Н.Жанцанноровын хамгийн их ичиж байсан тохиолдол

-Таны хамгийн их ичиж байсан тохиолдол?

Н.Жанцанноров: -

Үүнийг би тодорхой ярьж чадна. Телевизээр нэг удаа ярьсан санагдаж байна. Би Украины хөгжмийн их сургуульд очсон юм. Хөгжмийнхөн чинь ганц ганцаараа хичээллэнэ. Миний хөгжмийн задаргаа, шинжилгээний багш нэг эмэгтэй байлаа. 14 хоногийн дараа хичээл эхэлнэ гэж надад хэлсэн юм. Тэгэхэд нь би “Долоо хоног галт тэргээр яваад ирж байхад 14 хоногийн дараа хичээл эхэлнэ гэж хэлж байдаг.

Энэ авгай ер нь яадаг хүн бол” гэж бодож байлаа. Тэгээд л хичээл эхэлсэн, сайхан байсан. Манай багш гайхалтай эмэгтэй байсан. Зургаан хэлээр ярьдаг.

1993 оны дэлхийн шилдэг эмэгтэйгээр тодорч байсан хүн. Одоо ч амьд байгаа. 1927 онд төрсөн хүн. Тэр үед хагас жилээр хичээлдээ очихдоо багшдаа нэг бэлэг өгье гэж бодоод, Чүлтэм гуайн Японд хэвлүүлсэн 11 ширхэг бурхны зургийг аваад явсан. Бэлэглэхийн хажуугаар монголчууд бурханаа ингэж сайхан хэвлүүлж, шүтдэг гэдгийг мэдрүүлэх гэсэн хэрэг.

Тэгээд багшдаа бэлэглэсэн. Багш маань ч маш их баярласан. “Танай Монгол Улс гайхамшигтай юм. Бурхан шүтээнээ ингэж хэвлэдэг. Харин ядам хуруугаа дарчихсан байгаа нь ямар учиртай юм бэ” гэж асуухгүй юу. Би хэлж чадаагүй. “Энэ бурхан чинь дээрээ гурван хохимой толгойтой байх юм. Яагаад ийм байгаа юм бол” гэж асуусан. Бас л хариулж чадаагүй. Дахиад хэд хэдэн бурхны талаар асуухад хариулж чадаагүй. Тэгэхэд би 20 гаруй настай байсан. Тэр үед л ичнэ гэдэг туйлдаа хүрсэн дээ. Гэтэл багш “Та 14 хоног хичээл хойшилно гэж хэлж байсныг санаж байна уу” гэж асууж байна.
Би ч хөлс нь гоожсон хүн “Санаж байна” л гэлээ. Гэтэл “Би бурхны шашны талаар мэдлэг муутай. Чи бол миний анхны бурхны шашинтай шавь. Тийм болохоор би Украины номын санд сууж, бурхны шашинтай холбоотой ном 14 хоног уншсан. Тантай харилцахын тулд. Танай шашныг би их сайхан шашин байна гэж бодсон. Харин та өөрийн соёлыг мэдэхгүй байж, хүний соёлоос суралцана гэж ирснийг чинь би ойлгохгүй байна” гэж хэлсэн.

Тэгээд л нам болсон доо. Тэгэхэд л ичнэ гэдгийн дээд туйлд хүрсэн байх. Тэгээд би хичээлээсээ гараад бодсон, “Би юу мэдэж байна” гэж. Гэтэл юу ч мэддэггүй юм билээ. Гандангаар нэг ороод гарсан, тэгэхдээ тагтаанд будаа өгсөн байх. Чингис хааныхаа мөн чанарыг ч мэдэхгүй байсан. Харин тэндээс л Монгол хүн болох эхлэлээ тавьсан гэж боддог. Түүнээс хойш хүмүүст Монголын соёл гэж элдэв юм яриад байгаа нь тэр багшийн ач шүү дээ…


URL:

Сэтгэгдэл бичих