Томсон инфляц
Улс орны үндэсний мөнгөөр гадаадын мөнгийг худалдаж авах чадвар сайжирвал тухайн мөнгийг чангарч байна гэдэг. 2010 оны нэгдүгээр сарын 12-нд 1470 төгрөгөөр нэг америк доллар авч байсан бол яг 11 сарын дараа 1211 төгрөгөөр авах болж, төгрөг 20 хувиар чангарчээ.
Гэтэл инфляц эхний 11 сарын байдлаар 11 хувиар өссөн буюу тодорхой хэмжээний мөнгөөр худалдаж авах барааны тоо багасч, мөнгө 11 хувиар үнэгүйджээ. Уг нь мөнгө нь чөлөөтэй хөрвөдөг оронд гадаадын мөнгө авах, бараа авах хоёрын үнийн өөрчлөлт нэг зүгт хөдөлж, тодорхой төгрөгөөр улам их бараа авах баймаар. Жишээлбэл, Японд мөнгө нь чангарах тусам дефляц буюу юмны үнэ буурч байна.
Гэтэл Монголд яагаад төгрөг нь чангараад байхад юмны үнэ нэмэгдээд байна? Яагаад гэвэл үнийн өсөлт үндэсний мөнгө чангараад чангараад дийлэхээргүй их байна. Тэгвэл үнэ яагаад ингэж их өсөж байна вэ? Инфляц асар их байна. Дэлхий дээр нийт дөрвөн төрлийн инфляц байдаг. Үүнд эрэлтийг татсан, зардлыг түлхсэн, удирдсан үнийн болон салбарын инфляц ордог. Монгол Улсад энэ дөрөв янз бүрийн эрч хүчтэйгээр зэрэг явагдаж, инфляцыг сүлжин томж байгаа юм.
Манай улс нэг хүнд ногдох эдийн засгийн хэмжээгээрээ бага, хүн амын гуравны нэг нь ядуу, өрхийн хэрэглээний бараг гуравны нэгийг хүнс, түүний дотор мах, гурил, будаа, элсэн чихэр, төмс гээд тавхан бүтээгдэхүүн эзэлдэг. Эдгээр бараан дээр нэмээд үнийн хөөрөгдөлд эрчим хүч, түлш шатахууны үнэ онцгой нөлөөлдөг бөгөөд энэ хэдхэн төрлийн барааны үнийн өөрчлөлтөд хүн ам маш мэдрэмжтэй ханддаг. Харин дээрх барааны үнийн өөрчлөлтийг тооцохгүйгээр гаргасныг суурь инфляц гэдэг.
Эдгээр хэдхэн барааны үнийг өсгөхгүйн төлөө Монголын төр засаг бүх аргыг хайдаг бөгөөд импортын онцгой татварын төвшинг өөрчлөх замаар бензиний үнийг, өвөлд нь авч нөөцлөн, хавар ховордоход нь нийлүүлэх замаар махны үнийг, тариаланчдад ашигтай байхаар татаас төлж улаан буудай худалдан авах замаар гурилыг, эрчим хүчний зардлыг нь бараг хаахгүй үнэ дээр татаас төлөх замаар цахилгааны үнийг тус тус зохицуулж, үнийн хөөрөгдлөөс сэргийлж байдаг. Харин энэ зардлыг улсын төсвөөс гаргаж, нэг хэсгээс нь татвар аваад нөгөө хэсэгт нь үнийг бууруулан, үнийг барааны нийлүүлэлт талаас нь зохицуулж, арай ядан бага хэлбэлзэлтэй барихыг хичээж байна. Уг нь урт хугацаандаа үнийг Засгийн газар хэзээ ч, хаана ч тогтвортой барьж чаддаггүй юм.
Харин улстөрчид сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд мэдсээр байж бэлэн мөнгө хүн бүрт тарааж эхэлсэн учир үнэ хөөрч эхэллээ. УИХ-ын баталсан төсвөөр бол 2011 онд нэг их наяд төгрөгийг үргэлжлүүлэн олгох гэж байгаа нь өргөн хэрэглээний барааны эрэлтийг улам өсгөж, төр засаг нэг гараараа арай чүү тогтоож байгаа үнээ нөгөө гараараа дээш татаж байгаа хэрэг. Эрэлт ихсэж, нийлүүлэлт түүнийг тийм хурдаар дагаж чадахгүй нь тодорхой бөгөөд тэгээд ч баяр наадмын үеэр PR болгон хувиасаа өгч байгаа мэт дүр эсгэн тараадгаас үнэ өсгөх шалтгаан болж байна. Үүнийг эрэлтийг татсан инфляц (demand pull) гэдэг. Хамгийн түгээмэл инфляц бол энэ.
Мөнгөний үнийг хөөрөгдөж байгаа өөр нэг шалтгаан бол Засгийн газар өнгөрсөн сард төрийн албан хаагчдын цалинг 30 хувь нэмсэн нь бусад бизнесийн салбарт цалин нэмэх даралт үзүүлж эхэлсэн бөгөөд хөдөлмөрийн цалин хөлс, түүний бүтээмжээсээ даваад ирэхээр бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлыг өсгөж, үнийг нэмдэг билээ. Тэгээд ч Монголын компаниудын эрүүл мэнд, нийгмийн даатгалын татварын ачаа их, тэр их татвар, хураамж нь санхүүгийн зах зээлээрээ дамжин хөрөнгө оруулалт болж нийлүүлэлтийг дэмжихийн оронд, ил далд замаар тансаг хэрэглээг хөөрөгдөж, эрэлтийг нэмэгдүүлж байна. Бүтээгдэхүүн үйлчилгээний зардал үүссэнээс юмны үнэ өсөхийг зардлыг түлхсэн (cost-push) инфляц гэдэг.
Гурав дахь нь удирдсан үнийн инфляц (ad- ministered price) юм. Энд тодорхой бизнес үнээ нэмбэл илүү ашиг олж болно гэж үзэхийг хэлдэг бөгөөд олигополь шинж чанартай бизнес буюу цөөхөн компани зах зээлийг бүрэн эзэлсэн салбарт голлон гардаг. Газрын тосны бүтээгдэхүүн, эсвэл махны нийлүүлэлт дээр энэ илэрч байгааг хэвлэлээр мэдээлж байна. Уг нь энэ төрлийн инфляц эдийн засгийн өсөлттэй үед голлон гардаг ч, манайд ажиглагдсаар байна.
Дөрөв дэх төрөл бол тодорхой салбарын инфляц. Манай орны хувьд барилгын салбар хямралаас гарахаар мөлхөж байгаа энэ үед уг нь бол борлогдохгүй байгаа олон байрны үнэ буурсан ч, инфляцын шахалтаар өсөж, бодитойгоор буурахгүй буюу зарим тохиолдолд өсөж байна. Мөн долларын ханш унаад ирмэгц хүмүүс долларын хадгаламжаа үндсэн хөрөнгө рүү шилжүүлж байгааг дурдах хэрэгтэй.
Бүх төрлийн инфляцын шахалтаар төгрөг чангарсан ч, инфляц өсөөд байгаагийн учир энэ. Хэрэв төгрөг чангараагүй байсан бол энэ өсөлт бараг хоёр дахин өндөр байх байсан. Ямар ч гэсэн бид гадаадаас ирж байгаа мөнгөний хүчээр харин ч багавтар инфляцтай байна. Тийм учраас нэгэнт л иймэрхүү улстөрчидтэй, төр засагтай байгаа нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалт их л байж гэмээнэ Монголын хөгжил хурдаа барина.
Эдийн засагч, Монголчууд шударга татвар, ухаалаг зардлын төлөө ТББ – ын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
URL: