Н.Энхбаяр Монголын Ассанж болоосой
Үйл хэрэг, үйлдлээрээ хожим дурсагдах нэрээ патентжуулдаг дэлхий нийтэд тогтсон жишиг бий. Гол нь үүнийг суутнуудтай андуурахгүй байх ёстой. Хар арьстан нэг нөхөр 10 гаруй хүнийг гудамжинд буудаж унагаад л “Вашингтоны мэргэн бууч” гэж түүхэнд үлдэж байна.
Гэтэл энэ мэргэжлийг эзэмшсэн хэдэн мянган америк цэрэг өнөө хэр ингэж дуудуулж чадахгүй буугаа үүрээд л гүйлдэж байна. Хижээл насны европ эмэгтэй энэ бөмбөрцгийн зургаан тэрбум гаруй хүний урд гишгэж нарыг “хувьдаа” авч чадлаа. Бан Ги Мүн, Барак Обама, Бсрлускони гээд их гарууд юу ч хэлсэнгүй. Боломж байсныг түрүүлж харсан учраас хууль ёсны зүйл гэж үзэхээс өөр аргагүй.
Хэд хоногийн өмнө гэхэд л жирийн энэ веб сайтын эзэн Ж.Ассанж гэх залуу дэлхийг шуугиулж, тэр нь их гүрнүүдийн TOП удирдагчдыг өөр хооронд нь муудалцууллаа. Үнэ цэнэ нь үнэн, худалд бус нууцыг ил гаргаж чадсанд оршиж байгаа учраас “Ассанждах” гэдэг шинэ нэр томъёо гарсан ч хэн ч гайхахгүй байх. “Д.Цахилгааны ганц хүү ассанждаад хуулийнханд шалгуулж байгаа” гэж ирээд л ярих юм байна л даа.
Дэлхий нийтийн кибер мэдээллийн нууцад нэвтрэх аргыг олсноороо, олсноо зоригтой дэлгэж чадсанаараа Ж.Ассанж “од” болж байна. Гэхдээ үр дүн нь арай өөрөөр, тодруулбал манайхаас өөр газар байдаггүй гэж боддог байсан “баривчилгаа”-нд тэр өртсөн нь хамгийн уур хүрмээр. Цэвэрхэн байдлаар түүнийг үгүй хийх топуудын санаа байх л даа, энэ бол. Тэгэхгүй бол том, жижиг гэлтгүй дургүйг нь хүргэсэн улсын нууцыг дэлгэж сандаргаад байж магадгүй гэж болгоомжилсон хэрэг.
Гэхдээ л түүний дэлгэсэн нууц материалууд өчигдөрхөн тэврэлдээд сүйд болж байсан G20-ийн хэд хэдэн орны удирдагчийн харилцаанд сэв суулгаж амжлаа. “Чи арай ч дээ. Ийм муухай юм бодож байжээ” гээд л. Түгжилүүд захаасаа ил гараад байна, цаана чинь. Манайд ч одоогийн байдлаар Ж.Ассанжийн Монгол хувилбарт тохирох ганц хүн харагдаад байгаа юм. Энэ бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр.
Тэр бол янз бүрийн кибер, программын мэдлэгтэй, мэдлэггүй угаасаа олон хүний наадах, цаадахыг нэвт шувт мэдэж байгаа. Бараг л амьд файл учраас хэний ямар булхай, луйвар, угаасан мөнгө, угаалгасан гар хөл, унтсан хүүхэн гээд их зүйлийг дотроо хадгалж буй. Тэрийгээ одоо л ассанждвал догь юм болно доо, уг нь. Намайг үнсэнд хаясан шалз шиг орхисон биз дээ гэж байгаад л ар араас нь “но”-г нь дэлгэх хэрэгтэй. Юун МАХН, бас түр штаб, ард түмэнд төлөх өр вэ. Хамгийн гоё төлөвлөгөө энэ байгаа биз дээ, Н.Энхбаяр ассанж болвол…
URL: