”Хан ресурс” компани Монгол улсын Засгийн газартай тохиролцоонд хүрсэн гэв

Монголын Засгийн газрын эсрэг хэрэг дээр Арбитрийн шүүхэд ялалт байгуулсан “Хан ресурс” компани хохиролтой холбоотой нөхөн төлбөрийг төлж барагдуулах, шийдвэрлэх тал дээр Монгол Улсын Засгийн газартай харилцан тохиролцсон хэмээн тус компанийн зүгээс мэдээлсэн байна.Энэ асуудалтай холбоотойгоор Сангийн сайд Б.Болор “Монголын Засгийн газар, Хан ресурсын хооронд олон улсын Арбитрын шүүхтэй холбоотой бүх асуудлуудыг үр ашигтайгаар харилцан шийдвэрлэх хэлэлцээрт хүрсэн. Энэ нь Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлд хүчин чармайлт гаргаж буйг харуулах болно” гэсэн мэдэгдэл хийсэн гэнэ.

Уг маргааны Шүүхийн асуудал нь 2009 онд манай улсын Засгийн газраас “Хан ресурс” компанийн Дорнод аймагт эзэмшиж байсан ураны тусгай зөвшөөрлийг цуцалснаар үүссэн юм. Улмаар Монголын засгийн газар Олон улсын арбитрын шүүхэд дуудагдаж, хоёр жил дамнан үргэлжилсэн шүүх хурал эцэслэн шийдэгдсэн юм. Шүүх хурал 2012 оны тавдугаар сард Францын Парис хотод эхэлсэн. Олон улсын арбитрын шүүх “Хан ресурс” компанийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч,  Монголын Засгийн газар Эрчим хүчний гэрээ, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзжээ. Арбитрын шүүх “Хан ресурс” компанид учруулсан хохирлыг компанийн шинжээчдийн гаргасан тайланд бус ТЭЗҮ-д зарцуулсан хөрөнгийн одоогийн өртгөөр тодорхойлжээ. Монголын засгийн газар 2009 оны долдугаар сард тус компанийн ураны тусгай зөвшөөрлийг цуцалснаар “Хан ресурс”-т 80 сая ам.долларын хохирол учирсан гэж үзээд, дээр нь Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь  2 хувь төлөх ёстой гэж шийдсэн байна. Түүнчлэн арбитр, өмгөөллийн зардал болох 9.1 сая ам.долларыг “Хан ресурс” компанид бүрэн олгох шийдвэр гаргаж байсан юм.

Зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа болон мэргэжлийн зөвлөгөө үзүүлдэг “Эгүлэ Капитал”  компанийн эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөрсөн долоо хоногт “Khan Resources” компани Канадын Засгийн газарт хандан “Монголын Засгийн газар арбитрын торгуулиа төлөх хүртэл” Монголд үзүүлж байгаа зээл, тусламжаа зогсоох хүсэлт гаргаж байсан аж. Канадын Засгийн газар Монгол Улсад жилд 4 сая канад долларын тусламж үзүүлдэг гэж тус улсын хэвлэлд онцолж байжээ.

Б.Төгөл


URL:

Нэр: БИ Огноо: 7 March 2016

ЭНЭ НЭГ ХОШИН ШОГ БАЙДАГ Ш ДЭЭ. ХУУШУУР ЗАРАХ ГЭЖ ГАРЧ ИРСЭН ХОЁР ХҮН БИЕ БИЕНДЭЭ ХУУШУУРУУ ЭЭЛЖИЛЖ ЗАРЖ ИДСЭЭР БАЙГААД ХОВ ХООСОН БУЦААД ЯВДАГ. ЯГ Л ТЭР БОЛОХ ЮМ ДАА. СҮРДҮҮЛГЭЭС ЯМАР ИХ АЙДАГ ГАРУУД ВЭ. ТЭР КАНАДААС АВДАГ МӨНГӨ НЬ НАДАД ХҮРТДЭГ БОЛОВ УУ? АВААГҮЙ ЮМНЫХАА ТӨЛӨӨ БИ ЮМАА ӨГМӨӨРГҮЙ Л БАЙНА ШҮҮ.

Сэтгэгдэл бичих