Ноолуур “ногоон”-ыг номхотгож чадах уу?
Долларын ханш: Ноолуур “ногоон”-ыг номхотгож чадах уу?
Ноолуураа борлуулаад оюутныхаа сургалтын төлбөрийг төлчихдөг, хашаа хороо, гэр орноо сэргээж өнгө нэмдэг цаг малчдын хувьд ард хоцров уу. Одоогоос тавхан жилийн өмнө ноолуураа кг-ийг нь 70000-80000 төгрөгөөр бодож хятадуудад худалддаг байсан бид өнөөдөр энэ үнэ 30000 төгрөгөөс доош орохгүй байгаасай гэж залбирч байна.
Тэгвэл яг энэ цаг мөчид зарим хүн ноолуураар дамжин орж ирэх валют ам.долларын ханшийг бууруулах зэвсэг болж мэдэх юм гэсэн хүлээлт, найдлага хослуулан байна. Гэвч хонгилын үзүүрт гэрэл байгаа эсэхийг хэлж чадах нэгэн одоогоор алга.
НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ХЯМРАЛ
Үнэн хэрэгтээ дээд зиндааныхны гоёлын салшгүй нэг хэсэг болсон цагаан алт өөрөө тэсч үлдэх эсэхийн эргэлзээн дээр дэнжигнэж байна. Санхүү, эдийн засгийн хямрал, дэлхийн цаг уурын өөрчлөлт нь энэ зах зээлийг удирдах боломжгүй болгож байгааг дэлхийн хэвлэл мэдээллийнхэн онцолж байна.
Яагаад гэвэл барууныхны зовниж буйгаар дэлхийн цаг уурын өөрчлөлт нь ноолуурын нийлүүлэлтэд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл болжээ. Цаашид энэ байдал улам бараантах төлөв ч ажиглагдаж байна.
Өнөөдөр ноолууран бүтээгдэхүүн дэлхийн тансаг зэрэглэлийн зах зээлийн нийт эргэлдэж буй 60 тэрбум еврогийн дөрвөн тэрбумыг нь дангаараа бүрдүүлж байна. Гэвч энэ зах зээл байгалийн болоод санхүүгийн дарамтан дор хүлэгдэж буй. Дэлхий дахинд жилдээ 15-20 мянган тонн ноолуур хураан авч түүнээсээ 6500 тонныг нь эцсийн шатанд цэвэрлэн гаргаж байна. Үүнээс хамгийн шилмэл ноолуур нь Монгол болоод ӨвөрМонголоос ирдэг ажээ. Энэхүү шилмэл ноолуурыг Хятад улс үнэ хаялцан худалдан авч цаашаа дэлхийн тавцанд хүргэдэг. Өөрөөр хэлбэл, сайн ноолуурын дийлэнх нь Бээжингээс экспортлогддог бол тэндхийн ямааны тоо толгой ердөө л 100 сая гэж бүртгэгджээ. Гэтэл нэг ноолууран цамц хийхэд дөрвөн ямааны ноолуур хэрэгтэй гэсэн тооцоо бий шүү дээ.
Түүнээс гадна ямааны тоо толгойг хэтэрхий их шүтсэн Монгол Улс цөлжилтийг алгаа тосон угтаж байгаагаас өөрцгүй он жилүүдийг үдсэн нь нууцгүй үнэн. Харин хятадууд Монголоос авсан ноолуураа өөрийн нэрээр овоглож дэлхийн ноолуурын хамгийн чанартайг нийлүүлдэг хэмээх цолыг хүртээд удаж буй.
Харин одоо дэлхийн дулаарлаас үүдэн ямааны тоо толгойг өсгөх бодлого буруу гэдэг нь тодорхой болсноор тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд ч өөрөө өөр орон зай, зах зээлийг эрэлхийлэх шаардлагатай болж байна.
Үүнийг мэдсэн хятадууд Монголоос тэгтлээ үнэ хаяж ноолуур худалдан авах гэж улайрахаа болсон байхыг үгүйсгэх аргагүй.
Хятадын хувьд өнгөрсөн хугацаанд жил бүр 10000 тонн ноолуур бэлтгэн гаргаж дэлхийн нийт хэрэглээний 67 хувийг дангаараа бүрдүүлж явлаа. Харин манай улс жил бүр 3000 тонн ноолуур бэлтгэн экспортолж ирснээрээ Хятадын дараа орж байв.
Дайны хажуугаар дажин гэгчээр яг одоо урд хөршид энэ салбарын үйлдвэрлэл илүүдэл ихтэй байгаа гэсэн мэдээлэл байна. Учир нь дэлхий дахинд ноолууран бүтээгдэхүүний эрэлт улам бүр буурч буй нь Хятад дахь энэ зах зээлийн илүүдлийг бий болгож, импортоор авна гэдэг илүүдээ гарсан санаа болоод байгаа юм.
Тэгэхээр бид ноолуурын үнэд өмнөх шигээ найдаж, 70 эсвэл 80 мянган төгрөг болно гэж хүлээх хэрэг бараг л алга. Харин ч энэ жил ноолуурын үнэ 30 мянган төгрөгөөс уруудахгүй байгаасай гэж залбирах үлдэж байна.
АМ.ДОЛЛАРААС АЙХУЙ
Уг нь өнгөрсөн хэдэн жилийг харахад жил бүрийн хавраар ноолуурын худалдаа ид цэцэглэснээр Монголд валютын “цангаа” тодорхой хэмжээгээр тайлагддаг байлаа. Ноолуурын экспорт эхэлдэгхаврын улирлаас эхлээд аялал жуулчлалын улирал дуустал ам.долларын нийлүүлэлт нэмэгдэж ам.доллар үнэгүйддэг жишиг байлаа. Харин энэ жил ноолуураа өгдөг байсан хятадууд огт өөр зүгт харах нь. Тэгэхээр цагаан алт хэмээх энэ бүтээгдэхүүн ам.долларын эрэлтийг сулруулах хэмжээнд эдийн засагт нөлөөлж чадахгүй нь нэгэнт тодорхой болж байна.
Энэ тохиолдолд ам.доллараас айх айдас арилах нь юу л бол.Одоо бид ноолуурын үнэд биш харин хөрөнгө оруулалт, шинэ бизнес санаачлага, худалдааны эргэлтийн идэвхтэй байдалд л найдах үлдэж байна.
Уламжлалт зэс, алт, нүүрс, ноолуур зэрэг экспортын гол бүтээгдэхүүнүүдийн эрин цаг нэг хэсэгтээ л бүдгэрээд байгаа энэ үед цаг үеийг дагаад бид ч бас өөрчлөгдөх хэрэг гарч байна.
Ингэхээр хүлээлт үүсгээд байгаа асуултын хариулт бараг л тодорхой болж байна. Ноолуур “ногоон”-ыг номхотгож дийлэхгүй нь.
Ж.Цогзолмаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан.