НҮБ-ын аюулгүйн зөвлөлд нэрээ дэвшүүлсэн нь

Миний бие 1972 онд Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсч ирээд ГЯЯ-нд анх ажилд орохдоо НҮБ-ын чиглэлийг хариуцаж эхэлсэн нь миний мэргэжлийн ажилд олон жилийн турш гол байр суурь эзэлж ирсэн.

НҮБ-ын хүрээнд манай улсын гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх, Монгол-НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх чиглэлээр ажиллах, НҮБ-ын дэргэд улсаа төлөөлөн суух хувь заяатай байжээ.НҮБ бол олон улсын харилцааны тухайн үеийн байдлын тусгал болсон онцгой ертөнц. Тэр утгаараа НҮБ “хүйтэн дайны” үед эсрэг тэсрэг үзэл суртлын тэмцлийн талбар болж байсан бол өнгөрсөн зууны 90-ээд онд олон улсын харилцаанд гарсан өөрчлөлтийг даган НҮБ болон түүний системийн байгууллагууд шинэчлэл өөрчлөлтийн замд орсон билээ.

Миний бие “хүйтэн дайны” үед ч, өөрчлөлт шинэчлэлийн үед ч Нью-Йорк хотноо ажиллаж байсан хүний хувьд НҮБ-д манай явуулж байсан үйл ажиллагааны зарим асуудлын талаар өөрийн санаа бодол, дурсамжаасаа толилуулж байна.

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад бүрэн эрхт гишүүнээр элссэнээс хойш эдүгээ 55 жил болж байна. Уул нь фашизмын эсрэг холбооны талд байсан орны хувьд манай улс тус байгууллагын үндсэн байгуулагчдын нэг байх ёстой байсан юм. Гэвч тухайн үеийн олон улсын байдал, хүчний харьцаанаас шалтгаалан даруй 15 жилийн турш уйгагүй хүчин чармайлт тавьсны үр дунд 1961 оны аравдугаар сарын 25-нд НҮБ-ын жинхэнэ гишүүн болж, хууль ёсны суудлаа эзэлсэн түүхтэй билээ. Манай улсын хувьд энэ нь тусгаар тогтнолоо олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлсэн чухал ач холбогдолтой үил явдал бөгөөд өнөө үед ч НҮБ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын нэг чухал баталгаа хэвээр байгаа болно.

Монгол Улс НҮБ-д элссэнээс хойш тус байгууллагын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Олон улсын энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн асуудлуудаар манай улс хэд хэдэн тогтоол батлуулж, хэрэгжүүлж ирсэн бөгөөд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулж ирсэн ба түүний төрөлжсөн байгууллагуудын хурал чуулганыг даргалах, удирдах байгууллагуудад нь сонгогдон ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, манай улс НҮБ-ын идэвхтэй бөгөөд хариуцлагатай гишүүн гэдгээ хүлээн зөвшөөрүүлж ирсэн.

Намайг 1980-1984 онд Нью-Йорк дахь БТГ-т ажиллаж байх үед ч олон улсын байгууллагад сонгогдох асуудалд чухал ач холбогдол өгч, бид нэг бус удаа сонгогдож байсан. Харин НҮБ-ын нэг гол “байгууллага болох Аюулгүйн Зөвлөлд сонгогдож байгаагүй. АЗ-ийн сонгууль бол маш өрсөлдөөнтэй, хэцүү сорилт. Үүнийг бид 1984 онд “биеэрээ” амссан гэж хэлж болох юм.

Уншигчдад сануулахад, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл нь нийт 15 гишүүнтэй бөгөөд тав нь байнгын, 10 нь байнгын бус статустай. НҮБ-ын Дүрмээр байнгын бус гишүүдийн тэн хагасыг жил бүр хоёр жилийн хугацаагаар сонгодог. Өөрөөр хэлбэл, жил бүр чөлөөлөгдөх таван суудалд гишүүн орнууд газар зүйн хуваарилалтын дагуу нэрээ дэвшүүлж сонгогддог практиктай.

Манай улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсноос хойшхи хугацаанд НҮБ-ын АЗ-ийн сонгуульд оролцох оролдлого хийж байв. Ер нь бол 1976 оноос НҮБ-ын энэ байгууллагад сонгогдох чиглэлээр ажиллаж ирсэн. 1976 онд нэрээ дэвшүүлсэн ч Энэтхэгт найр тавьж нэрээ татсан түүхтэй. Мөн 1978 онд Бангладешийн хүсэлтээр нэрээ дэвшүүлээгүй. Азийн групп дотор өрсөлдөөн ихтэй байсны улмаас нэрээ дэвшүүлэх боломж тэр болгон олдохгүй байсан. Харин 1984 онд нэрээ албан ёсоор дэвшүүлж сонгогдох чиглэлээр ажиллах боломж байна гэж тооцоолсон.

Энэ чиглэлээр тодорхой судалгаа хийж манай улс НҮБ-ын АЗ-ийн байнгын бус гишүүний 1985-1986 оны суудалд нэрээ дэвшүүлэх боломжтойг танилцуулж, 1984 оны нэгдүгээр сард \21\ Байнгын төлөөлөгчиин үүрэг гүицэтгэгчийн хувьд төвд албан бичгээр саналаа явуулж чиглэл хүсч байв.Бидний хийсэн судалгаагаар 1984 оны эцсээр Мальт, Нидерланд, Никарагуа, Пакистан, Зимбабве улсын АЗ-д ажиллах хугацаа дуусч байсан. Газар зүйн хуваарилалтаар Өрнөд Европ болон бусад орны бүлэгт хоёр, Латин Америк, Карибын тэнгисийн, Азийн болон Африкийн бүлэгт тус бүр нэг суудал нээлттэй болж байна гэсэн үг.

Азийн бүлгийн хувьд нэг суудал нээгдсэн, 1984 оны эхээр нэг ч улс нэрээ дэвшүүлээгүй байсан. Азийн орнуудаас Шри Ланк нэрээ дэвшүүлэх магадлалтайг таамаглаж байсан. Учир нь 1982 онд Пакистанд найр тавьж нэрээ татсанаас гадна Тамилын асуудлаас шалтгаалан АЗ-д сонгогдох сонирхолтой гэсэн мэдээлэл бидэнд байлаа. Гэхдээ яг тэр үед нэрээ дэвшүүлээгүй байсан юм.

Азийн нөлөөтэй томоохон орнуудын АЗ-д сонгогдож байсан хугацааг судлаад 1985-1986 оны суудалд тэд нэрээ дэвшүүлэхгүй байх гэж үзэх үндэслэл байсан. Азийн бүлэгт ордог Арабын орнуудын ээлж болоогүй байсан тул тэднийг нэрээ дэвшүүлэхгүй гэж тооцоолж байв.Тухайлбал, АСЕАН-ы орнуудын төлөөлөл Филиппин 1980-1981 онд АЗ-ийн гишүүнээр ажилласан. Япон 1982 онд АЗ-ийн байнгын бус гишүүнээр сонгогдсон. Пакистан, Энэтхэг тэр үед байнгын бус гишүүн байсан.

1986-1987 оны суудалд Азийн бүлгээс Арабын орон нэр дэвших ээлжтэй ба Ардчилсан Йемен нэрээ дэвшүүлэх сонирхолтойгоо илэрхийлж, 1987-1988 оны суудалд Бангладеш нэрээ дэвшүүлнэ гэж мэдэгдэж байсан. Харин 1985-86 оны суудалд аль ч улс нэр дэвшээгүй байсан тул энэ таатай нөхцөл боломж, цонхыг ашиглах нь зүйтэй гэж үзсэн юм. Иймд нэрээ дэвшүүлэн хөөцөлдөөд үзэхэд болохгүй гэх газаргүй гэсэн бодолтой байлаа. Чингэхдээ сонгогдох бодит бололцоо байгаа эсэх нь өөр асуудал гэдгийг ч ойлгож байсан. Сонгогдох эсэх нь олон талын хүчин зүйлээс шалтгаалах нь тодорхой.

НҮБ-ын энэхүү чухал байгууллагад сонгогдох нь манай улсын нэр хүндийг бэхжүүлэх төдийгүй, дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө олон улсын хамтын нийгэмлэгээс тавьж буй хүчин чармайлтад бодит хувь нэмэр оруулах улс төрийн ач холбогдолтой хэмээн үзэж байлаа. Сонгогдож чадахгүй ч, нэрээ дэвшүүлэх нь НҮБ-ын хүрээнд нэр хүндээ өсгөх, цаашид сонгогдох боломжийг олж авах чухал алхам болдог юм. Ийнхүү манай БТГ-ын саналыг үндэслэн 1984 оны дөрөвдүгээр сарын 4-нд НҮБ-ын АЗ-д нэрээ дэвшүүлэх талаар МАХН-ын Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 204 тоот тогтоол гарсны дагуу тусгай төлөвлөгөө боловсруулан өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Юуны өмнө, Нью-Йорк хотноо НҮБ-ын гишүүн бүх оронд БТГ-ын, ноот илгээж, түүндээ Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний 1985-1986 оны суудалд нэрээ дэвшүүлж байгааг албан ёсоор мэдэгдэж, дэмжлэг хүссэн. Мөн төвд Япон, Малайз, Филиппин, Бирм зэрэг Азийн томоохон орнуудын ГЯЯ-дад дэмжлэг хүссэн ноот явууллаа. Хилийн чанад дахь манай ДТГ-дад суугаа болон хавсран суугаа орнуудтайгаа тулж ажиллах, тэдний дэмжлэгийг авах талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг үүрэг болгож байв.

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийг тэр үед даргалж байсан Энэтхэгийн Ерөнхий сайд хатагтай Индира Гандид илгээсэн Ю.Цэдэнбал даргын дэмжлэг хүссэн илгээлтийг тусгай бие төлөөлөгч явуулж гардуулж билээ. Энэтхэгийн хувьд зөвхөн хөдөлгөөний даргын хувьд бус мөн хоёр талын найрсаг харилцааны хүрээнд, түүнчилэн өмнө нь манай улс найр тавьж байсны хариуд дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсан. Бангладешийн Байнгын төлөөлөгчид би жич захидал явуулж, Мойгол Улс Бангладеш улсад найр тавин нэрээ буцааж байсныг дурдан энэ удаа бидэнд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Азийн бүлгийн орнуудаас дэмжлэг авах явдал чухал байсан. Бүлэг дэмжсэн тохиолдолд ногоон гэрлээр сонгогдох боломжтой. Зөвхөн манай улс нэр дэвшсэн бол бүлгийн дэмжлэг авах, сонгогдох боломж байсан. Гэвч манай улстай зэрэгцэн Тайланд нэрээ дэвшүүлсэн тул Азийн бүлэгт ногдсон нэг суудалд хоёр улс өрсөлдөх болсон, бүлэг нэг улс дэвшүүлэх талаар дотроо тохиролцож чадаагүй. Иймд бусад орны дэмжлэг авах ажлыг эрчимжүүлэх шаардлага гарч ирсэн.

Ер нь Азийн 12, Африкийн 14, Латин Америкийн 14, Өрнөд Европын таван орны Гадаад хэргийн сайд нарт захидал, Африкийн 24 орны Гадаад хэргийн сайд нарт цахилгаан утас илгээж байсан ба Этиоп, Ардчилсан Йеменд манай нам, засгийн төлөөлөгчид, Конго, Алжирт парламентын төлөөлөгчид, Бирм, Малайз, Филиппин, Финланд, Шведэд ГЯЯ-ны төлөөлөгчид айлчлах үеэр НҮБ-ын  АЗ-ийн сонгуульд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг албан ёсны яриа хэлэлцээний үеэр тавьж байсан байна. Давхардсан тоогоор, нийт 200 гаруй төлөөлөгчтэй Гадаад хэргийн сайд, Байнгын төлөөлөгч нар уулзалт хийж, дэмжлэг авах хүсэлт тавьж байсан.

БТГ нь улс тунхагласны 60 жилийн ойн хүлээн авалтаа сонгууль болохын өмнө хийсэн нь сонгуульд дэмжлэг авахад чиглэсэн үйл ажиллагааны нэг хэсэг байлаа.

Нэг үгээр хэлэхэд, хэр чинээгээрээ байгаа бололцоог ашиглан ажилласан. Урьдчилсан тооцоог бүдүүвчлэн хийж үзэхэд, манай улсыг баттай дэмжих орон 55, 20 гаруй улс гуйвж дайвж болох юм гэж үзсэн. НҮБ-ын Дүрмээр санал хураалтад оролцож байгаа гишүүн орнуудын гуравны хоёрын саналыг авсан нөхцөлд сонгогдсонд тооцох, санал хураалт нь шаардлагатай олонхийн саналыг авах хүртэл явагддаг журамтай. Манайх шаардлагатай олонхийн санал авч чадахгүй гэдгийг бидний хийсэн тооцоо харуулж байсан.

Социалист орнууд манайхыг дэмжих нь тодорхой байсан. Социалист орнуудаас Югослав л Тайландыг дэмжинэ гэсэн байр суурьтай байв. Балба, Швед улсууд Тайландыг дэмжих амлалт өгсөн тул манайхыг дэмжих боломжгүй гэсэн хариу өгсөн. Сонгууль болохын өмнө Лаосын санаачилгаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Лаосын эсрэг Тайландын үйлдсэн түрэмгийллийн асуудлыг авч хэлэлцсэн нь сонгуулийн дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлж болзошгүй гэсэн найдлага байсан.

НҮБ-ын АЗ-ийн байнгын бус гишүүдийг сонгох асуудлыг Ерөнхий Ассамблейн 39 дүгээр чуулганы аравдугаар сарын 22-ны хуралдаанаар хэлэлцэх үед Ази, Африкийнхаас бусад газар зүйн бүлгүүд нэр дэвшигч орнуудынхаа талаар тохиролцоонд хүрч чадсан тул Өрнөдийн бүлгээс Австрали, Дани, Латин Америкийн бүлгээс Тринидад Тобаго эхний санал хураалтаар сонгогдсон. Харин Ази, Африкийн нэр дэвшигч дээр олон удаа санал хураалт явагдсан. Азийн бүлгийн хувьд дөрвөн удаагийн санал хураалтын дараа Тайланд шаардагдах олонхийн буюу санал хураалтад оролцсон орнуудын гуравны хоёрын санал авч сонгогдсон юм. Эхний санал хураалтаар Монгол 59, Тайланд 99, хоёр дахь санал хураалтаар манайх 54, Тайланд 100, гурав дахь санал хураалтаар Монгол 51, Тайланд 103, дөрөв дэхээр манайх 49, Тайланд 106 санал авч сонгогдсон.

Африкийн бүлгийн хувьд санал хураалт нь дараагийн өдөр үргэлжлэн 11 дэх санал хураалтын дараа сонгуульд өрсөлдөж байсан Сомали, Этиоп хоёр аль нь ч олонхийн санал авч чадахгүй нь тодорхой болсон тул Африкийн Нэгдлийн Байгууллагын даргын саналаар тухайн хоёр улс нэрээ татаж, Африкийн бүлгээс Мадагаскарыг нэр дэвшүүлж, 12 дахь удаагийн санал хураалтаар Мадагаскар НҮБ-ын АЗ-ийн байнгын бус гишүүнээр сонгогдож байсан билээ.

НҮБ-ын АЗ-д сонгогдоно гэдэг нь амаргүй, маш их өрсөлдөөнтэй үйл явц гэдгийг энэ жишээгээр харж болох юм. НҮБ-ын түүхэнд 200 гаруй удаа санал хурааж, эцэст нь тэс өөр улсыг сонгосныг би санаж байна. Энэ үйл явдал 1990-ээд оны үед болсон ба Латин Америкийн бүлгийн нэг суудалд Куба, бүсийн бас нэг өөр улс өрсөлдөж байсан юм. Кубыг ЭҮНХ-ий дийлэнх олонхи тууштай дэмжиж байсан учир өрнөдийнхөн өөрийн дэмжиж байсан улсыг сонгуулж чадаагүй билээ.Санал хураалтын дүнгээс үзэхэд, бидний урьдчилан хийж байсан тооцоо үндсэндээ зөв байжээ. Бид шаардлагатай олонхийн санал авч чадахгүй гэдгээ мэдэж байсан. Гэхдээ нэрээ буцаахгүй эцсийн үр дүнг харахаар шийдсэн юм.

Манай нэг ахмад дипломатч нэрээ татах нь зүйтэй байсан юм хэмээн намайг шүүмжилж байв. Би унах хүртлээ явах нь зүйтэй гэж бодож нэг ёсондоо бага зэрэг муйхарласан тал бий. Анх удаа НҮБ-ын хамгийн гол байгууллагын сонгуульд оролцоод НҮБ-ын нийт гишүүдийн гуравны нэгийн саналыг авсан нь муугүй үзүүлэлт.

Тэр үеийн НҮБ-д улс төрийн зарим асуудлаар өрнөдийн талыг баримтлагсад тооны хувьд зонхилж байсан. Хөгжиж буй орнууд хүчтэй шахалтанд орох, хөгжилтэй орнуудыг дагалдах явдал байсныг үгүйсгэх аргагүй. Энэ бүхэн санал хураалтын дүнд нөлөөлсөн нь ойлгомжтой.

Нэрээ дэвшүүлэх боломжтой хугацааг ч зөв сонгосон гэж бодож байна. Гэхдээ тэр үед НҮБ үзэл суртлын тэмцлийн нэг талбар болж байсан тул социалист орныг сонгуулахгүйн тулд АНУ-ын хатгалгаар Тайланд нэрээ дэвшүүлсэн нь Азийн бүлгийн нэгдсэн дэмжлэг авах боломжийг хаасан талтай.

Манай улс тэр удаа НҮБ-ын АЗ-д сонгогдож чадаагүй ч дараагийн удаа сонгогдох боломж нээлттэй байгаа билээ. Монгол Улс НҮБ-ын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд өнөө үед сонгогдох бодит боломж бүр ч илүү болж байна. Манай улс 1990-ээд оны ардчилсан хувьсгалын үр дүнд өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлэн өөрийн үндэсний эрх ашигг тулгуурласан, дэлхийд нээлттэй, бие даасан гадаад бодлого явуулж байгаа билээ.

Эдгээр нь Аюулгүй зөвлөлийн гишүүний сонгуульд дэмжлэг авахад шаардагдах чухал хүчин зүйл болно. Манай улс ганц ч удаа АЗ-д сонгогдож байгаагүй нь нэрээ дэвшүүлэхэд дөхөмтэй хүчин зүйл болох ёстой. Азийн бүлгээс сонгуулийн асуудал дээр баримтлах чиг шугамын шинэчлэгдсэн тохиролцоогоор ганц ч удаа сонгогдож байгаагүй, жижиг орнууд давуу байдал эдлэх ёстой. Нэр дэвшүүлэх хугацаагаа зөв тооцоолж гаргах, зохион байгуулалт, санхүү, хүний нөөцийн зохих бэлтгэлийг эртнээс сайтар хангах явдал чухал гэж бодож байна. 1984 оны сонгуулийн үеэр ажиглаж байхад бидэнтэй өрсөлдсөн Тайланд сонгуулийн ажилд ихээхэн хөрөнгө гаргасан бололтой.

Сонгуульд амжилттай оролцож, АЗ-ийн байнгын бус гишүүний үүрэгт ажлыг гүйцэтгэюд хүний нөөцийн асуудал маш чухал. Сонгогдсон нөхцөлд НҮБ-ын дэргэд суугаа манай БТГ-ын өнөөгийн орон тоогоор ажиллах нь хангалтгүй гэдэг нь тодорхой. Иймд олон талт дипломат үйл ажиллагаагаар мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, БТГ-ын орон тоог хангалттай хэмжээнд хүргэхэд зохих анхаарал тавьж буй гэдэгт найдаж байна.

Манай улс НҮБ-д гишүүнээр элсээд 55 жилийн нүүр үзэж байна. Энэ бол бага биш хугацаа. Монгол Улс НҮБ-ын АЗ-д сонгогдох талаар дахин оролдлого хийх цаг ойртож байгаа болов уу. Эцсийн эцэст асуудал юундаа байна вэ гэвэл зүгээр нэг сонгохдоо биш. Энэ байгууллагын ажилд зохих хувь нэмрээ оруулах ёстой. Ингэхийн тулд хамгийн гол нь бид өөрсдөө бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай юм. Бидний дараа үеийн дипломатууд Монгол Улсыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдох зорилтыг хэрэгжүүлж, улсынхаа нэр ч хүндийг өндөрт авч явна гэдэгт итгэлтэй байна.

Элчин сайд Л.Эрдэнэчулуун


URL:

Сэтгэгдэл бичих