Анхны цас, аав хоёр минь
Жил жилийн анхны цас ороход хүмүүс ихээхэн аягүйцэх хандлагатай байдаг сан.
Яагаад гэвэл өвөл айсуй, хүйтэн энүүхэнд ирлээ. Өвлийн бэлтгэл бүрэн бүтэн биш яанам билээ. Халуун дулаан өгөөгүй байхад анхны цас орчихлоо. Гэр хороололынхон бол түлээ, нүүрсээ базаагаагүй байтал анхны цас лавсан бударлаа.
Сайны ёр уу? муугийн дохио юу? хэмээн гэлцэх нь буй. Өвөлгүй, цас, мөсгүй, мөнхийн зунтай газар, нутаг, эх оронд төрсөн ч болоосой гэх аястай үг зарим хүмүүс амнаасаа унагах нь цөөнгүй. Бид манай гэр бүлийнхэн, аав, ээж минь анхны цас ороход бөөн баяр болдогсон.
Аав минь насны залуу, цусны шингэндээ Дэлгэрийн хүрээнд шавилан сууж, бурхан шашны ном сударт эгээрч, гэгээрч байтал 1937 он гарч, сүм хийдүүдийг үзэн ядаж, нурааж, том лам нарыг баривчлан шорон оронд оруулж, заримыг нь хэлмэгдүүлэн цаазаар буудан хороожээ. Залуу лам нарыг хар хүн болгон эргэншүүлсэн байна.
Хөөрхий аав минь эгэл жирийн хар хүн болоод байтал ардын цэргийн албанд албадан элгээжээ. Залуу лам нарыг арджуулах аян ардын цэргээс эхтэй байж. Тэр үед цэргийн алба 3 биш 5 жил байжээ. Ардын цэргийн албаа хаагаад арай гэж Сутай хайрхан уултай, алтан нутаг усандаа амжиж иртэл аавын минь нас сүүдэр бараг гучин тав хүрсэн байлаа.
Тэгээд л арван найман настай ээжийг эхнэрээ болгон авч сууж, тоонотой гэрт толгой холбож, тостой шөлөнд хошуу холбож, мал маллах, жин тээх зэрэг ажил үйлс эрхэлж амь зуулгаа алтан нутаг усандаа төвхнүүлжээ.
Ахмад жинчид өвлийн хүйтэнд бээрч даарахгүйн тулд анхны цаснаар бөөн баяр болж, цасаар эхлээд нүүр, гараа, дараа нь нүцгэн биеэ үрчиж, арчиж, арьсаа улаан болтол зүлгэдэг уламжлалтай байжээ. Энэ өв, соёлыг аав ахмад, жинчдээс өвлөн суралцжээ.
Тэгээд л жил жилийн анхны цаснаар аав минь бөөн баяр, хөөр болж, хөл алдан үүр цүүрээр босож, намайг гүн нойрноос сэрээж, дагуулан гарч, өөрөө үлгэр жишээ үзүүлэн гар нүүр, нүцгэн цээжээ анхны цасаар үрчиж, зүлгэж, угаадагсан.
Тэгээд миний хүү эр хүн больё гэвэл өвлийн хүйтэнд даарахгүй өлчир бол, Хэрэв чи өлчир болж өсөх юм бол адгалж хамрын ханиад, уушигний хатгаа хүрдэггүй, эрүүл чийрэг эр хүн болдог юм. Аав нь тавь, жаран насыг туулахдаа ханиад, томуунд дарлуулж үзсэнгүй минь өвөл өвлийн анхны цасаар нүүр, гараа угааж гүцгэн цээжээ арчиж зүлгэж заншсаны ач тус, буян хишиг гэж аав нь бодож явдаг юм.
Манай эх орон бол хавартай зунтай, намартай, өвөлтэй энэхэн буурал даян дэлхийд олдохгүй сайхан эх орон, газар нутагтай шүү дээ хэмээн ярьдаг байсан нь миний сэтгэл, зүрхэнд насан туршид мартагдахааргүй өв, соёл болон үлджээ.
Анхны цасны энэ өглөө би таван цагт сэрж, өдрийн өнгийг мэдэрч, төсөөлөхөөр гадаа гарлаа. Анхны сэвсгэр зөөлөн, цагаан цас зугуухан орж, байсан нь юутай аз жаргалтай, эерэг мэдрэмж надад хайрлана вэ? Сэтгэл нэг л өөдрөг, догдлуун, амар амгалан, сайн сайхны өлзийтэй байлаа.
Заншсан ёсоор би нүүр гараа анхны цагсаар угааж, нүцгэн цээжин биеэ анхны цасаар үрчиж зүлгэв. Эхлээд жаахан цэхүүцэнгүй байсан ч аажмаар халуун дүүгэж, нэн таатай болов. Цээжин биенээс уур савсаж, өлчир болохын зөн совин татна.
Монгол Улсын ардын уран зохиолч, төрийн шагналт Ш.Сүрэнжав “Багш” хэмээх сонсголонтой сайхан найраглал бичсэн нь манай багш нарын магтуу болсон бол Монголын ЧЗЭ-ийн шагналт яруу найрагч Дарьзавын Бор агуулгаар аугаа “Миний багш” хэмээх шүлэг бичсэн нь их сонин, даөхин давдагдашгүй, мартагдашгүй бүтээл болж үлдсэн юм.
Д.Бор өөрөө ч “Миний үй түмэн юмнаас энэ “Миний багш” шүлэг л үлдэнэ дээ. Тэгэхдээ намайг амь сэрүүн явахад магтагдахгүй харин ч муучдагдаж байж болзошгүй гэж нэг биш удаа надад хуучилж байсан.
Тэрбээр ардын багшийг миний багш хэмээн магтан дуулж, Шаравын Сүрэнжавыг давтсангүй. Уул ус минь миний багш, газар шороо минь миний багш, цас бороо минь миний багш, цаг нар минь миний багш хэмээн шүлэглэсэн билээ. Энэ утгаар бол анхны цас бол ардын багш мөн.
Хүн ардад өвөл айсуй, өвлийнхөө бэлтгэлийг базаа, гэр орноо дулаал, өвлийн хувцас, цувцаа чинь бэлэн үү гэж сэрэмжлүүлж, анхны цас бидэнд “багшилж” байна. 1975 онд намайг Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн бэлтгэл ангид сурч байхад нэгэн үдэш анхны цас лавсан оров оо.
Ариун дагшин анхны цас гэдэг байгалийн үзэгдлийг үзээгүй халуун болоод хар арьстан Африкийн охид, хөвгүүд, Вьетнам, Лаосынхон анхны цасны баяр хийж, алим жимс амталж, архи дарс задалж, анхны цасаар бүх оюутнуудын халуун хөнжлийг хайр найргүй мялааж, гар, нүүр, нүцгэн биеийг нь угааж, орилуулж, чарлуулж, инээж хөхрөлдөж хонож өнжсөн сөн.
Анхны цаснаас илүү ариун дагшин юм, анхны цаснаас илүү ариун цагаан зүйл, анхны цаснаас илүү зөөлөн, хайлан бодис энэхэн буурал замбуулинд өөр юу байхсан билээ. Ариун дагшин юмны амьд билэгдэл нь анхны цагаан цас биш юм гэж үү?
Тийм учраас аав минь анхны цагаан цасанд дуртай байсан, Үр ач бид нар ч цөмөөр анхны цагаан цасанд амин голоосоо дуртай. Амин сэтгэлийн холбоотой, ахуйн өргөн эрэлт, хэрэгцээтэй анхны цас аав хоёр минь дээ.
Ч.Содномдорж
Эх сурвалж: “Монцамэ”
URL: