Улаанбурхан өвчин аюулын харанга дэлдэж эхэлжээ

-Он гарснаас найман хүүхэд энэ өвчнөөр нас баржээ-

ХӨСҮТ-ээр үйлчлүүлэх иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, тус эмнэлэг ачаалалаа дийлэхээ больжээ. Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар сарын эхээр бүртгэгдэж эхэлсэн Улаанбурхан өвчнөөр өвчилсөн иргэдийн тоо сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж 2014 оноос хойш 30 мянга гаруй иргэн өвчилсөн бол 2016 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 3000 хүн өвчилсөн судалгаа байна.

ХӨСҮТ 530 ортой ажиллаж байгаагаас өнөөдөр 594 хүн хэвтэн эмчлүүлж байна. Халдвартын тасаг нь 330 ортой. Гэтэл 400 гаруй хүн халдварт өвчнөөр хэвтэн эмчлүүлж 100 гаруй ороор илүү ачаалалаа дийлэхгүй байдалтай ажиллаж байна. Нэг эмч 20 гаруй өвчтөн дээр ажиллаж, эмч сувилагчийн хүрэлцээ хаа хаанаа хүрэхгүй байгаа учраас ЭМСЯ руу тус эмнэлгээс албан тоот хүргүүлэхээр болжээ. Хүсэлтэд эмч сувилагч болоод эмнэлгийн орчноо нэмж, ачаалалтай байгаа газруудаа хагаслаж ачаалалыг бууруулж өгөөч гэсэн утгатай албан тоот явуулахаар болжээ. Өдөр бүр эмнэлгээс өвчтнүүдийн биеийн байдал болоод хоногийн тоогоо салбар яамандаа явуулдаг аж. Эмч нарын ачаалал их, илүү цагаар нойр хоолгүй ажиллаж, мэдрэлийн ядаргаанд ортлоо ажиллаж байгаа гэдгийг эмч нар ярьж байна. ХӨСҮТ-д өнгөрсөн амралтын өдрүүдөд гэхэд 200-300 хүн үйлчлүүлжээ. Энгийн өдрүүдэд өдөрт 20-30 хүн үзүүлж, үйлчүүлдэг байтал өвчтний тоо огцом өссөн нь ямар байгааг харуулж байна.

Анх 2000 онд Улаанбурхан өвчний дэгдэлт гарч бүртгэгдэж байжээ. Гурван жил үргэлжлэхэд 10 мянган хүн өвчилж байгаад энэ өвчин устаж ор мөргүй алга болж байгаад өнгөрсөн 2014 оноос дахин дэгдэлт нь эхэлж, өнөөдрийг хүртэл 30 мянган хүн өвчилсөн гэдгийг дээр дурьдсан байгаа. Энэ өвчин бүх аймагт гарсан бөгөөд үүний 70 орчим хувь Нийслэлд, 18 аймагт уг өвчлөл бүртгэгдсэн байна. 3000 хүний 50 хувь хүүхэд бөгөөд 3/1 хувь 0-8 сартай хүүхдүүд байгаа юм. Вакцины хүрэлцээний хувьд хангалттай байгаа бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын 11-нд 70 мянган тун вакцин авснаас 40 мянгыг нь орон нутагт хувиарлажээ.

Эл айхтар өвчний дэгдэлт аюулын харанга дэлдэхээс гадна, нярай хүүхдэд ихэд халтай төдийгүй амийг нь авсаар байна. Улаанбурханыг хүүхдийн тахал өвчин гэж нэрлэдэг аж. Он гарснаас хойш найман хүүхэд уг өвчнөөр нас барсан бол өнгөрсөн шөнө гэхэд таван сартай хүүхэд нас барсан харамсалтай мэдээтэй. Одоо хоёр хүнд хүүхэд үхэлтэй тэмцэлдэж, Сэхээн амьдруулах тасгийн эмч сувилагч, ээж ааваа сандараасан байдалтай байна. ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасаг нь арван ортой бөгөөд өнөөдрийн байдлаар өвчин нь хүндэрсэн 0-8 сартай 15 хүүхэдтэй байна. Нэг орон дээр хоёр хүүхэд зөрүүлээд хэвтүүлчихсэн, бүх хүүхдэд амьсгалын аппарат залгасан байдалтай. Ихэнх хүүхдүүд нь дутуу төрсөн, төрөлхийн зүрхний гажигтай, тархины сааталтай хүүхдүүд нэрвэгдээд байгаа гэнэ.

Хүүхдүүдийн хувьд хоёр уушги нь битүү хатгалгаатай, тархины саажилттай, төрөөд дөнгөж 10 хоногтой нярай ч үхэлтэй тэмцэлдэн, аппаратанд амьсгалж байгаа дүр зургийг хараад өөрийн эрхгүй сэтгэл шимширмээр. Хүүхдээ сэхээнд оруулчихсан аав ээжүүд эмнэлгийн гадуур дэмий л холхилдож, яахаа мэдэхгүй сандралдаж, хүүхэд дээрээ орж байр байдлыг ажихаас өөр хийж чадахгүй зүйлгүй. Тэд эмч, сувилагч нарт найдахаас өөр найдвар итгэл алга. Жишээлбэл, нэг хүүхдийн бие маш хүнд байгааг тасгийн эрхлэгч эмч ойлгуулж хэлж байгаа харагдав. Мөн дөрвөн сартай хүүдээ хөхний сүүгээ саагаад гуурсаар ам руу хийж сууна. Хүүхдүүдийн тухайд орон нутгаас ч Улаанбурхан өвчнөөр өвчилж хүндэрсэн “үхлүүт” хүүхэд ч ирж байна. Орон нутгийн эмч нар аргаа бараад гурвалсан шатлалын эмнэлэг бараадахыг эцэг эхчүүдэд зөвлөдөг гэнэ. Түүнээс гадна тусгай эмнэлгийн машин болоод мэргэжлийн эмч нар, амьсгалын аппаратгүй машинаар хүүхдээ авчирч байгаа нь тээвэрлэлтийн замд бүр хүндрүүлэх тохиолдол гардаг ажээ. Өнгөрсөн жил гэхэд Сэхээн амьдруулах тасгийн арван орон дээр 30 хүүхэд хэвтэж байсан удаатай гэнэ. Өнөөдөр гэхэд Сэхээний тасгаас хоёр хүүхдийн биеийн байдал дээрдэж, энгийн тасаг руу шилжүүлээд удаагүй байтал араас нь улаанбурхан өвчин нь хүндэрсэн хүүхдийг зөөгөөд оруулаад ирж байх жишээтэй.

Өнгөрсөн шөнө нас барсан хүүгийн тухайд өвчин нь их хүндэрсэн байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргээс өнгөрсөн сарын 28-нд ирж, тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 29-нд биеийн байдал нь улам муудаж, Сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд эмнэлгээс шаардлагатай гэсэн бүхий л арга хэмжээг цаг алдалгүй авсан ажээ. Хүүгийн хувьд хоёр уушги нь битүү хатгалгаатай, амьсгалах талбайгүй, улаанбурхан өвчнөөр өвчилсөн гэдгийг баталгаажуулсан баримт байгаа гэдгийг эмч нар хэлсэн юм.

Хүүгийн ар гэрийнхэн болохоор өнгөрсөн шөнө ХӨСҮТ-тийн Сэхээн амьдруулах тасгийн эмч сувилагч нар төрсөн өдрийн баяр тэмдэглэж байгаад ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас амиа алдсан гэх мэдээллийг бидэнд өгсөн юм. Энэ талаар сурвалжлага хийхээр тус эмнэлгийг зорьсон юм. Эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захиралтай уулзахад “Тийм асуудал болоогүй. Бид нар ачаалалаа дийлэхгүй ажиллаж байгаа энэ цаг үед юун баяр тэмдэглэх вэ. Урд шөнө гэхэд хүүхдийн сэхээний тасагт хоносон хоёр эмч нойр хоолгүй явж байна. Тийм болохоо өөрийн нүдээр нөхцөл байдлыг хар. Хүүгийн ар гэрийнхэн ямар учраас ийм яриа гаргасныг мэдэхгүй байна” гэсэн юм.

Ингээд ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг руу орж, тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр эмчтэй уулзаж, хүүхдийн тасгуудаар явж үзлээ. Үнэхээр хүнд нөхцөлд ачаалалтай ажилладаг нь илт. Таван хүүхэд дээр нэг сувилагч оногддог юм байна. Аппаратанд орсон хүүхдүүдийн биеийн байдал хүнд бөгөөд бүхий л газарт нь гуурс залгаж, амьсгалын аппаратанд оруулжээ. Нэг хүүхдийн зүрх зогсоход нөгөө нэг нь таталт өгч сандаргадаг байна. Өнөөдрийн хувьд харьцангуй тайван байгаа хэдий ч өвчиндөө шаналж уйлах хүүхдийн дуу чимээтэй байсан юмТүүнчлэн өвчин нь хүндэрсэн хүүхдүүд хөдөөнөөс ирээд сэхээний байдалд орсон ч тусламж авч чадалгүй эндэх тохиолдол ч гарсаар байна. Сэхээнд байгаа хүүхдүүдийн тухайд 0-8 сартай гэж онцлож байгаа бөгөөд тэд 9 сартайдаа хийлгэх ёстой вакцинаа хийлгэдэг ч сар нь хүрээгүй учраас дархлаажуулалтгүй байна гэсэн үг.

Ц.Чинбаяр “Хүүхдийн ар гэрийнхэн ийм яриа гаргаад байна. Би амралтын хоёр өдөр байгаагүй юм. Манай эмч, сувилагч нар тийм алдаа гаргахгүй гэдэгт итгэлтэй байдаг. Ийм ачаалалтай, хүнд хүүхдүүдтэй байхад ажлаа хаяад баяр тэмдэглээд явна гэж байхгүй. Хоёр сэхээний таван эмч бий. Тэд цаг алдалгүй, хариуцлага алдахгүйг хичээж ажлаа хийж байна. Хэрвээ тийм асуудал гаргасан эсэхийг асуухаар би сувилагч нараа дуудсан байгаа. Мөн түүнчлэн хүүхдээ сахиж байсан аав ээжүүдээс ч асууна. Манай тасгийн тухайд бүтэн жил баяр тэмдэглээгүй. Шинэ жилийн баяраа ч тэмдэглээгүй байна. Ийм их ачаалалтай байхад баяр зохион байгуулах ямар ч боломж бололцоо байхгүй. Манай тасагт архи уудаг нэг ч хүн байдаггүй юм. Сувилагч нар эмчийн хяналтан дор ажилладаг учраас алдаа гаргах ёсгүй” гэв.

Иргэдэд сэрэмжлүүлэхэд: Улаанбурханы өвчлөл их байхад нас баралт гарахгүй байна гэж байхгүй юм. Насанд хүргэгчдийн хувьд нас баралт харьцангуй бага байгаа ч дархлаа султай, эсвэл 9 сартайд нь хийдэг Улаанбурханы вакцинаа хийлгээгүй хүүхдүүд уг өвчинд өртөж нэрвэгдээд байна. Ихэвчлэн 5-8 сартай хүүхдийн дархлаа их сул байдаг учраас өвчлөлд өртөмтгий байдаг гэнэ. Улаанбурхан өвчин аюултай, бүх эрхтэнг гэмтээдэг. Жишээлбэл, тархи, уушги, элэг, нойр булчирхай гээд бүх эд эрхтэний системийг гэмтээнэ. Улаанбурхан өвчний дэгдэлд Цагаансараас хойш идэвхжээ. Учир нь нялх нойтон хүүхдүүдээ авч айл хэсэх, золгуулт хийж явна гээд бие биенээ үнссэнээс үүдэн өвчлөл бүр их нэмэгдэж, халдварладаг ажээ. Тиймээс шалтгаангүйгээр олон хоног халуурах юм бол эмчид хандах хэрэгтэй. Мөн гэр бүлийнхэн дотор, эсвэл ажлын хамт олон дотор нэг хүн л Улаанбурхан өвчнөөр өвчилсөн тохиолдолд цаг алдалгүй өрхийн эмнэлгийн эмчдээ үзүүлж, вакцинд хамрагдах шаардлагатай гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.


URL:

Нэр: зочин Огноо: 10 March 2016

Халдварт дээр очоод үзүүлнэ гэдэг хэцүү ажил юм билээ. Тэд хаалгаа дотроосоо түгжичхээд өвдсөн хүмүүсийг гадаа хүйтэнд хэдэн цагаар хүлэлгээд алга болдог юм билээ үнэн бүдүүлэг. Харьяа яам дарга нар нь мэддэгүйл байхдаа хөөрхий. Өөрсдөө өвдвөл яаж сүйд болж байх бол. Жааханч атугай боловсон ухаантай байгаачээ эмнэлгийн ажилчидаа.

Сэтгэгдэл бичих