“Баян айраг” компанийн үйл ажиллагааг зогсоов
Хонконгийн хөрөнгө оруулалттай “Баян-Айраг” уул уурхайн компани Завхан аймгийн Дөрвөлжин суманд 2011 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Харин тэд сар шинийн өмнөхөн буюу өнгөрсөн сарын 1-нд ашиглалтын талбайд натрийн цианид алдаж нутгийн иргэдийг айдаст автуулжээ. Тодруулбал, Дөрвөлжин суман дахь олборлолтын 57 метр квадрат талбайд натрийн цианидын уусмал алдсанаас компанийн үйл ажиллагааг зогсоож, ямар шалтгаанаар технологийн алдаа гаргасныг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Энэ тухай Дөрвөлжин сумын иргэд сошиалаар “Манай сум хоёр дахь Хонгор боллоо. Бид тэмцээд хүчрэхгүй байна. “Баян-Айраг” компани өмнө нь ч ийм алдаа . гаргаж байсан. Тэдэнд хариуцлага хүлээлгэдэггүй. Өргөдлийн байнгын хороонд захидал бичиж шалгуулах хэрэгтэй байна. Хөрсөнд алдсан цианид нь сумын хажууханд ууршиж байгаа шүү дээ” гэсэн мэдээлэл бичжээ.
Иргэдийн хэлж байгаачлан дээрх компани хөрсөнд цианид алдаж байгаа нь анхны тохиолдол биш гэнэ. Өмнө нь үйл ажиллагаагаа дөнгөж эхэлсэн даруйдаа мөн ийм алдаа гаргаж өөрсдөө хорт бодисыг саармагжуулах цэвэрлэгээ хийсний дараа аймгийн мэргэжпийн хяналтын газарт мэдэгдэж байжээ. Мөн 2014 оны сүүлчээр 47 метр квадрат талбайд дахин цианид алдаж олон тооны шувуу, үнэг хярс үхсэн байна.
Өмнө нь цианид алдсан асуудалд “Баян-Айраг” компанийнханд ямар хариуцлага хүлээлгэсэн талаар БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газрын ахлах мэргэжилтэн Б.Сарангаас тодруулахад “Ямар шалтгаанаар цианид алдаад байгааг олж тогтоох хэрэгтэй. Одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар бидэнд мэдээлсэн. Өмнө нь цианид алдахад нийт 1500 гаруй талын болжмор, хоёр үнэг үхсэн гэх шалтгаанаар цагдаагийн байгууллага шалгасан. Гэтэл прокурорт хэргийг шилжүүлэхэд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэв.
Дээрх компанийнхан нийт 6102 га талбайд ашиглалт явуулахаар 2002, 2008 онд тусгай зөвшөөрөл авч, 2014 онд нийт 34 нэр төрлийн химийн хорт бодис ашиглах тусгай зөвшөөрлийг БОНХАЖЯ-наас авсан байна. Тус уурхайн орчимд шувуу үхсэн тохиолдол анх 2014 оны наймдугаар сарын 19-нд бүртгэгдэж, тухайн өдөр 500 болжмор, гурав хоногийн дараа буюу 22-нд 60 болжмор зэрэг нийт 1000 гаруй шувуу үхсэнийг уурхайнхан өөрсдөө тэмдэглэсэн байжээ. Мэргэжлийн хяналтын мэргэжилтний хэлж байгаа’ гаар натрийн цианид нь их дэгдэмхий, богино хугацаанд агаарт ууршдаг бодис юм байна.
Өөрөөр хэлбэл, 6.4 милграмм нь үхлийн тунгаар үйлчилдэг натрийн цианид гэх бодисыг 2-3 удаа олборлолтын талбайд алдсан энэ компанийн үйл ажиллагааг зогсоохыг нутгийн иргэд шаардаж байгаагаа дуулгалаа. Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлд “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаандаа химицц хорт бодис, бэлдмэлийг хэрэглэхдээ хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөөгүйгээс хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд ноцтой хохирол учруулсан бол тусгай зөвшөөрлийг нь цуцалж, тухайн компанид 20 жилийн хугацаанд дахин олгохгүй” гэж заажээ.
Б.Дэлгэр
URL: