Б.Хурц яагаад эх орондоо ирэх болсон бэ?

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц хоёр хоногийн өмнө Монголд ирээд байгаа.

Жил гаруйн хугацаанд дуулиан тариад байсан түүний  хэрэг чухам яагаад нааштайгаар эргэж тэрбээр  эх орондоо ирэх болсныг хүн бүр гайхсан.

Б.Хурцын хэргийг нааштайгаар шийдэхэд Англи болон Герман дахь элчин сайдын яамныхан сайн ажилласан гэж холбогдох хууль, хяналтын байгууллагууд үзэж байгаа юм байна. Хүн хулгайлах гэмт хэргээр шүүгдээд байсан Б.Хурцыг Германд байх хугацаанд нь тус орны талаас хоёр өмгөөлөгч хөлсөлж авч ажиллаж байгаад Дээд шүүхэд давж заалдан “хүн хулгайлсан бус, хүний эрх чөлөөнд халдсан” хэрэг гэдгийг нотолсон байна. Энэ нь Б.Хурцыг батлан даалтад гаргах гол шалтгаан болжээ.  Тиймээс ч Европын баривчлах тогтоол хүчингүй болсон байна.

Түүнчлэн энэ хэрэг ийнхүү хөнгөрөх болсон нь Д.Энхбат агсан ч өөрөө Монголын хууль хяналтын байгууллагаас эрэн сурвалжлагдан байсан нь хэрэгт их бага хэмжээгээр нөлөөлсөн гэж баттай эх сурвалж мэдээллээ. Мөн Гадаад харилцааны сайд Унгарт болсон олон улсын хурлын үеэр Герман, Франц зэрэг улсын Гадаад харилцааны сайд нартай уулзаж ярилцаж байсан нь энэ хэрэгт нөлөөлсөн болов уу гэж зарим эх сурвалж үзэж байгаа юм.

Одоо гэхдээ хэрэг бүрэн хаагдаагүй. Өмгөөлөгч нар үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм байна. Нэгэнт хэргийн зүйл анги өөрчлөгдсөн тул хэргийн харьяалал ч өөрчлөгдөх бололтой.

Ч.Болор


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих