Үрээ алдчихвий хэмээн шаналж буй эхийн шаналан ба ХӨСҮТ
Сүүлийн хэдэн жил мартагдсан, устгасан өвчний нэгд тооцоод байсан Улаанбурхан өвчин буюу /КОР/ аюулын харанга дэлдээд удаж байна. Салбарын сайд нь 500 саяын хэргээр шоронд, Халдвартын эмнэлгийн дарга байсан Д.Нямхүү нь эмнэлгээс төрсөн тэрбумтан болж АТГ-дуудагдсан боловч хэргээс цэвэр мултарсан. Гэтэл өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д Улаанбурханы өвчлөлөөр хүүхэд нь багтахаа больж, эмнэлэг ачаалалаа дийлэхээ болиод удаж байна. Дарга байхгүй, өвчтөндөө дарагдсан байдалтай. Өнгөрсөн жилийн гурван сард Эрүүл мэнд спортын дэд сайд Д.Атармаа Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдийг оролцуулан шуурхай хурал зохион байгуулсан аж.
Тус хурлаар Улаанбаатар хот, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчин бүртгэгдэж байгаатай холбогдуулан Улаанбурхан өвчний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болох өвчний тандалт, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, орны зохицуулалтын талаар мэргэжлийн байгууллагуудад нарийвчилсан үүрэг, даалгаврыг өгсөн байна. Мөн өнгөрсөн жил олон хүүхэд өвдсөн учрыг тодруулахаар ажиллаж буй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан байх юм. Гэвч төр засаг солигдоод, дарга цэрэг нь үймж бужигнаад энэ аюулт өвчний тархалтыг хазаарлаж чадсангүй. Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 6523 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 64.3 хувь нь нийслэлд бүртгэгджээ. Өвчлөгсдийн 12 хувийг 0-8 сартай хүүхэд, 31 хувийг 10-19 нас, 31 хувийг 20-29 насны залуучууд тус тус эзэлж байгаа аж. Ийм л өвчин АЮУЛ дэгдээгээд байхад өнгөрсөн сарын 18-ны өдрөөс Улаанбурхан өвчний голомтод Улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулах ажил эхэлжээ.
Улаанбурхан туссан хүүхдүүдийн сэхээн амьдруулах тасаг нь үнэхээр сэтгэл шимширмээр. Хоёрхон аппараттай, тэр нь хүрэлцэхгүй, орохоор оочерлож байгаа хүүхдүүд олон. 0-8 сартай хүүхдүүдэд вакцин хийх боломжгүй учир энд үнэхээр их ачаалалтай байна. Бүүр ихэр хүүхэд ч өвчилсөн харагдана. Сэхээний аппарат байгаа газар нь жижигхэн өрөө байх юм. Шууд гарч, орж болдог хаалганы хажууд байх ба хаалга нээгдэх болгонд салхи орно. Урд нь байсан Д.Нямхүү дарга нь АТГ-ын шалгалтаар өөртөө удаа дараа нийт 5 сая 500 гаруй мянган төгрөгийн урамшуулал, мөн нийт 3 сая 100 гаруй мянган төгрөгийн илүү цагийн хөлс олгосон ба эргэн тойрондох газрыг нь зараад дууссан гэх. Энэ бол ил байгаа баримт нь харин далд байгаа нь хэд болохыг чөтгөр бурхан хоёр болон даргатан өөрөө л мэдэх биз.
Сахиурын өрөө гэж бас нэгэн жижигхэн өрөө байна. Сахиурын өрөө гэхэд хэцүү Дээхэн үед зарим нэг газрын Нойл тиймэрхүү байж билээ. Тэнд өдөртөө 10-20 хүн хононо. Орохоор шээс болон хүжний үнэр сэнхийгээд явчих юм. Ганцхан ортой бөгөөд хамгийн олон хоносон нь тэр орон дээр бусад нь өрөөнд орж ирсэн дарааллаараа гудас хөнжлөө засжээ. Багтахгүй байгаа хэд нь гадаа машиндаа хонох юм. Тэнд байгаа хүмүүс халуун тогоо, будаа агшаагч авчиран бараг л амьдарч амь зууж байна даа. Хамгийн удсан нь 17 хоножээ. Эцэг эхийн сэтгэл санаа нь өөдрөг байвал хүүхэд нь сайжирдаг хэмээх “Итгэл-Найдвар”-аар тэнд байгаа хүмүүс хэрэндээ л хөгжилтэй байх юм. Гэвч цаанаа л нэг айдастай. Аминдэм өгөх 20 мл-тэй дусал нь 130-180 мянгын үнэтэй. Тэрийг авч чадахгүй хүмүүс нь тэгээд “Хүүхдийнхээ буян заяа”-нд найдахаас өөр арга алга. ССАЖЯамны байрыг засаг солигдоход эмнэлгийн байр болгоно гэж Шоу хийж байсан санагдана. Гэвч тэр байрыг зараад, мөнгө нь хаачсан юм бүү мэд.
Улаанбурханаа яая гэж байхад ХӨСҮТ-ийн цахим хуудсанд дараах сэрэмжлүүлэг гарсан байна.
“Менингококкт халдвараар сургууль, цэцэрлэгийн бага насны хүүхдүүд, ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүд өвчлөн, үгдэрч хүндрэх хандлагатай байна”
Монгол Улсын Үндсэн хуульд “Амьд явах эрхтэй”, мөн “Хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэм байгуулна” хэмээсэн байдаг. Гэвч 26 жилийн дараа байдал ийм байсаар. ХӨСҮТ-ийн хажууд байх Хавдар судлалын үндэсний төв, бүх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмнэлгүүд, хүүхдийн эмнэлгүүдэд ор байтугай шал олдохоо байв. Сандал олдвол “Тансаг хэрэглээ” болсон. Монголд зочилсон нэгэн Америк профессор: “Монголын төр засгийнхан утаа бодит аюул учруулж байгааг ард түмэндээ шударгаар зарлаж, ойрын хугацаанд арга хэмжээ авч чадахгүйгээ хүлээн зөвшөөрч, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг авах ёстой ч энэ үүргээ гүйцэтгэхгүй байна. Бяцхан үрс тань 5-10 насаа алдаж буйгаа ч мэдэлгүй утаан дунд ээждээ хөтлүүлээд инээгээд алхаж яваа төрх сэтгэлийг минь үнэхээр эмзэглүүлж байна…” хэмээсэн байдаг. Эрүүл мэндийн сайд нь “Энхрий хайрт нам”-ынхаа санхүүжилтэд мөнгө олох гэж шаналж яваад “Аав”-ын хаалга татах дээрээ тулсан байгаа. Нэг хүний хандиваар 500 сая төгрөг олж чадаж байсан сайд үнэхээр Монголчуудын эрүүл мэндэд санаа тавьж байсан бол энэ салбарын хөгжил бусдаасаа тасрах байлаа. Үе үеийн сайдууд нь Буянт-Ухаад баригдаж буй төрөх эмнэлгийг босгож чадаагүй. Бүх яамны сайдууд нь Намдаа үйлчилдэг үү? Төрдөө үйлчилдэг үү гэдэг бидний хамгийн том сэдэв болжээ. Үрээ алдчихвий хэмээн шаналж буй эхийн шаналан, намдаа мөнгө олохоор яваа даргын Шаналангаас доогуур үнэлэгдэх ийм цаг үе дор бид амьдарч байгаа бололтой. УИХ-ын гишүүн байсан болоод байгаа гишүүд, Сайд дарга нар дотор Алдарт, Тод манлай уяач нар олон бий. Тэд нар нэг, нэг хурдан морь зарахад л тэрбумаар нь мөнгө босгож чадна.
Иргэд хотод амьдарсаныхаа төлөө татвар төлдөг. Харин эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ зөрчүүлсэний нөхөн төлбөрийг хэнээр төлүүлэх вэ??????
URL: