Өрх толгойлсон эцэг эхчүүд нийгмийн асуудалд нь анхаарахыг хүслээ
ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖ ӨГӨХ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН 85 ХУВЬ НЬ ХЭРЭГЖДЭГГҮЙ
Өрх толгойлсон ганц бие, эцэг, эхэд үзүүлэх нийгмийн халамжийн хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, ХАХНХЯ, ШШГЕГ, Цагдаагийн ерөнхий газар, НАМЭХ, “Тэргэнцэртэй иргэдийн холбоо”, “Ээж бүхний дуу хоолой” ТББ, “Өрх толгойлсон ээжүүд” ТББ, Монголын эрэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо. Мөн фэйсбүүкийн “Happy Single mommies” группын төлөөгчид хэлэлцүүлэгт оролцов. Төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хуулийн төслийн талаар танилцуулах илтгэл тавьж, оролцогчидтой илэн далангүй ярилцсан юм.
Сүүлийн 3 жилийн дунджаар Монгол Улсад 80 гаруй мянган өрх толгойлсон эхчүүд байгаа нь нийт өрхийн 10 орчим хувь ажээ. Эднээс 18 хүртэлх насны хүүхэдтэй 40433 ээж байгаа бол 7971 аав байна. Тэгвэл эдний 80 гаруй хувь нь 5 хүртэл насны хүүхэдтэй ажээ. Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээл учруулдаг нь амьдралын үнэн. Түүнчлэн өрх толгойлсон болон ганц бие хүүхэдтэй эцэг, эх, тэдний хүүхдүүдэд өнчрөл, хагацал, гэр бүл салалт зэргээс учирсан сэтгэл санааны гүн хямралаа даван туулах, шинэ амьдралд дасан зохицоход нь туслах сэтгэлзүйн зөвлөгөө, бусад шаардлагатай үйлчилгээ хомс, хүртээмжгүй байна. Иймээс өрх толгойлсон ганц бие ээжүүдийн амьжиргааг дэмжиж ядууралд орохоос урьдчилан сэргийлэх, эх хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Оюунхорол, С.Бямбацогт, Д.Тлейхан, Б.Чойжилсүрэн нар санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байгаа юм.
Хэлэлцүүлгээс харахад Монголын гэр бүлийн 10 хувьд хүрсэн ганц бие эцэг, эхчүүдийн цаана нийгмийн тун олон тулгамдсан асуудал нуугдаж буй нь илт. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын илтгэлд дурдсанаар гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоох зохицуулалт байдаг юм байна. Гэхдээ энэ талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн биелэлт 10-15 хувьтай байдаг аж. Нэг үгээр салсан гэр бүлүүдийн 85 хувь нь хүүхдийн тэтгэлгээ авч чаддаггүй байна. Энэ тухай ШГЕГ-ын албаны дарга, дэд хурандаа Б.Батболд бодит тоо баримт хэлсэн юм. Түүний ярьснаар, Улсын хэмжээнд жилд дунджаар 2000-3000 гэр бүлээ цуцлуулсан шүүхийн шийдвэр ирдэг бол нийслэлийн хэмжээнд энэ тоо 2000 гаруй байдаг гэнэ. Гэр бүлийн тухайн хуулиар хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд олгох хэмжээг 0-11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус олгож байхаар заажээ.
Хэдийгээр хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж өгөх шүүхийн шийдвэр гардаг ч одоогийн байдлаар:
Тогтмол төлөгдөж байгаа 5648 шүүхийн шийдвэр
Тогтмол тэтгэлэгээ авч байгаа 5745 хүүхэд
Хурамтлал үүссэн 4741 шүүхийн шийдвэр
Шүүхийн шийдвэр гарсанаас хойш 10 жил болсон 914 шүүхийн шийдвэр
Төлбөрийн чадваргүй 2208 тэтгэлэг төлөгч
Оршин суугаа хаяг тодорхойгүй 1548 тэтгэлэг төлөгч
Хорих ял эдэлж байгаа 71 тэтгэлэг төлөгч
Бусад шалтгаантай 5069 байгаа аж. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулийн дээрх заалт амьдралд бодитой хэрэгжихгүй байгааг энэ тоо харуулж байна. Энэ нь ганц, бие эцэг, эхчүүдийн олонхийг эзэлж буй ээжүүдийн хувьд үр хүүхдээ өсгөх хүнд ачааг ганцаараа үүрдгийг харуулж байгаа юм.
ӨРХ ТОЛГОЙЛСОН ГАНЦ БИЕ ЭЦЭГ, ЭХЭД ЯМАР ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУССАН БЭ?
Өрх толгойлсон ганц бие, эцэг, эхэд дараахь багц төрөл хэлбэрээр дэмжлэг үзүүлэх боломжтой гэж хуулийн төсөлд тусгаад байна. Үүнд:
Өрхийн орлогыг дэмжих чиглэлээр:
Өрхийн аж ахуй эрхлэхэд нь техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
Жижиг, дунд бизнес эрхлэхэд хөнгөлөлттэй зээл олгох;
Өрх толгойлсон ганц бие эх, эцэг ажлын байртай болоход ажлын байрны мэдээлэл-зуучлалын дэмжлэг үзүүлэх;
Амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээг хангах чиглэлээр:
Төрийн өмчийн түрээсийн орон сууц хөтөлбөрт нэн тэргүүнд хамруулах, орон сууцны хөнгөлөлттэй зээл авахад дэмжлэг үзүүлэх;
Харьяаллын дагуу цэцэрлэг сургуульд нэн тэргүүнд хамруулах
Хүүхэд нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бол хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, сурах бичгийг хичээлийн жилд нэг удаа төрөөс үнэ төлбөргүй олгох
Боловсролын талаар үзүүлэх дэмжлэг:
• Хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцахад нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх буюу хөнгөлөлттэй зээл авахад дэмжлэг үзүүлэх; /Хүний хөгжил сангаас оюутнуудад олгож байсан сургалтын төлбөрийн жишиг-500000 төгрөгөөр тооцов./
Шаардлагатай гэж үзвэл эх, эцгийг мэргэжил олгох сургалтад хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах;
Эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ:
Шаардлагатай бол хүүхэд, эх, эцгийг сэтгэл зүйн нөхөн сэргээх сургалтад хамруулах;
Хүүхэд болон эх, эцэгт үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн даатгалд хамруулах;
2 ба түүнээс дээш 6 хүртэл насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт өрх /сум, баг, хороо/-ийн эмчийн бичсэн жороор эмийн сангаас худалдан авсан эмийн үнийг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн төлнө.
Бага насны хүүхдийн хүмүүжил, өсөлт хөгжилт, эх, эцгийн эрх үүрэгтэй холбогдсон сургалтад хамруулах;
Нэмэгдэл хоол тэжээл, амин дэм, шаардлагатай хүүхэд, эх, эцэгт хөнгөлөлттэй нөхцлөөр хоол хүнс, амин дэм олгох;
2 ба түүнээс дээш 6 хүртэл насны хүүхдийг өрхийн эмчийн тодорхойлолтоор рашаан, сувилалд явж эмчлүүлсэн бол эрхийн бичгийн үнийн 50 хувь, ирэх, очих унааны нэг талын зардлыг нийгмийн халамжийн сангаас нөхөн олгох зэрэг хэлбэрээр дэмжлэг үзүүлэх боломжтой гэж үзжээ.
Ганц бие, эцэг эхчүүдэд үзүүлэх мөнгөн тусламжийн тухайд хүүхэд асрах чөлөөтэй, эсхүл гурав хүртэл насны, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч ажилгүй байгаа өрх толгойлсон эцэг, эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу 192 000 мөнгөн тэтгэмжийг сар бүр олгож, чөлөөтэй болон ажилгүй байсан тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцахаар тусгаад байна. Мөн хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд орон сууцны халаалт, цахилгаан, ус, түлшний үнийн хөнгөлөлтөд зориулан амьжиргааны доод түвшний 50 хувьтай тэнцэх буюу ойролцоогоор 96 000 төгрөгийн мөнгөн тусламжийг оршин суугаа газрын байршил, сууцны төрөл харгалзахгүйгээр улирал бүр олгохоор тусгаад байна.
УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛДОД ГАНЦ,БИЕ ЭЦЭГ, ЭХЧҮҮД ГОМДЖЭЭ
Энэ хуулийн төслийг олон нийт, тэр дундаа ганц биеэр амьдралын төлөө зүтгэж яваа эцэг, эхчүүд талархан хүлээн авсан юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд хуулийн төслийг улстөрийн агуулгаар үгүйсгэж, ганц бие эцэг, эхчүүдийн амьдралыг үл хайхарсанд эгдүүцэж байгаагаа хэлэлцүүлэгт оролцогсод хэлж байв. УИХ-ын дарга З.Энхболд уг хуулийн төслийн тухай “гэр бүлийг салгах” хууль хэмээн ганцхан өгүүлбэрээр дүгнэн хэлсэн нь зорилтот бүлгийг огт анзаарч хараагүй хариуцлагагүй үгээр тодорсон. Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон ээжүүд амьдралын зовлон, бэрхшээлээ нүдэндээ нулимстай тоочиж байв. Үг хэлсэн ээж бүхэн хууль баталдаг УИХ-ын дарга З.Энхболдын твийтэр хуудсаараа дамжуулан жиргэсэн дээрх үгэнд маш их харамсаж, гомдсоноо хэлж байлаа. Тэд нэгэнт УИХ-ын дарга нь ингэж хэлсэн юм бол хууль батлагдахгүй байх вий гэсэн болгоомжлолтой байгаа нь ч илт. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболдыг хэлэлцүүлэгт оролцож, өөрсдийнх нь зовлон бэрхшээлийг биеэр сонсч, мэдрэхийг гуйж, шаардаж байв. Түүнчлэн ганц, бие ээж, аавуудаас уучлалт гуйж, хуулийг баталж өгөхийг хүсч буйгаа хэлэлцүүлгээр дамжуулан уламжиллаа.
Б.ДАВААСҮРЭН: ЭРҮҮЛ ЭЭЖҮҮД НУЛИМСАА ДУСЛУУЛАН ЯРЬЖ БАЙХАД БИД ЭНЭ БАЙТУГАЙ ДУУГАРАХ ЁСТОЙ
Хэлэлцүүлэгт оролцсон “Тэргэнцэртэй иргэдийн холбоо”-ны гишүүн, ээж Б.Даваасүрэн:
Халамжийн тухай хуульд өрх толгойлсон эцэг, эхчүүдэд зориулсан ганцхан заалт байдаг. Тэр заалт нь гурав ба түүнээс дээш хүүхэдтэй эцэг, эхэд жилд нэг удаа 120 мянган төгрөг өгөх заалт. Гэхдээ том хүүхэд нь 14 нас хүрчихвэл тэр заалт үйлчлэхгүй. Өөрөөр хөгжлийн бэрхшээлтэй бидэнд зориулсан ямар нэг заалт байхгүй. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй ганц бие эцэг,эхэд зориулсан заалт нэмж өгөөч гэж хүсч байна. Энд эрүүл атлаа өрх толгойлсон ээжүүд нулимсаа дуслуулан ярьж байхад бид энэ байтугай дуугарах ёстой гэж бодож байна гэсэн юм.
Б.Даваасүрэн 18 нас хүрч байгаа нэг хүүхэдтэй аж. 10 жилийн өмнө нөхөр нь хаяж явснаас хойш ганцаараа хүүхдээ өсгөжээ. Хүүхдээ хими, биологийн чиглэлээр гурван жил бэлтгэсэн, цаашдаа гадаадад сургуульд явуулах хүсэлтэй гэнэ. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлдэг сарын 126 мянган төгрөгнөөс өөр орлогогүй учраас хүүхдийнхээ сайн сайхны төлөөх бодол нь зөвхөн мөрөөдөл болж үлдэх вий гэдгээс айдаг гэнэ. Тиймээс өрх толгойлсон ганц бие, эцэг, эхэд үзүүлэх нийгмийн халамжийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт зорин ирж саналаа хэлж буй аж. Энэ хуулиар нийгмийн асуудалд нь онцгойлон анхаарч өгөхийг хууль тогтоогчдоос хичээнгүйлэн хүссэн юм.
URL: