Баян-Өлгийд А.Бакей, А.Тлейхан, А.Алаубек…

1f2dsf2sd

Энэ жилийн УИХ-ын сонгуульд Баян-Өлгий аймагт нэр дэвшихээр горилж буй эрхмүүдийг онцлов. Сонгуулийн хоёрдугаар тойрог болох тус аймаг хоёр мандаттай. Одоогийн парламентад АН-аас А.Бакей, МАН-аас А.Тлейхан нар казах түмнийг төлөөлөн сууж буй.

Энэ жилийн сонгуулиар тус тойрогт гол өрсөлдөөн АН, МАН-аас гадна МАХН-ын нэр дэвшигчийн дунд болох бололтой. Учир нь эдгээр намын гишүүд рейтинг өндөр байгаа гэх.

Нэр дэвшихээр горилж буй эрхмүүдийг нам тус бүрээр нь тоочвол АН-аас УИХ-ын гишүүн А.Бакейг хамгийн түрүүнд нэрлэж болно. Түүнийг нутгийнхан нь андахгүй бөгөөд дахин нэр дэвших нь тодорхой байна. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажилласан. Намын гишүүд дэмжигчдийнхээ дунд ч боломжийн нэр хүндтэй нэгэн.

АН-ын нөгөө нэр дэвшигч нь аймгийн Засаг дарга Х.Дармен болон Зам тээврийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Ержан хоёрын нэг байх болов уу.  Х.Дармен нь аймгийн намын хороогоо удирддаг, Х.Ержан өмнө нь аймагтаа МАН-ын эсрэг жагсаал цуглаан зохион байгуулж намдаа тоогдож, хотод ирж дэд сайд гэх улс төрийн өндөр албан тушаалд дэвшин ажиллаж байсан юм.

Харин МАХН А.Алаубек гэдэг гишүүнээ Баян-Өлгийд өрсөлдүүлэх сурагтай. Тус нутгийн унаган хүү тэрээр өнгөрсөн есдүгээр сард Аж үйлдвэрийн дэд сайдад намаасаа нэр дэвшиж байсан юм. Баян-Өлгийдөө танигдсан бизнесмен төдийгүй нэлээд өндөр боловсролтой хэмээн хэвлэлд онцолж байсан. А.Алаубек нь хэрэглээний математикч мэргэжилтэй, МУИС болон Удирдлагын Академид багшилж байсан. Герман, Голланд улсад суралцаж, байгалийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. 2013 оноос “Дакал Фарма” компанийн орлогч захирал мөн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа аж.

Харин МАН-аас Баян-Өлгийд нэр дэвших сонирхолтой хүн олон. УИХ-ын гишүүн А.Тлейхан, сүүлд Аж үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан, экс гишүүн Х.Баделхан, мөн Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд асан Ж.Сауле, Баян-Өлгийн МАН-ын дарга Г.Султан гэх мэт нэр дэвшихээр горилогчид бий. Тэднээс А.Тлейхан гишүүн нутагтаа рейтинг нь өндөр, тэр хэмжээгээр нэр дэвших магадлалтай гэнэ. Ийн 2016 оны УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог-Баян-Өлгийн хоёр мандатын төлөө АН-ын А.Бакей, МАН-ын А.Тлейхан, МАХН-ын А.Алаубек болон бусад нэр дэвшигч өрсөлдөх болно.

М.Цэцэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих