Техникийн шаардлага хангаагүй авто машинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй
Замын цагдаагийн газар, Авто тээврийн газраас оношилгоонд ороогүй болон оношилгооны хугацаа нь дуусаж замын хөдөлгөөнд оролцож буй авто машинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болжээ.
Замын цагдаад шаардлага хангаагүй авто машин таарсан тохиолдолд улсын дугаарыг нь хураан авч бүрэн засварлаж дууссаны дараа аюулгүй гэж үзсэн үед хөдөлгөөнд оролцуулах аж.
Энэ талаар Замын цагдаагийн Техник хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга хурандаа Д.Мөнхбаатар “Авто тээврийн тухайн хуулийн дагуу авто машиныг жилд нэг удаа бүрэн оношилгоонд оруулах тухай заасан байдаг. Мөн замын хөдөлгөөний дүрмийн “хоёрын гурвын А-д зааснаар “техник хангамжийн шаардлага хангаагүй авто машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй” гэсэн заалтууд бий.
Ингэж хуулийг хэрэгжүүлэх нь замын түгжирэл болоод хотын өнгө үзэмжинд ч сайнаар нөлөөлнө” гэв.
URL: