Ц.Оюунбаатар: Төсвөө зөв зарцуулж чадвал эмнэлгийн тусламж, үйлчилгээ сайжирна
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд,Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ЭМСЯ-наас “Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэндийн салбар” сэдэвт эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөнийгзохион байгууллаа. Энэ удаагийн зөвлөгөөн гурав хоног үргэлжилсэн, олон чухал асуудлыг хэлэлцсэн байх?
-Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай. Энэхүү зөвлөгөөнөөр салбарын хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажлаа тодорхойлж, өнгөрсөн оныхоо үйл ажиллагааны үр дүн, гэрээний биелэлтийг дүгнэн цаашид хийх ажил, анхаарах асуудлаа хэлэлцдэг. Тиймээс бид энэ зөвлөгөөнөөр 2015 онд эрүүл мэндийн салбарт олсон амжилт, хийж гүйцэтгэсэн ажил, цаашид хэрэгжүүлэх бүтээлч ажлуудаа хэрхэн хэрэгжүүлэх, түүнд бүх түвшний эрүүл мэндийн байгууллагын анхаарах асуудлын талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцон, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Миний бие Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгчийн хувьд энэхүү зөвлөгөөнд Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын биелэлт, 2015 онд эрүүл мэндийн салбарын хийж гүйцэтгэсэн ажил, эрүүл мэндийн салбарын цаашдын зорилт болон 2016 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, салбарынхаа нийт удирдах ажилтнуудтай уулзаж ярилцан, санал бодлоо солилцлоо. ,
- Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтыг олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалт гэж ойлгож болно. Өнгөрсөн онд дэлхийн олон улс орон энэхүү зорилт, зорилгоо дүгнэсэн. Манай улсын биелэлт хэр байв. Эрүүл мэндийн чиглэлээр дэвшүүлсэн бүх зорилтууд биелсэн үү?
-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2000 оны чуулга уулзалтаар дэлхийн 189 орны төр, засгийн тэргүүн нар цуглаж, “Мянганы хөгжлийн тунхаглал” хэмээх түүхэн баримт бичгийг хамтран боловсруулж, түүнд дэлхийн улс орнуудын өмнө тулгараад байгаа нэн тэргүүнд анхаарлаа хандуулан шийдвэрлэвэл зохих асуудлыг тодорхойлж, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааны зорилго, зорилтыг санал нэгтэй баталсан. Энэ тунхаг бичигт хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр нийт гурван зорилго, дөрвөн зорилтыг дэвшүүлэн тавьсан байдаг. 2015 он бол дэлхийн улс орнууд энэхүү түүхэн тунхаг бичгийнхээ хэрэгжилтийг үнэлж дүгнэх түүхэн цаг үе байлаа. Энэ цаг үед Монгол Улс Мянганы хөгжлийн зорилт тэр дундаа хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр дэвшүүлсэн зорилтоо бүрэн биелүүлсэн есөн орны нэг болсон. Энэхүү амжилт нь Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйлст өөрийн чин хүсэл эрмэлзлэлтэй хүчин зүтгэж яваа 40-өөд мянган эрүүл мэндийн салбарын ажилтан төдийгүй бидэнтэй хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа ихээхэн чухал нөлөө үзүүлсэн гэдгийг тэмдэглэж байна.
-Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудал олон. Энэ зорилго, зорилт дунд эх, хүүхдийн эндэгдэл, ХДХВ/ДОХ-ын тархалт, сүрьеэ өвчний халдвар гээд анхаарал татсан олон асуудал багтсан байх. Хот, хөдөөд эдгээр асуудалд хэр анхаарч ажиллав. Та тодорхой тоо баримт дурьдах боломж байна уу?
-Монгол Улс 2015 он гэхэд эхийн эндэгдлийг дөрөвний гурваар буюу 100000 амьд төрөлтөд 50 хүртэл бууруулах, тав хүртлэх насны хүүхдийн эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 21, нялхасын эндэгдлийг 15 хүртэл бууруулах зорилтыг тус тус дэвшүүлсэн. 2015 онд эхийн эндэгдэл 1990 онтой харьцуулахад найм дахин буурч, 1990 онд 1000 амьд төрөлтөд ногдох тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 87.5, нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 63.4 байсанболэнэ үзүүлэлт 2015 онд тав хүртлэх насны хүүхдийн эндэгдлийн хувьд 18.3, нэг хүртэлх насны хүүхдийн хувьд 15.3 хувь болж даруй дөрөв дахин буураад байна. Ялангуяа, Говь-Сүмбэр аймаг 13 жил, Булган аймаг 12 жил, Дорноговь, Дундговь аймаг 10 жил, Өмнөговь, Төв аймаг есөн жил, Увс аймаг найман жил тус тус эхийн эндэгдэлгүй ажилласан байна. Мөн 2015 он гэхэд ХДХВ/ДОХ өвчний халдварыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх зорилтын хувьд, манай улс Хүний дархлал хомсдолын вирусын халдварын тархалтын түвшин нийт хүн амын дунд 0.1 хувиас бага байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд тархалт эрсдэлт бүлгийн хүн амын дунд нэмэгдэн 12.0 хувь болж, хүний дархлал хомсдолын халдвар эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд шилжин ороод байна. 2015 он гэхэд сүрьеэгийн тархалтыг бууруулах зорилтын хүрээнд сүрьеэгийн тархалтын түвшин, сүрьеэгээс шалтгаалсан нас баралт зэрэг шалгуур үзүүлэлт Мянганы хөгжлийн зорилтод хүрч чадсан ч манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн орнуудаас сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон орны тоонд багтсаар байна.
-Эрүүл мэндийн салбарт он дамжин хэлэлцэж буй хуулийн төсөл олон бий. Он гарсаар заримыг нь шинээр мөрдөж эхэллээ. Энэ талаар та тодорхой мэдээлэл дуулгаач?
-Энэ их чухал асуулт байна. Өнгөрсөн жилийн хугацаанд эрүүл мэндийн салбар хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрүүл мэндийн салбарын төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний хувьд эмчилгээ оношилгооны шинэ арга, техник, технологийг нэвтрүүлэх, эм зүйн дэмжих үйлчилгээний хувьд эмийн чанар, аюулгүй байдлыг хангах тал дээр түлхүү анхаарч ажиллалаа. Тухайлбал, 2016 оны хоёрдугаар сард УИХ-аар “Эрүүл ахуйн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг батлуулан, энэ сарын 29-нөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлж байна. Мөн “Эмнэлгийн тусламжийн тухай хууль”, “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-ийг УИХ-аар хэлэлцүүлж, “Биеийн тамир спортын тухай хууль”, “Нялх, балчир насны хүүхдийн хоол тэжээлийн тухай хууль”, “Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хууль”-ийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газраар батлуулан төслийг боловсруулан ажиллаж байна. 2015 онд батлагдан гарсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор тус хуулийг дагалдан гарах эрх зүйн баримт бичгүүд болох хөнгөвчлөх тусламж үйлчилгээний журам, өдрийн эмчилгээний журам, эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр өртөг бүхий зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн зардлыг санхүүжүүлэх, хяналт тавих журмыг тус тус батлан гаргалаа. Энэ хуулийн хүрээнд дагалдан гарах журам хэрэгжихтэй холбоотойгоор 40 гаруй тэрбум төгрөгийг зарцуулахаар Эрүүл мэндийн даатгалын 2016 оны төсөвт тусгаад байна.
-Төсөв мөнгө гэснээс өнгөрсөн жил эрүүл мэндийн салбарын төсвийг танасан. Үүнээс болж эмнэлгүүд эм тарианы нөөцгүй болох нь. Зарим эмээ зээлээр авч байна гэж байсан. Энэ асуудлыг яаж зохицуулав. Эрүүл мэндийн салбар өр ихтэй он давсан уу. Мөн энэ онд төсөв нэмэгдэж батлагдаж чадсан уу?
-2015 он улс орны хувьд эдийн засгийн хямрал үүсч төсөв, санхүүжилтийн хувьд хангалттай бус байсан. Гэсэн ч улсын хэмжээнд томоохон эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд 2015 оны хагас жилийн байдлаар үүсээд байсан 7.3 тэрбум төгрөгийн эмийн өрийг тэглүүлж, 2015 оны эмийн төсөв 60 тэрбум байсныг 13.7 тэрбумаар нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласан нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэхэд ихээхэн чухал алхам болсон. 2016 онд эмийн төсвийг нийт 86 тэрбум төгрөг болгон батлуулсан нь өнгөрсөн жилээс даруй 13 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Ийнхүү бид төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэн ажиллах нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой хэдий ч нөгөө талаас төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах тал дээр эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг цохон тэмдэглэхийг хүсч байна.
2015 онд нийт 71.3 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтад зарцуулсны 66.8 хувийг эрүүл мэндийн салбарт шинээр баригдах барилгад 26.3 хувийг тоног төхөөрөмжийн зардалд зарцуулсан байна. 2016 онд эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт 76 орчим тэрбум төгрөгөөр батлагдаж, 2015 онтой харьцуулахад их засварт зарцуулах хөрөнгө оруулалтын хувь 26 хувиар нэмж батлагдсан. Сүүлийн 10 жилд Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ үлэмж нэмэгдэн ялангуяа төсвийн хөрөнгө оруулалт 10 дахин нэмэгдсэн бөгөөд хөрөнгө оруулалтыг зохистой төлөвлөх, үр ашигтай зарцуулах, хяналт тавих хэрэгцээ урьд өмнөхөөсөө с илүү чухлаар тавигдаж байна. Яагаад гэвэл, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнд төлөвлөж буй санхүүжилт туйлын хангалтгүйн улмаас энэ чиглэлээр батлагдан гарсан хөтөлбөр, стратеги зарим тохиолдолд цаасан дээр хэрэгжих төдий нөхцөл байдал үүсээд байна. Мөн эрүүл мэндийн салбарын төсөв, санхүүжилтийн ихэнх хувь нь зөвхөн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээнд зарцуулагдаж, алсдаа үр өгөөж өндөртэй, үр дүн нь харьцангуй удаан хугацаа шаардлагатай байдаг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах төсөв үндсэндээ орхигдож салбарын нийт төсвийн дөнгөж 20 хүрэхгүй хувийг эзэлж байна. Харин 2016 онд сумын эрүүл мэндийн төвөөс нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнд зарцуулах төсвийг нэмэгдүүлж 1.5 тэрбум төгрөг батлагдсан. Бид цаашид нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг жил бүр нэмэгдүүлэн ажиллах болно гэсэн бодолтой байна.
-Он гарсаар эрүүл мэндийн салбарын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хэвлэлээр гараагүй. Тиймээс энэ салбарын хүрээнд хийгдэж байгаа олон чухал ажлуудыг онцолж асуумаар байна. Өнгөрсөн онд монголчууд бид гурван саяуулаа болсон. Хот, хөдөөд төрөх эмнэлгүүдийн хүрэлцээ хангамж хэр байв?
-2015 он бол Монгол улс 3 сая дахь иргэнээ өлгийдөн авсан түүхэн тэмдэглэлт үйл явдал бүхий он байлаа. Монголчууд бидний ярьдагаар “Хүн нэмбэл хүнс нэмнэ” гэдэг шиг бид 3 саяулаа болж байгаа нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудал ч гэсэн давхар нэмэгдэж байна гэсэн үг юм. 2015 онд Сүхбаатар аймагт 50 ортой амаржих газар, Нийслэлийн “Амгалан” амаржих газрын шинэ байр, “Өргөө” амаржих газарт 25 ортой “Нярайн эмгэг”-ийн тасаг зэргийг ашиглалтад оруулж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн “Нярайн тасаг”-ийг төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр засварлан, тоног төхөөрөмж суурилуулж дэлхийн жишигт нийцсэн тусламж, үйлчилгээг үзүүлэх нөхцөл боломж бүрдүүлэн ажиллалаа. Мөн 21 аймагт “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ”-ний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Өмнөговь аймгийн Ханбогд, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын эмнэлэгт “Өсвөр үе залууст ээлтэй клиник” байгуулан ажиллалаа.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн шинэ дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх, бусад улс орнуудтай харилцан туршлага солилцох үйл ажиллагааны хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод “Монгол-Хятадын анхдугаар экспо” үзэсгэлэн зохион байгуулж цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллахаар болсон.
-Эрүүл мэндийн салбарт хийгдсэн бас нэг сайшаалтай ажил бол элэгний С вирусыг устгах харвони эмийг Монголд оруулж ирсэн. Одоогоор хэчнээн хүн энэ эмийг хэрэглээд байна вэ?
-Монголд Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Импортын эмийн болон хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2015 онд нийт 1000 гаруй эмийг улсын бүртгэлд бүртгэсний 50 гаруй хувийг уламжлалт эмийн бүртгэл эзэлж байна. Мөн элэгний С вирусыг эмчлэх эмчилгээний 90 гаруй хувийн өндөр үр дүнтэй Харвони эмийг бүртгэж эмчилгээ үйлчилгээнд нэвтрүүлэн өнөөгийн байдлаар нийт 1000 гаруй хүн энэхүү тусламж үйлчилгээнд хамрагдаад байна. Мөн энэ дашрамд дуулгахад, 2015 онд эмийн чанар аюулгүй байдалд анхаарлаа хандуулан Эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг үр дүнтэй нэвтрүүлэх зорилгоор Үндэсний GMP-ийн батламжийг анх удаа Айвико тарилгын шингэний үйлдвэрт олголоо. Мөн Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн харьяа Эмийн хяналтын лаборатори нь олон улсын стандартын шаардлага хангасан байгууллага болж, ISO/IES1702:2005 гэрчилгээг гардан авсан нь цаашид эмийн чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулахад ихээхэн чухал дэмжлэг болсон.
-Та эрүүл мэнд, спортын салбарыг хариуцсан өдрөөсөө сахилга хариуцлага, дэг журмыг чанд сахин ажиллахыг нийт салбарынханд үүрэг болгож байсан. Хэдийгээр сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод удаагүй байгаа ч үүнийгээ ажил хэрэг болгох ямар ажлуудыг хийж байна вэ?
-Энэ тушаалыг миний бие 2015 оны арваннэгдүгээр сарын 26-нд баталсан. Өнөөдрийн байдлаар манай салбарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг мэргэжил дээшилж, тоног төхөөрөмжийн хувьд харьцангуй олон улсын түвшинд ойртсон ч эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тал дээр хангалтгүй байгаа. Цаашид энэ асуудалд илүү анхаарал хандуулах шаардлагатай ыайгааг иргэдээс ирсэн санал, гомдлоос харж болно. Өөрөөр хэлбэл, бид тусламж талдаа илүү анхаарч үйлчилгээ талаа орхигдуулсан тал байгааг цаашид анхааран ажиллах шаардлагатай байна. Энэ тушаалын хэрэгжилтэд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар “Дотоод аудит, үнэлгээ” хийгдэж ажлын хэсгийн гишүүд газар дээр нь очиж үнэлгээ дүгнэлтээ гаргасан. Үнэлгээгээр эрүүл мэндийн байгууллагууд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж, мэдээллийг хуулийн хугацаанд ил тод мэдээлж хэвшсэн бөгөөд байгууллагын батлагдсан төсөв, санхүүгийн тайлан, сар улирлын мэдээллийг байгууллагын самбарт тогтмол тавьж хэвшсэн. Мөн санал хүсэлтийн хайрцгийг тасаг нэгж бүрт байршуулсан, иргэдийн үйлчилгээний танхимыг шинээр зохион байгуулж тэдний ая тухтай байдлыг хангах тал дээр анхаарч ажилласан зэрэг эерэг өөрчлөлтүүд гарсан байна. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд цаг ашиглалтын байдалд тавих хяналтыг сайжруулан дотоод хяналтыг эрчимжүүлж эхэлсэн байна. Ялангуяа авлигаас ангид байх ашиг сонирхлын зөрчилгүй байх зэрэг үйл ажиллагааны хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт сурталчилгааг олон төрлөөр хийж эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн харилцаа хандлагыг сайжруулах хугацаат аян, өдөрлөг, ижил мэргэжилтний үзлэг зэргийг зохион байгуулсан байна. Мөн олон улсын болон төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэн эмчилгээ оношилгооны шинэ арга технологийг нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдээ сургах, байгууллага, хамт олноо сурталчлах тал дээр идэвхи санаачлагатай ажилласан гэх зэрэг таатай мэдээлэл байна.
Тиймээс энэхүү тушаал зөвхөн нэг удаа богино хугацаанд хэрэгжээд өнгөрөх бус 2016 онд ч гэсэн хүчин төгөлдөр мөрдөгдөх болно. Иймд уг тушаалын хэрэгжилтийн тасралтгүй байдлыг ханган ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын дарга удирдах ажилтнуудад зөвлөгөөний үеэр ч бас анхааруулсан.
-Ярилцлагынхаа төгсгөлд, 2016 онд эрүүл мэндийн салбар ямар зорилтуудыг хэрэгжүүлэхээр дэвшүүлсэнийг сонирхъё?
-Бид 2016 онд Монгол улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэг бодлогын томоохон баримт бичгүүдийн хэрэгжилтийг ханган ажиллана. 2016 онд хууль эрх зүйн орчны шинэчлэлийг үргэлжлүүлэн хийж УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хуулиудыг батлуулах тал дээр түлхүү анхаарч ажиллахаас гадна “Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг боловсруулан батлуулахаар төлөвлөж байна. Мөн Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулах, хүн амын хоол тэжээл, өрхийн хүнсний хэрэглээ, хүн амын эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх үндэсний судалгааг зохион байгуулах, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулах, Сонгинохайрхан дүүрэгт загвар нэгдсэн эмнэлэг байгуулж эхлэх, эмийн чанар аюулгүй байдлын цахим мэдээллийн тогтолцоог нэвтрүүлэх, эм эмнэлгийн хэрэгслийн худалдан авах ажиллагааг боловсронгуй болгон эмийн төвлөрсөн худалдан авалтыг зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ барилга байгууламжийн бүртгэлийн программ хангамж нэвтрүүлэх гэх мэт нэлээд олон үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: