“Mongolia Open-2016” өндөрлөв

Чөлөөт бөхийн “Mongolia Open-2016” олон улсын тэмцээн Буянт-Ухаа дахь спорт цогцолборт гуравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд боллоо. Энэ тэмцээнд БНСУ, БНХАУ-ын Өвөрмөнголын өөртөө засах орон, Индонези, Казахстан, Киргиз, ОХУ-ын Буриад, Тува, Якут улс, Калининград, Кемерово мужууд, Пермь хотын зэрэг гадаадын 6 орны нийт 96 гадаадын бөх оролцсон юм.

Тэмцээний сүүлийн өдрийн дүнг танилцуулья.


Өчигдөр болсон барилдааныг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ, “Хасу-Мегаватт” компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, “Сүлд” спорт хорооны дарга, Улсын заан Д.Бумбаяр, “Бумбат” компанийн захирал, олон улсын хэмжээний мастер Ло.Энхбаяр, Эрүүл мэнд, спортын сайдын зөвлөх, Гавьяат тамирчин Н.Бүргэдаа,, Эрүүл мэнд, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Ж.Ундрахбилэг, Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээ, сургалтын хэлтсийн дарга, Гавьяат дасгалжуулагч Л.Ням, ахмад дасгалжуулагч Т.Батчулуун, Улсын начин, азийн аварга Х.Амараа нар үзэж сонирхлоо.

75 кг-ын жинд эхний тойрогт Гавьяат тамирчин О.Бурмаа, олон улсын хэмжээний мастер Г.Наранчимэг нарын барилдаан сонирхолтой болж Г.Наранчимэг 3:2 онооны харьцаагаар ялж түрүүлэх замаа тэгшилсэн. 70 кг-ын жингийн шувтаргын барилдаанд олон улсын хэмжээний мастер Д.Алтангэрэл 6:8 онооны харьцаагаар хожигдож яваад барилдааны хугацаа бараг дуусаж байхад шийдсэн мэх хийн мушгиж 4 оноо авч ялалт авч өрсөлдөгч олон улсын хэмжээний мастер Г.Идэрхүүд барилдаан дуустал хориглож болдгүйг ойлгуулсан.

86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Л.Төртогтох жингийнхээ гол өрсөлдөгчид болох олон улсын хэмжээний мастер Б.Нямбаяр, П.Өсөхбаатар нарыг хожиж түрүүлсэн. 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат оросын бөх Балдан Цыбижовт 3:7, хүрэл медалийн төлөө барилдаанд олон улсын хэмжээний мастер Пүрэвдагвад 6:10 онооны харьцаагаар хожигдсон.

“Mongolia Open-2016” тэмцээнд Гавьяат тамирчин С.Батцэцэг 4 дэх удаа, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 3 дахь удаа, олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг 2 удаа, олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга, Д.Алтангэрэл, Л.Төртогтох, Г.Наранчимэг нар анх удаа түрүүллээ.

Энэ оны дөрөвдүгээр сард Казахстан улсын Астана хотод болох олимпийн наадмын сонгон шалгаруулах тэмцээн, Улаанбаатар хотод болох олимпийн сонгон шалгаруулах тэмцээн, Бразил улсын Рио-Де”Жанейро хотод болох Зуны олимпийн наадам гээд олон чухал тэмцээн манай бөхчүүдийг хүлээж байна.

Тэмцээний хоёр дахь өдрийн дүн:

Эрэгтэй

61 кг:

1. Түмэнбилэгийн Түвшинтулга /”Гачуурт-Олимп” клуб, оюутны дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

2. Владимир Флегонтов /ОХУ, Дэлхийн цомын төлөө тэмцээний аварга/

3. Даша Шарацепанов /ОХУ/

3. Нурлан Турган /Казахстан/

70 кг:

1. Доржцэгмэдийн Алтангэрэл /”Хилчин” спорт хороо/

2. Гантулгын Идэрхүү /”Гацуурт-Олимп” клуб, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

3. Болдхүүгийн Батсүх /”Хасу-Мегастарс” клуб/

3. Буянжавын Батзориг /”Хилчин” спорт хорооны тамирчин, оюутны дэлхийн аварга/

86 кг:

1. Лувсандоржийн Төртогтох /”Хүч” спорт клуб/

2. Пүрвээгийн Өсөхбаатар /“Хилчин” спорт хороо, Азийн спортын наадмын хүрэл медальт/

3. Баатарын Нямбаяр/”Женко” клуб, залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт/

3. Доржваанчигийн Гомбодорж /Арслан” клуб, Ази тивийн аврага шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

125 кг:

1. Балдан Цыжипов /ОХУ/

2. Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл медальт/

3. Ядамсүрэнгийн Алтантулга /”Цастын барс” клуб/

3. Ринчинбямбын Пүрэвдагва /”Алдар” спорт хороо/

Эмэгтэй:

53 кг:

1. Даваасүхийн Отгонцэцэг /”Хасу-Мегастарс” клуб, ДАШТ-ний мөнгөн медальт, азийн аварга/

2. Стальвира Оршуш /ОХУ/

3. Алёна Казымова /ОХУ/

3.Бат-Очирын Болортуяа /”Женко” клуб/

58 кг:

1. Сүхээгийн Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга/

2. Энхбатын Гантуяа/”Хилчин” спорт хороо, МҮИС, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт /

3. Баатаржавын Шоовдор /”Цастын барс” клуб, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнэгөн медальт/

63 кг:

1. Соронзонболдын Батцэцэг/”Хилчин” спорт хороо, олимпийн хүрэл, ДАШТ-ний мөнгө, хошой алтан медальт, оюутны универсиад наадмын аварга/

2. Амгаланбаатарын Чанцалнямаа /”Хасу-Мегастарс” клуб/

 3. Энхбаярын Цэвэгмид /”Алдар” спорт хороо, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

75 кг:

1. Гэлэгжамцын Наранчимэг /”Хилчин” спорт хороо, Aзийн наадмын аварга/

2. Очирбатын Бурмаа /”Хилчин” клуб, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт, азийн аварга/

3. Ху Ен Гаова /БНХАУ/


URL:

Сэтгэгдэл бичих