“Ураг ядрахаараа төрлөө” гэдэг болов уу
Ганц хоёрхон хүний эрх ашгийн төлөөх явуургүй тэмцлээс болж, улстөрийн хүчнүүдийн эв түнжин хагарч, улмаар нийгэмд үзүүлсэн сөрөг нөлөө багдаагүй. Өнөөдөр баруун зүүн, жижиг томгүй эв нэгдлийг эрхэмлэхгүй бол үндэстний хэмжээний хямралд ирэхдээ тулчихажээ. Өдгөөгийн Төр, нийгэм, эдийн засгийн хямралын үе шатууд бол зөвхөн улстөрийн хүчнүүдийн эв нэгдэлгүй байдлаас үүдсэн гэхэд болно. Харин ийм цаг үед нэгэн үйл явдал болсон нь улстөрийн хүчнүүдэд томоохон сануулга болсон гэдэгт найдаж байна. Өнгөрөгч долоо хоногт болж өнгөрсөн “Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэх саналыг МАХН-аас МАН-д хүргүүлсэн нь эв нэгдэл гэгч зүйл хэрэгтэй болсныг бусад улстөрийн хүчнүүдэд анхааруулсан хэрэг боллоо. Улстөрийн ууган хүчний хувьд нэгэнтээ хаалгыг нь савж одсон ганц хоёр хүний алдааг эс тооцон энэ саналыг хүлээж авсан нь үндэсний эв эеийг эрхэмлэх ёстойг ухамсарлажээ гэж ойлгохоор.
Нэгэн дээвэр дор, туурга дунд хамт амьдарч байгаа цагт хамгийн чухал зүйл бол эв эеийг хичээх. Үе үеийн эх орончдын халуун цус, хөлс хүчээ өгсөн цаг хугацааны урсгал дээр энэхүү түүхэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн нь нэгийг бодоход хүргэсэн байж таарна. Монголд улстөрийн ууган хүчин үүссэн 95 жилийн ойн өдрийн энэ арга хэмжээг угшил нэгт намууд хамтран тэмдэглэсэн нь “сайн цагийн дохио” хэмээн иргэд ам сайтай байна. Гэтэл аливаа зүйлд гэрэл сүүдрийн тусгал гэж бий. Энэ ч утгаараа нэгэн цагт МАН-аас хувийн эрх ашгаа хөөж одсон цөөн хүмүүс ийнхүү МАН-д санал хүргүүлсэн нь тэднээс нөмөр нөөлөг хүссэн тухай ч зарим эх сурвалж хэлж буй. Улстөрийн нөхцөл байдал нь тэднийг ирээдүйдээ санаа зовоход хүргэсэн байхыг ч үгүйсгэх аргагүй.
Учир нь МАХН-ынхан санал хүргүүлэхдээ “зөвхөн эх орончдын өдрийг хамтран тэмдэглээд зогсохгүй, цаашид ч хамтран ажиллах” тухай санал хүргүүлжээ. Тиймээс нэгэн цагт МАХН-ынхан МАН-аас өрх тусгаарлан явж, үзэл бодлынхоо эсрэг үйл ажиллагаа дөрвөн жилийн турш явуулсны эцэст ийн санал хүргүүлж байгаа нь тус намын зарим гишүүд дэмжигчдэд таалагдаагүй бололтой. Тэр ч бүү хэл “зүдрэхийн цагтаа МАН-аас нөмөр нөөлөг эрж, маргаашийн сонгуулиа бодож байна” гэх бухимдал ч бий. Энэ нь нэг талаараа үнэн байхыг үгүйсгэхгүй. МАХН үнэхээр өөрсдийнхөө байгаа байдлыг ухамсарлаад нийт олны эрх ашиг, эх орныхоо төлөө эв нэгдлийг хүссэн бол болж байна. Олны ярьж байгаа шиг “зүдрэхдээ тулж, маргаашийн сонгуулиа бодсон” бол хэрэггүй. Энэ хоёр хүчин цаашид улс эх орныхоо төлөө нэгдээд явахад болохгүй зүйл үгүй. Үзэл баримтлалын хувьд угшил нэгтэй, цаашид нэгдээд явахад ямар нэгэн үзэл бодлын зөрүү гарахгүй. Зөвхөн нэг хоёр хүний үзэл бодлоос болж эгэл жирийн дэмжигчид хоёр хагарсан гэдгийг та бүхэн мэднэ. Тэгэхээр ганц хоёр хүний эрх ашиг бус нийтийн эрх ашгийг бодолцох цаг нь иржээ гэж ойлгох хэрэгтэй.
Магадгүй эв нэгдэл нэрийн дор сонгуульд хамтарчихаад дараа нь “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөхийн үлгэр” болж, баруун зүүнээ умартан улстөрийн үйл ажиллагаа явуулахын бол гишүүд дэмжигчдийнх нь итгэл улам л хөсөрдөж таарна. Шуудхан хэлэхэд нийгэм, эдийн засгийн өнөөдрийн байдал улам хүндэрхэд хүрнэ.
Гэхдээ “МАХН нөмөр нөөлөг бараадаж” гэснээс үүдэн улстөрийн шалтаг шалтгаанууд ч бодогдож байна. Үнэнийг хэлэхэд өнөөдрийн улстөрийн нөхцөл байдал МАХН-д туйлын хүнд байгаа. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар ирээдүй бүрхэг төдийгүй ирээдүйд гуравдагч гэж байхгүй хэмээн дурдсан байна лээ. Тэгэхээр шалтаг шалтгааныг тодотгох гээд үзье. Нэгдүгээрт, “Шударга ёс” эвслийг бүрдүүлж байгаа улстөрийн хоёр хүчин маань үзэл баримтлал өөр, угшил тэс ондоо намууд. Зөвхөн эрх ашгийн төлөөх нэгдэл гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс алс хэтийн замд үзэл бодлын зөрүү заавал гардгийг өнгөрөгч хугацааны улстөрийнх нь үйл ажиллагаа харуулсан. Өдгөөгийн парламентад байх арав орчим суудалтай “шударга ёсчууд” бараг арван өөр бодол тээж явна. Энэ үзэл бодлыг нэгтгэхэд гагцхүү эв нэгдэл хэрэгтэйг ухаарсан байх. Магадгүй, МАХН үүнийгээ ухамсарлаж, ирээдүйн улстөрөө бодолцсон байж болно. Мөн санал хүлээж авсан МАН ч нийгмийн байдлыг ухамсарласан байх. Хоёрдугаарт, энэ эрх ашгийн төлөөх нэгдлээс нүүр буруулсан нь цөөнгүй. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар Г.Уянга, Л.Цог нарын гишүүд эвслийг задлах бодлоо илэрхийлээд эхэлсэн гэдэг. Ямартай ч энэ хоёр эрхэм “Шударга ёс” эвслээс гаргасан бодлогын эсрэг зогсож байгааг сүүлийн үеийнх нь улстөрийн үйл ажиллагаанаас харахад хангалттай. Энэ нь эвслийн ирээдүй байхгүй гэдгийг бодит үйлдлээрээ нотолсон хэрэг. Үүнээс өмнө тус эвслийн гишүүн Д.Батцогт угшлаа дагаж, АН-ын бүлэгт элсэн орсон. Энэ бүгдийн цаад учир нь өнөөх л үзэл баримтлалын асуудал хөндөгдөж таарна. Д.Батцогтын хувьд “Шударга ёс” эвслийн ирээдүйд итгэхгүй байна. Нөгөө талаар үзэл бодлоо дагасан улстөр хийхийг эрхэмлэсэн байж болно.
Гуравдугаарт, үзэл баримтлал тэс өөр АН-тай хамтран засагласан он жилүүд нь тэдний үйл ажиллагааг саармагжуулж, гишүүд дэмжигчдийнх нь итгэл алдарсан. Өөрөөр хэлбэл, МАХН 2012 оны сонгуулиар гишүүд дэмжигчид, нийт сонгогч олонд амлаж байсан үзэл баримтлалаасаа ухарсан. Хэт их хувийн эрх ашгийг хөөсөн учраас хэнтэй ч хамаагүй өвөр түрийндээ орсон. Зөвхөн засгийн хатавчинд амь зуух бодлого барьж өнөөдөртэй золголоо. Уг нь бол тэдэнд зарим нэг бодлогоо хэрэгжүүлэх боломж байсан. Учир нь тэд засагт хамтран ажилласан ч энэ талд нэг ч алхам хийсэнгүй. Тиймдээ ч 2015 оны сүүлээр МАХН-ын гол төлөв ахмад гишүүд хоёр намыг нэгдэн улстөрийнхөө үйл ажиллагааг явуулах санаачилга гарган МАН-ын удирдлагуудад хүргүүлсэн. Бүр тодотговол МАХН-д итгэл үнэмшлээ өгсөн жирийн гишүүд дэмжигчдийн шахалт нь ийн өнөөдрийн замыг сонгоход хүргэсэн болов уу. Нөгөө талаар МАН-д ийм үзэл бодолтой гишүүд олон биш ч байж таарна. Тэгэхээр энэ нь ерөөсөө цаг үе өөрөө шаарджээ гэж болохоор. Дөрөвдүгээрт, МАХН-ын үзэл баримтлалын зөрүүтэй засагт хамтарч ажилласан дөрвөн жилд гялайх зүйл байсангүй. Үнэндээ эерэг талд нь дурсах зүйл тун цөөн гэдгийг “найман настай балчираас наян настай буурал” ч хэлээд өгнө дөө. 2012 онтой золгоход 17 хувийн өсөлттэй байсан эдийн засаг уруудсаар өнөөдөр хоёр хувьд буюу бараг арван дахин унасан үзүүлэлт бий. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ төрөл тус бүртээ 50 хувьд хүртэл өсч, инфляц хоёр оронтой тоонд тулсан. Ам.долларын ханш 2000 төгрөгийн босгоор давж цаашаа ч асар хурдтай явж байна. Гаднын хөрөнгө оруулалт 60 хүртэл хувиар буурч, валютын урсгал татарсан. Гадаад өрийн хэмжээ байх ёстой хэм хэмжээг даваад алга болсон гээд өөдтэй зүйл дурдах аргагүй. Энд би зөвхөн тоймтойг нь дурдлаа. Түүнээс биш өнгөрөгч дөрвөн жилийн алдаа оноог дүгнэх гэвэл алдаа нь дийлэнх маш урт жагсаалт хөврөх болно. Яаж ч бодсон энэ өнгөрсөн дөрвөн жилийн алдаа оноог МАХН үүрэлцэх учиртай. Чухам алдаа онооны тэн тэнцүүлсэн ачааг даах эсэхийг тэдний ирээдүйн улстөрийн үйл ажиллагаа харуулах байлгүй.
Хамгийн наад захын улстөрийн нөхцөл байдлыг ав үзье. МАХН-ын дарга Н.Энхбаярын улстөрийн албан тушаал хаших эрх нь хуулиараа хаалттай хэвээр байгааг АТГ-аас мэдэгдсэн. Энэ байдал нь ч улстөрийн нөлөө бүхий хүчинд нэгдэхийг сануулсан хэрэг байж таарна. Нөгөө талаар “Шударга ёс” эвслийн дотоодын зөрчил төдийгүй МАХН-ын гишүүдийн зөрчил ч энэ л үзэл баримтлал улстөрийн алдаатай алхамаас эхтэй. Тиймээс өнөөдөр энэ эвсэл задрахдаа тулж байна. Одоо энэ эвслийг бүрдүүлдэг МАХН, МҮАН угшил угшлаа дагахаас өөр аргагүй. Өнөөдрийн нөхцөл байдал ийм байхад МАХН зөв сонголт хийж, МАН энэ саналыг нь хүлээж авах ёстой гэж олон иргэд үзэж буй. Тэдний маргаашийн сонгууль бол тийм чухал биш болсон. Өнөөдөр нийгэм, эдийн засгийн байдал нийт улстөрийн хүчнүүдээс эв нэгдлийг шаардаж байгаа. Хэн нь засгаа барьж, хэн нь сөрөг хүчин байх, хэн нь гуравдагч байх нь огт сонин биш. Гагцхүү цаг үеийн шаардлага тэднийг өөрийн эрхгүй эв нэгдэлд уриалж буй. Нөгөө талаар Төрийн эрх барьж буй АН-ын хувьд өнгөрөгч хугацаанд нийгмээ ямар болгосонд ард түмэн дүгнэлт хийж, энэ хүчнээс бас л өөрчлөлт шаардана. Ерөөсөө тэр энэ гэх юмгүйгээр айсуй 2016 оны сонгуулиар иргэд олон нийт улстөрийн хүчнүүдэд дүн тавих болно. Улстөрийн хүчнүүдийн олон удаагийн худал амлалт нь өөрөө сонгогчдын боловсролыг дээшлүүлсэн учраас иргэд арай л өөр дүн тавина. Тодотговол, чанга хандана гэдэгт итгэж байна.
Харин гол шаардлага нь эв нэгдэл байх болно. Гэхдээ дээрх улстөрийн хүчнүүдийн хувьд хууль ёсоор нэгдэх боломж үгүй юм билээ. Учир нь Сонгуулийн тухай хуульд “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-ын сонгуульд оролцох эрхтэй” гэсэн заалт бий. Үүнээс харвал намууд татан буугдах боломжгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар эвсэн ирээдүйн үйл ажиллагаагаа явуулахад болохгүй зүйл үгүй. Нэгдээд нэгнээ магтаад байхдаа бус эв саналаа нэгтгээд ганцхан улс эх орон гэсэн зүгт бүгдээрээ явахыг л хэлээд байгаа хэрэг.
Тэр тусмаа үзэл бодлын хувьд төлөвшчихсөн намтай нэн нялх МАХН хамтран улстөрийнхөө үйл ажиллагааг явуулах нь өөрсдийнх нь ирээдүйн төлөвшилд ч хэрэг болно. Улстөрийн нам гэдэг тийм ч амархан төлөвшдөггүй. Багагүй цаг хугацаа зарцуулж байж сая төлөвшилтэй болдгийг бид онол практик аль аль талаар нь мэдэх болсон. Чухам зарим хүмүүсийн хэлж байгаа шиг “ураг ядрахаараа төрлөө” гэдэг болж байгаа биш бол эв нэгдэл чухал. Нөгөө талаар “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөхийн үлгэр” болж, ахиад л бантан хутгачихгүй бол дээр хэлсэнчлэн “Сайн цагийн дохио” ирж байна гэж хэлж болохоор.
С.Ууганбаяр
URL: