АТГ-ыг харлуулах сонирхол
Улстөрчдийн эрх ашиг хуулиас гажаад ирэхээр түүнийгээ хамгаалахын тулд АТГ-ын хүчнийг сарниулах гэж оролддог болов.
Сонгууль ойртох тусам сонин содон, сонирхолтой өнгө төрх бас эдцэв захиалгат жагсаал цуглаан, акц өрнүүлдэг нь Монголын нийгэмд эртнээс тогтсон жишиг. Заримдаа үүнийг “Хаврын синдром” гэж нэрийдэх нь ч бий. Жишээ нь, МАХН-ын дэргэдэх Ардчилал шударга ёс Монголын залуучуудын холбоог дурдаж болно. Ямар үйл ажиллагаа өрнүүлдэг, тэр нь нийгмийн аль хэсгийг хамардаг эсэх нь тодорхойгүй тус холбооны залуус Авлигатай тэмцэх газрыг боорлох болсоор удав. Намын удирдлагуудтай нь холбоотой хэрэг сөхөгдөөд эхэлмэгц Авлигатай тэмцэх газарт албан шаардлага хүргүүлэв.
Ингэх шалтгаанаа МАХН-ын удирдлагуудыг эзлж дараалан баривчилснаас үүдсэн гэх. Үндэслэлээ тус газрыг улс төрийн захиалгаар, дан ганц МАХН-ын гишүүдийг намнаж эхэлсэнтэй холбон тайлбарлав. Араас нь ‘Тусгаар тогтнол”-ын талбайд жагсаал зохион байгуулан хэлмэгдүүлэлгийн үеийн дүр төрхийг санагдуулам хувцас малгайгаар ижилссэн залуус эгээтэй л кино зураг авч байгаа мэт аяглав.
Дээлийг нь нөмрүүлсэн залууст буу тулган зогсох ногоон малгайтнуудыг одоогийн АТГ-тай жишиж, улстөрийн хэлмэгдүүлэлтээ зогсоохыг шаардсан төдийлөн байгаа оноогүй. Хэн нэгэн улстөрчийг шалгаад эхлэхээр захиалгаар ажилладаг гэсэн шүүмжлэлийн бай болдог нь Авлигатай тэмцэх газрыг байгуулснаас хойш бий болж, өнөөг хүртэл дагасаар ирсэн хардлага.
Анх аварга загастай бус жараахайтай тэмцдэг хэмээх шүүмжлэл дагадаг байсан ч өнгөрсөн хугацаанд өрнүүлсэн гүйцэтгэх ажиллагаанаас харахад дийлэнх нь төрийн өндөр албан тушаалтнуудтай холбогдсон нь нэгийг өгүүлэх мэт. Угаас авлигатай тэмцэнэ гэдэг амаргүй ажил. Тэр тусмаа хуулийн цоорхойд дөрөөлөн татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь халаасалж суудаг мөртлөө өөрсдийгөө уснаас хуурай гаргаад дадчихсан улстөрчидтэй тэмцэл өрнүүлэх нь баргийн хүний хийх ажил биш.
“МИАТ”-ийн, “Цэвэр агаар сан”-гийн, МАХН-ын дарга Н.Энхбаярын, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын гээд төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргийг зүгээр ч нэг гаргаж ирээд хэн нэгнийг хэлмэгдүүлчихээгүй. Улстөрчдийн өөрсдийнх нь баталсан хууль дүрмийг зөрчсөн, улсад их хэмжээний хохирол учруулсан, эсэхийг АТГ-аас ном журмынх нь хүрээнд шалгаж тогтоосон хэрэг. Улмаар баримт, нотолгоонд үндэслэн яллах дүгнэлт үйлдсэнийг нь прокуророос хянаад эцсийн байдлаар шүүхэд шилжүүлснийг хуулийн хүрээнд шийдвэрлэдэг.
Тэгэхээр АТГ-ыг ногоон малтгайтнуудын үеийг санагдуулсан аймшгийн бус ажлаа хуулийн хүрээнд хийж байгаа УИХ-ын дэргэдэх байгууллага гэж харахаас өөр аргагүй юм. Гэвч улстөрчдийн эрх ашиг хуулиас гажаад ирэхээр түүнийгээ хамгаалахын тулд АТГ-ын хүчийг сарниулах гэж оролддог болсны ойрын жишээ МАХН-ын дэргэдэх залуучуудын холбооны үйлдлээс илт харагдах болов.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба ажил үүргээ гүйцэтгэж яваад хууль хяналтынханд саатуулагдсан анхны төрийн сайд болсон. Түүнийг баривчилсан тухай мэдээлэл нам дотор нь тарсан даруйд Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ МАХН-ынхан АТГ-ын үүдэнд очиж судлахыг шаардаж байв. Намын даргынхаа өгсөн үүргийн дагуу санхүүжилт босгож яваад хуулийнханд гардуулсан хэмээн мэдэгдсэн Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулж, МАХН-ын зохион байгуулалт, санхүү хариуцсан нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарыг саатуулаад буй. Санаж байгаа бол МАХН-ын даргыг Шадар сайдад томилж болох, эсэх асуудлаар АТГ-аас Засгийн газарт хүргүүлсэн саналд Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулж сэжигтнээр татан шалгаж буйгаа дурдсан байдаг. Тэгэхээр МАХН-ын залуусын өрнүүлж эхэлсэн жагсаал намын удирдлагуудаа уснаас хуурай гаргах гэсэн хэн нэгний захиалга, АТГ-ын хүчийг сулруулж нийгэмд муухай харагдуулах оролдлого байж болох талтай
Авлигатай тэмцэх газар бол Монголд харьцангуй шинэ байгууллага. Тэгээд ч нийгмийн шаардлага, улстөрчдийн өөрсдийнх нь хүслээр олон жилийн турш ярилцсаны үр дүнд байгуулсан. Харин албан тушаалтнууд асуудалд орооцолдох бүрт хэсэг хүн үүдэнд нь очоод суллахыг шаарддаг, чиг үүрэгт нь нөлөөлөх гэж оролддог энгийн газар биш ээ. Тэгэх ч боломжгүй. Хэрвээ хүссэн болгон тус газарт бичиг цаас хүргүүлэх замаар эрхзүйн чадамжнйг нь сулруулаад байвал АТГ гэсэн байгууллага байх шаардлагагүй болно.
Тэр хэмжээгээрээ олон улсад Монголын нэр хүнд унана. Өнгөрсөн намар баталсан Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын хэргийг хамруулахаар тусгасан нь Ерөнхийлөгчийн хоригт хүлэгдэн хэсэгтээ намжсан. Хэрвээ УИХ-ын олонхоороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй хэвээр нь явуулах шийдвэр гаргасан бол олон улсад муухай харагдаад зогсохгүй авлигын индексээр сүүл мушгих байв. Харин авлига, албан тушаалын хэргийг Өршөөлийн хуульд хамааруулахгүй байх Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан нь МАХН- ын гишүүдийн дургүйг хүргэснээс бус гадаад ертөнцөд эерэг чимээ өгснийг хууль хяналтын байгууллагынхан одоо ч тодотгодог. Үнэхээр ч тийм.
Угтаа бол Өршөөлийн хуулийн зүйлчлэлийг хэвээр үлдээсэн бол АТГ-т шалгуулж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь, Б. Энэбиш, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, Л.Гансүх нар, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан гээд төрийн өндөр албан тушаал хашиж байсан цагаан захтнуудын хэрэг замхрах байв. Үр дүнд нь АТГ-ын үйл ажиллагаа ч бүдгэрэх байлаа. Гэхдээ тийм зүйл болоогүй. Эсрэгээрээ цагаан захтнуудтай холбоотой хэргийг хуулийн гадна үлдээснээр олон улсын авлигын индексийн жагсаалтыг жил бүр гаргадаг “Транспэрэнси интернэйшнл” байгууллагын судалгаагаар 168 орноос 72 байрт жагсах шалтгаан болсон. 2014 онтой харьцуулахад найман байраар урагшилсан нь чамлахааргүй үзүүлэлт. Олон улсад Монголыг авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэж байгааг үнэлж байна аа л гэсэн үг. Ийм атал хамгийн хараат бусаар ажиллах ёстой байгууллага руугаа хүссэн үедээ хэн нэгнийг турхирдаг, өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэхээр улайрч байгаа нь өөрөө буруу жишиг юм. Ялангуяа улс орны хөгжлийн түүчээ болох учиртай залуус нь намын захиалгаар, хэн нэгэн улстөрчийн утсан хүүхэлдэй болж хууль хяналтын байгууллага руу турхирах нь яав ч зөв үйлдэл биш билээ.
С.ГАНДӨЛ “ҮНДЭСНИЙ ШУУДАН”
URL: