3 сарын 4 ны Оюутнуудын жагсаал зөвхөн 70 мянгын төлөө биш

Сошиал ертөнцөөр оюутнууд Үндэсний тэтгэлэг 70.200 төгрөгөө нэхэж, жагсаал хийх нь гэсэн мэдээлэл түгэж, олон нийт ч сайн муугаар санал бодлоо хэлж байна.  Гэвч оюутнууд бусдын нэгэн адил асуудлаа тодорхой хэлж, төр засагтаа дуу хоолойгоо хүргэх эрхтэй.

Маргааш болох тайван жагсаалын үеэр оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрхзүйн орчинг бүрдүүлж өгөх, Үндэсний тэтгэлэгийг хэвийн олгох, нийтийн тээврийн асуудлыг оюутанд ээлтэй болгох асуудлуудыг төр засагтаа хандан тавина гэдгээ өмнө нь мэдэгдсэн. Түүнээс биш дан ганц 70 мянгын асуудал энд яригдахгүй гэсэн үг.

Оюутнууд жагсана гэхээр олон нийт үл тоосон, тохуурхсан байдлаар хүлээж авч байгаа нь ч нууц биш. Гэвч улс орны ирээдүйн  боловсон хүчин, гол залуурга нь болж явах учиртай оюутнуудын жагсаалыг дэлхийн аль ч оронд хүлээн зөвшөөрсөөр ирсэн түүх бий.  Хамгийн гол нь жагсаалынх нь зорилго далайцтай том байж, оюутанд тулгамдаад буй асуудлыг тодорхой гаргаж ирэх учиртай.

Дэлхийн нийтийг доргиосон оюутны хувьсгал хөдөлгөөн бүр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүйтэн дайныг эсэргүүцэх, хүчирхийллийн эсрэг байдаг төдийгүй тухайн улс орныхоо төрийн  буруу бодлогын эсрэг, ардчилал, шударга ёсыг бэхжүүлэхэд зорьсоор ирсэн. Тухайлбал, БНСУ-ын оюутны жагсаал, олон сарын тэмцэл ардчилал шударга ёсны бэлгэдэл болж, өнөөг хүртэл төрөөс оюутнуудын асуудалдаа хамгийн ихээр анхаардаг борлж төлөвшсөн.

Бас бодох л асуудал. Манай улсын оюутнууд яагаад  оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн эрхзүйн орчинг бий болгохыг төрөөс шаардаж болохгүй гэж. Судалгаагаар арван оюутан тутмын долоо нь ажил хийж, хэрэглээнийхээ зардлыг олох сонирхолтой байгаа нь тогтоогдсон. Гэтэл оюутнуудад санааны зоргоор ажил олддоггүй. Олдлоо ч оюутны эрхийг хамгаалсан ямар ч хууль эрхзүйн орчин байхгүй. Чухам иймээс л ажил олгогч нар  оюутны өмнө ямар ч хариуцлага хүлээдэггүй билээ. Нийгмийн даатгал төлөхгүй, тодорхой хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй. Хөлсөө өгч байвал их юм. Ийм байлаа гэдээ тэд хуулиар ямар нэгэн хариуцлага хүлээхгүй  тул асуудал эзэнгүй үлддэг.

Нэгэнт ажил хийх боломж нь ийм хязгаарлагдмал тул манай оюутнууд өнөөдөр төрөөс өгдөг 70 мянгаа хүлээж, аав ээжийнхээ халааснаас хэрэглээнийхээ зардлыг босгож байгаа нь ч үнэн. Уулын мод урттай, богинотой гэдэг. Оюутнууд дунд сайн нь ч бий, саар нь ч бий. Гэхдээ массаар нь муу гэж  харлуулан,  оюутны үнэлэмжийг  унагаад байхаар ирээдүйн чадалтай боловсон хүчнүүд хэрхэн төлөвших бол. Басхүү нөгөө талд 70200 төгрөгөө авч, тэр чигт нь сургалтын төлбөртөө хийдэг,  ар гэрийнхээ амжиргааг залгуулдаг оюутнууд хэдэн мянгаараа байна.

Оюутнууд олон нийтийн  хараад байгаачлан тэгтлээ их бэлэнчлэх сэтгэлгээтэй бол өнөөдөр ажил хийж, хэрэглээнийхээ зардлыг олох тухай бодох ч үгүй таваргаж явах байсан. Гэтэл хандлага өөр байна.  Тодорхой жишээ дурдахад, ирэх  зун болох АСЕМ-ийн уулзалтын үеэр оюутнууд ажиллах хүсэлтэй байгаагаа МОХ-ндоо илэрхийлж, бүртгэлээ хүртэл эхлүүлчихээд байгаа. Тайван жагсаалын үеэрээ мөн энэ бүртгэлээ үргэлжлүүлнэ гэдгээ МОХ-ноос нь мэдэгдсэн. Түүнчлэн АСЕМ-ийг зохион байгуулах гурван ажлын хэсэгт МОХ-ны төлөөлөл багтаж, оюутнуудыг олноор нь ажилд хамруулах чиглэлд ажиллаж байгаа аж. Энэ мэтээр тэд өөрсдийнхөө төлөө, ар гэрийнхээ амжиргаанд тус болохын төлөө зүтгэх, ажиллах сонирхол сэдэлтэй байна. Тэрхүү үзэл бодлоо төр засагтаа хүргэхээр хувийн компанийн авто машины зосоол болчихоод байгаа “Оюутны талбай” дээрээ нэг өдөр цугларч, тайван жагсах нь. Энэ тийм шинэ, сонин, өөлөөд байх сэдэв мөн гэж үү?  Нийт 217 мянган оюутны төлөөлөл эрх ашгийнхаа төлөө дуугарахаар  тайван жагсаал хийх, зөвхөн өөрийнхөө төлөө ажиллангаа компьютерийн араас сэтгэгдэл бичих гэдэг өөрөө  тус өөр, ангид асуудал баймаар санагдана.

 


URL:

Сэтгэгдэл бичих