Сураггүй алга болсон Малайзын онгоцны сэг олджээ

2014 онд сураггүй алга болсон Malaysia Airlines авиакомпанийн MH370 нислэг үйлдэж явсан нисэх онгоцны сэг байж болох зүйл Мозамбикийн эргээс олджээ. “Урьдчилсан үзлэг, таамаглалаар энэ сэг, үлдэгдэл нь MH370 нислэгийн Boeing 777 онгоцных байх магадлал өндөр байна” хэмээн Малайзын Тээврийн сайд Твиттер хуудсандаа бичжээ. Гэвч тэрээр яаран дүгнэлт хийхгүй байхыг уриалсан юм.

Хэдийгээр Малайзын онгоцны сэг байж болох сэжүүр илэр­сэн ч батлагдсан зүйл алга. Мозамбикээс олд­сон үлдэгдлийн зургийг харсан шинжээч, мэргэжилтнүүд үүнийг Boeing 777 нисэх онгоцны тогтворжуулагч хэмээн үзэж байгаа аж. Сураггүй алга болсон нисэх онгоц нь Boeing 777 загварынх байсан билээ.

Өнгөрсөн оны долдугаар сард Реунион арал орчмоос нисэх онгоцны далавч олд­соныг Францын шин­­жээчид алга болсон “Боинг” онгоцных хэмээн үзсэн юм. Сураггүй алга болсон нисэх онгоц Энэт­хэгийн далайн өмнөд хэсэгт сүйрсэн хэмээн үзэж эрэл хайгуулын ажил­лагаа үргэлжилсээр байгаа ажээ. Эрлийн ажил­лагаа 2016 оны зурга­­дугаар сард дуусна хэмээн Австралийн Ерөнхий сайдын орлогч мэдэгджээ. Австралийн Перт хотоос хоёр мянган км-ийн зайд 120 мянган кв км талбайд эрэл хайгуул хийсээр байна.

2014 оны гуравдугаар сард Malaysia Airlines авиакомпанийн MH370 нислэгийн Boeing 777 нисэх онгоц Куала-Лумпураас Бээжин рүү нисч байгаад сураггүй алга болсон юм. Уг онгоцонд хятадууд голдуу 239 хүн явж байжээ. Нисэх он­гоц Куалу-Лумпураас хөө­рөөд 40 минутын дараа радараас алга болжээ. Энэ үеэр Өмнөд Хятадын тэн­гис дээгүүр нисч явсан аж. Улмаар нисэх онгоц газ­раас ирэх дуудлага болон хиймэл дагуулаар дам­жуулсан дуудлага, зур­васт хариу өгөөгүй юм.

Хожим хийсэн шал­гал­таар, Бээжин рүү  MH370 нислэг үйлдэж яв­сан нисэх онгоц гэнэт чиглэлээ өөрчлөн Энэт­хэгийн далайн гүн рүү нис­сэнийг тогтоосон. 2015 оны нэгдүгээр сард Малайз улс Boeing 777 нисэх онгоцыг золгүй то­хиолдлоор сүйрч, MH370 нислэгийн бүх зор­чигч, нисэх багийн ги­шүүдийг амь үрэгд­сэн хэмээн албан ёсоор мэ­дэгд­сэн юм. Гэсэн хэдий ч онгоцны сүйр­лийн шалтгаан, осолдсон газрыг тогтоож чадаагүй аж. Онгоцны нисгэгчид нисэх онгоцыг барьцаалж, Энэтхэгийн далайн гүнд сүйрүүлсэн гэж таамаглах хүмүүс байсаар байна. Учир нь нисэх онгоц гэнэт чиглэлээ өөрчлөн да­лайн гүн рүү нисч сураг­гүй алга болсныг барь­цаалалт, алан хядах ажил­лагаатай холбохоос арга­гүй байдалд оруулсан билээ.

Н.Мөнхжин

Эх сурвалж:

URL:

Сэтгэгдэл бичих