Мөрдэстэй бүсгүйчүүд

3-7-3_700x700

Эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө эрчүүдтэй мөр зэрэгцэн зүтгэдэг хууль сахиулах салбарын бүсгүйчүүд олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан  нэгэн дор чууллаа. Тэд бол та бидний амар амгалангийн төлөө тангараг өргөж, эх орныхоо даалгаврыг биелүүлж амсхийх завгүй ажиллаж яваа мөрдэстэй бүсгүйчүүд.

Гэхдээ эдгээр эмэгтэйчүүд эрхийнхээ өдрийг угтаж нэг дор цугларахдаа баяр тэмдэглэхээр биш Хууль сахиулах салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх  зэрэг  олон асуудал хөндсөнийг  Хуульзүйн яамны удирдлага, олон талын эх сурвалжууд ярилцсан юм. Энэ хуралд алс захын баруун, зүүн хязгаар нутгийн торгон хилээ маналцаж яваа хилчин бүсгүй, аймаг сумд хууль сахиулж буй цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөл бүсгүйчүүд оролцсон юм. Өдгөө Хуульзүйн яамны харьяа хууль сахиулах байгууллагуудад 5000 гаруй эмэгтэй албан хаагч ажилладаг юм байна. Тиймээс улс орны өнцөг булан бүрт суугаа бүсгүйчүүдэд энэ удаагийн хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөөр дамжуулан хэлэлцсэн, зөвлөсөн асуудал ямар нэг байдлаар хүрч, тодорхой үр дүн гарна гэдгийг хуралд оролцогчид онцолж байлаа. Нэрийг нь сонсохоос хэтэрдэггүй  дуунд мөнхөрсөн хилийн заставын хар нүдэн бүсгүй, алдар гавъяа нь хэнд ч мэдэгдэхгүй мөртлөө аймаг сумандаа ажил үүргээ нэр төртэй биелүүлж яваа цагдаа эмэгтэйчүүд ирсэн байлаа. Зөвхөн цагдаа, хилчин, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гэхээсээ илүү багш, судлаачид, архивын чиглэлээр ажилладаг бүсгүйчүүд ч иржээ.

 Хууль сахиулах салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо нь нийгмийн амьдралын бүхий л хүрээнд тэгш эрх, тэгш байдлыг хангах  хууль зүйн салбарын тэргүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд нөлөө үзүүлэх гол хүчин зүйл болдог. Тиймээс Хууль зүйн сайд Д.Дорлигжав салбарын үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо өндөр ач холбогдолтойг онцолж байсан юм. Тэрээр “Хуульзүйн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж бодлого болгож ажиллах ёстой. Иргэншсэн нийгмийг төлөвшүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог түлхүү байлгах шаардлагатай. Манай салбарт эмэгтэйчүүдийн оролцоо 20 орчим хувь байгаа нь төдийлөн их биш. Ялангуяа Хилийн цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тэр болгон эмэгтэйчүүд ажиллах боломж бага. Хурлаараа ахуйн хүрээ, байгууллага, салбарын хүрээнд шийдвэрлэх асуудлыг ялгаж салгаж бодлогын баримт бичиг болгож гаргаж ирэхээр өөрсдөөр нь хэлэлцүүлж байна” гэлээ. Мөн тус яамны ТНБ-ийн дарга Ж.Баярцэцэг, УИХ-ын гишүүн С.Оюун, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт, НҮБ-ын төлөөлөгчид энэ хуралд хүрэлцэн ирж, Хүчирхийллийн эсрэг тэмцэхэд эмэгтэйчүүдийн үүрэг роль, Энхтайван ба аюулгүй байдлын асуудалд эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг олон талт, өргөн хүрээтэй сэдвээр бүсгүйчүүдтэй ярилцсан юм. Хууль зүйн яамны харьяа Хууль сахиулах байгууллагуудад ажилладаг нийт эмэгтэйчүүдийн  57 хувь нь цолтой, 43 хувь нь энгийн байгаа зэрэг тулгамдаж буй асуудлын талаар ТНБД Ж.Баярцэцэг “Жендерийн тухай хуулиар эмэгтэйчүүдийн оролцоог 40-өөс доошгүй хувь гэж зааж өгсөн ч бодит байдал дээр маш бага байгаа. Дийлэнх эмэгтэйчүүд төрийн захиргааны туслах дэмжих чиг үүрэгтэй ажилладаг. Цагдаагийн байгууллагад гэхэд тавхан эмэгтэй хурандаа байна. Энэ бол хувь хүнээс шалтгаалахгүй хууль журам, байгууллагын соёл хандлагатай холбоотой. Хүчний байгууллагад эмэгтэй хүн ажилласнаар илүү иргэдэд үйлчлэх эерэг талтай гэсэн судалгаа бий. Энэ юунаас болов гэдгийг цол олгох журам гэдэг ч юмуу, олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй” гэлээ. Энэ үеэр хөдөө орон нутгаас зорьж ирсэн бүсгүйчүүдийн сэтгэгдлийг сонссон юм.

ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ЭМЭГТЭЙ АЛБАН ХААГЧИД ЭРЧҮҮДТЭЙГЭЭ АДИЛХАН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ

3-7-4a1_700x700Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, хошууч Г.Болормаа:

-Сүүлийн жилүү­дэд гэр бүлийн хүчир­хийлэлтэй холбоотой гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад их ирж байна. Үүнтэй холбоотойгоор энэ асуудлыг эмэгтэй албан хаагчаар шалгуулах бодлого баримталж байгаа. Мөн урьдчилан сэргийлэх, тэмцэх асуу­далд цагдаагийн байгууллага дангаараа ажиллахад бэрхшээлтэй байдаг учраас төрийн болон төрийн бус бай­гууллагатай хамтардаг. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн шинэчлэл шаардлагатай байгаа. Хууль сахиулах салбарт ажиллаж байгаа эмэгтэй албан хаагчдын дуу хоолойг сонсч байгаад талархаж байна. Хө­дөө орон нутагт эмэг­тэй албан хаагчид эрчүүд­тэйгээ адилхан үүрэг гүйцэтгэдэг. Цагдаагийн байгууллагад гэхэд төрийн албанд ажиллах эмэгтэй, эрэгтэй албан хаагчдын ажиллах хуга­цаа, цол олгох, тушаал дэвших зэргээс эхлээд шинэчлэх асуудал байгааг өнөөдрийн зөвлөгөөнөөр ярилцаж байна.

ХИЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД ОЛОН БАЙДАГ Ч ЦЭРГИЙН ЦОЛТОЙ НЬ ЦӨӨХӨН

3-7-4a2_700x700Хилийн 0130 дугаар ангийн дэслэгч Г. Нямгэрэл:

-Манай анги эх орны­хоо баруун зах хязгаарыг хамгаалж байдаг. Хил хамгаалах байгууллага 14 баатартай бол 10 нь энэ ангиас төрөн гарсан 80 гаруй жилийн түүхтэй ууган отряд. Хилчин эмэгтэйчүүд олон байдаг ч цэргийн цолтой нь цөөхөн байдаг.Цэргийн хүүхнүүд эрчүүдтэйгээ адилхан жижүүрт гарна, харуул манаандаа явна гээд тушаалын дагуу бүх ажлыг гүйцэтгэнэ. Харин энгийн бүсгүйчүүд хоол цай, гээд ар талын бүх ажлыг хийдэг. Хилийн заставын бүсгүйчүүд бие бүрэлдэхүүний хувцас, бээлий оёх гээд гол ажлыг нугалдаг. Миний хувьд сэтгүүлч мэргэжилтэй ч гэр бүлийнхээ хүнийг дагаад хилийн ангид очиж огт өөр мэргэжлээр ажиллаж байна. Дэлхий даяаршиж байгаа энэ үед хөдөөгийн буйдхан газарт хилчин эмэгтэйчүүд ажиллаж амьдарч байна. Хилийн ангид эмэгтэйчүүдийн оролцдоггүй ажил нэг ч байхгүй, тасралтгүй үргэлжилж байдаг. Хилчин эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлэх олон ажил хэрэгжиж, холбоо зөвлөл ажиллаж байна. Аль нэг гэр бүл хоорондоо зөрчилдсөн ч түүнийг эвлэрүүлэх тал дээр ажиллах зэргээр соёл хүмүүжлийн олон ажил зохион байгуулдаг. Бид  төрөл бүрийн цагаан идээ, гар урлал хийдэг. Интернэтээс хайж байгаад сүүлийн үеийн торт, хоолны жор гээд ямар шинэ сэргэг зүйл гарч байна бүгдийг хийж сурч байна. Эсгий урлалыг түлхүү хөгжүүлж заставын хоёр бүсгүй төсөл бичиж тоног төхөөрөмжийг нь аваад хувийн аж ахуй эрхэлж, бизнзесээ өргөжүүлж тогтмол орлоготой болж  байна.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих