгалын ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдэд хуваариллаа. Устгасан нохойны арьс, ясыг боловсруулан эдийн засгийн эргэлтэнд оруулж ажиллах юм. Баянгол дүүрэгт 1 анчин бусад төвийн 5 дүүрэгт тус бүр 2 анчин ажиллаж байна.
Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа дараах үүргийг өглөө. Үүнд:
  • Нийслэлийн удирдлагууд нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг календарьчилсан төлөвлөгөөнд заасан хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах
  • Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралтай байгуулсан “Контракт”-ын гэрээний 2015 оны  биелэлтийн  дүнг 2016 оны 3 дугаар сардаа нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулан холбогдох шийдвэр гаргуулахыг даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих