Сайн дурын аврагчид цасан шуурганд саатсан 244 иргэнийг аварчээ
Энэ сарын 4-нөөс эхлэн манай орны ихэнх газраар цаг агаар муудаж, онц байдал зарласан. Үүнтэй холбогдуулан онлайн ертөнцөд цасан шуурганд саатсан, цасанд суусан машинтай иргэдийг аврах үйл ажиллагаанд ОБЕГ-ын аврагчидтай хүч хавсрах хүсэлтээ илэрхийлсэн залуусын мэдээ олны анхаарлыг татаж байлаа. Бид үүнтэй холбогдуулан өнгөрөгч өдөр тус сайн дурын үйл ажиллагаанд оролцсон залуустай холбогдсон юм.
Өнгөрөгч өдрүүдэд Онцгой байдлын алба хаагчдад Монголын бартаат замын авто спортын холбоо, Мицүбиши пажеро, Прадо, Хайлюкс, Ланд Круйзер зэрэг хүчтэй хөдөлгүүртэй автомашин эзэмшигчдийн клубууд нэгдэж, цасанд боогдсон авто машинтай иргэдийг аврах үйл ажиллагаанд сайн дураараа оролцсон байна.
Тэд өнөөдрийг хүртэл нийтдээ 47 авто машинтай 102 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан бөгөөд цасанд боогдсон 98 машинтай 244 иргэнийг аварч чаджээ.
Энэ талаараа тэд “Бид энэхүү үйл ажиллагаанд оролцсоноо ямар нэг ял гэж хүлээж авахгүй байгаа. Энэ бол бидний иргэн хүний хувьд хүлээх үүрэг юм. Бид ямар нэгэн хүнээс тусламж дэмжлэг авах гэж, эсвэл нэр хүнд олох гэж туслаагүй. Өнөөг хүртэл монголчууд маань бидэнд маш их урмын үг хэлж байна. Энэ нь бидэнд маш их урам өгч байна” хэмээн ярьж байлаа.
Харин тусламж хүргэсэн залууст туслах аян цахим ертөнцөд нэлээд өрнөсний нэг нь ШТГ-ыг энэхүү аянд сайн дураараа нэгдэхийг хүссэн олны уриалга байсан юм. Олон нийтийн энэхүү уриалгад “Петровис” компани нэгдэж, клубын залууст бензин нийлүүлэх картыг өгсөн байна.
Мөн энэ өдрүүдэд залууст бензиний тусламж үзүүлэх хөдөлгөөнийг jolooch.mn сайтаас эхлүүлсэн байсан ч клубын залуус “Бид хэн нэгнээс тусламж авахыг хүсэхгүй байна. Бидний зөвшөөрөлгүй ийм зүйл хийхгүй байхыг хүсье. Тэр дундаа мөнгөн тусламж хэрэггүй” хэмээн эсэргүүцсэний дагуу арга хэмжээг зогсоожээ.
“Монголын Ланд Круйзер” клубын 19 машин, 42 гишүүн аврах ажиллагаанд оролцжээ
Өнгөрөгч өдөр энэхүү авран туслах үйл ажиллагаанд сайн дураараа нэгдэхээ илэрхийлсэн клуб бол “Монголын Ланд Круйзер” клубынхан байсан юм. Тэдний хувьд аврах үйл ажиллагаанд 19 машин, 42 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсон байна. Клубынхан онцгой нөхцөлд өдөр, орой гэх хоёр ээлжинд хуваагдан үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэдний цахим хаягаар тусламж эрсэн хүмүүсийн мэдээлэл их ирж байсан гэнэ. Тодруулбал, тухайн өдрүүдэд буяны ажилд явж байсан олон иргэн цасанд саатсан байсан. Тэдгээр иргэдийн заримтай нь бид холбогдож, тодруулга авсан юм.
Т.Пүүжээ гэх фэйсбүүк хаягтай эрхэмтэй холбогдоход “Тухайн үед Багахангай дүүргээс буяны ажилд явсан 7 машин 43 хүн ямар ч холбоогүй болсон. Цаг муудаж, холбоо тогтоож чадахгүй болсон учраас тус клубын залуустай холбогдоход маш шуурхай арга хэмжээ авч 1 цагийн дараа гэхэд Баянзүрхийн товчоон дээр зургаан машин гаргахаар болсон. Яг тэрхүү шийдвэрийг гаргасны дараа Багахангайн Онцгой байдлын албанаас эрлийн баг гаргасан учраас түр хүлээж бай гэсэн. Тун удалгүй хүмүүс маань олдож, бидэнтэй холбоо барьсан тул бид “Монголын Ланд Круйзер” клубын залууст дуулгасан. Цаг агаарын аюултай үзэгдлийн үед ард иргэдийнхээ төлөө бүхий л зүйлээ зориулж байсан залуустаа баярлалаа” гэлээ.
Их хэмжээний цас орсон эдгээр өдрүүдэд Онцгой байдлын албан хаагчид, авто машинтай залуусаас гадна хамгийн их хөдөлмөрлөсөн хүмүүс бол ТҮК-ийн ажилчид. Тэдний хувьд цаг алдалгүй зам, талбайг цэвэрлэж байсан. Тэгвэл өчигдөр Монголын субару сонирхогчдын группын хэсэг залуус зам дээр ажиллаж буй 100 гаруй хүнд халуун аарц, цай, кофе, хуурай идэх юм хүргэн өгч, ажилд нь туслаж, зам, талбайг нь цэвэрлэсэн байна.
Энэ мэтээр цаг агаарын онцгой нөхцөл байдалд залуус маань хэрхэн нэгдэж, нэгэн зорилгын төлөө зүтгэж, амжилтад хүрч болдгийг харуулсан өдрүүд өнгөрлөө. Энэхүү олныг хамарсан аврах үйл ажиллагаа олон нийтэд зөв мессежийг хүргэж чадлаа гэж олон нийт үзэж байна.
О.Шинэтуяа
Эх сурвалж: MNB.mn
URL: