Зүрхэнд “ хайр” урласан бүсгүй
Хөвсгөл гэхээр хэн нэгэнд нилийсэн их далай ээж эсвэл сүрлэг уулс бодогдох буй за. Миний хувьд бол өөр юм. Гил хархан гэзгээ задгайлан алхах нэгэн бүсгүй л өөрийн эрхгүй нүдэнд, сэтгэлд буудаг. Ийнхүү нутаг усных нь тухай хэн нэгэн ярих тоолонд үргэлж сэтгэлд гэрэлтэж байдаг хүн бол яруу найрагч Г.Бөртэ-Үжин. Түүнд бусдаас ялгарах олон чанар бий. Хамгийн сайхан чанар бол хүнийг хайрлах. Мөн өөрийнхөө зорилгод хүрэх. Тэгвэл энэ бүсгүйд аль аль нь бий. Мөр замын дунд хүний гэгээн хүсэл бүдгэрдэг бол энэ бүсгүй өөрийнхөө ирээдүйг магадгүй гэгээн бүхнээр сүлж чаддаг юм шиг санагддаг. Ямартаа ч “Зүрхэн дээр чинь урлая” гэж хэлэх вэ дээ. Магадгүй хэн нэгний зүрхэнд зарим хайр нулимс үлдээдэг байж болох. Тэгвэл бүсгүй хүн үүнээс илүү үйл мэтгэнэ гэж юу байх билээ. Хайрыг урлах ухаан шүү. Хайртай бүсгүйнхээ бэлэглэсэн батлахны уутыг дайны жилд энгэртээ тэвэрч аз ивээдэг гэдэгт итгэдэг олон сайхан дайчин эрс байсан тухай хууч яриа байдаг. Үүн лугаа ханийхаа, хайрынхаа зүрхэнд хайр урласан эл эгэл хийгээд эжнгүйхэн сэтгэлтэй бүсгүйг хэн хайрлахгүй байх билээ дээ.
Тэнгэрийн доор
Бидэн хоёрын хайр ариухан
Тэнгисийн давалгаа
Зөөлөн хаялах шиг дөлгөөхөн дөө…гэж. Г.Бөртэ-Үжин ийм л уужуухан дөлгөөхөн хүн. Түүнээс хайр л асгардаг. Түүний эзэмшсэн мэргэжил сэтгүүлч. Хариулт бага өгдөг асуулт их тавьдаг мэргэжил. Харин энэ хүний дотоод ертөнцөөс асуумаар зүйл их байдаг. Магадгүй Г.Бөртэ-Үжиний өнгөрүүлсэн амьдралыг судар гэж үзэх юм бол багагүй олон баринтаг болох байх. Харин кино гэх юм бол үзэхийн хүслэн, сэтгэлийн догдлол ихтэй байж болох юм. Зүрэн дээр хайраа урлах энэ бүсгүйн зүрхэнд ч бас хайр урлаастай байгаа. Тэр мэдээж түүний аав, хань, ах дүү нар. Өөрийнхөө буй бүхнийг тэр дундаа сайхан сэтгэлийнхээ үрийг хаа л бол хаа цацаж түүнийхээ ачаар сайхан бүхний шимийг хүртэж суух энэ бүсгүй эхээс есүүлээ. Цацлын сүүний сүү мэлтэлзсэн есөн нүд шиг. Ерөөлийн хадаг дэлгэсэн есөн билэгдэл шиг. Ийм л өнөр айлын зургаа дахь нь. Зулай дээрээ таван сайхан ахтай. Өлмийгөө зөөллөж өргөсөн гурван сайхан дүүтэй.
Өөлдийн галд цучил нэмж
Өвгөдийн голомтыг тэнгэрлэг бадраах
Та нар минь
Тэнгэр минь
Аавд минь заяасан хүн бурхад
Тэнгэр аргаддаг
Тахилын таван эрдэнэ…хэмээн “Миний ах” шүлэгтээ бичсэн буй за. Ахтай хүн айдасгүй, дүүтэй хүн шаналалгүй амьдардаг гэж үг бий. Тэгвэл тэр бүхнийг бүтээгчийн нэг нь яруу найрагч Г.Бөртэ-Үжин. Алсад хөшиглөн шивэрч буй бороо ойртох нь заримдаа хамгийн дотно хүн ирэх шиг. Үүн шиг заримдаа түүнийг шүлгүүдийг уншиж суухад нэг л дотно санагдана. Илүү дутуу чимэг гоёлгүй, нэг их айхтар хээнцэр биш атлаа цаанаа л нэг нандин. Энгийн нэг торгоор биед эвтэйхэн дээл урласан мэт тийм л шүлгүүд. Тэрхүү шүлгүүд дотроос нь аавын хайр илүү мэдрэгдэнэ. Охинтой хүн тэр дундаа яруу найрагч охинтой байна гэдэг сайхан. Алдхан биеийг нь хүний зэрэгт хүргэж алдрайхан насанд нь амьдралын ухаан суулгасан аав хүний ухаан он жилүүдийн оргил байдаг. Ангир шаргалхан уургынхаа амтыг мартаагүй насандаа ээжийгээ тавиланд булаалгасан энэ бяцхан охин. Аавынхаа гараас хөтөлж тоост орчлонг илээж өнөөг хүрсэн. Тэр ч утгаараа аав нь түүнийг хамгийн эрхэм нэгэн.
Аавын минь зүрхэнд ээж минь
Амьсгалтайгаа оршдог
Амсаж туулсан амьдралынх нь
Ардаа үлдсэн он жилүүдийнх нь үргэлжлэл
Аминаас амилж ургасан алаг үрсийн ертөнц өө…хэмээсэн энэ эгэлхэн мөртүүд дундаас аав охин хоёрын гэгээхэн хайрыг олж харж болох. Дэлгэр мөрний хөвөөнд төрсөн энэ бүсгүй Галт сумын уугуул. “Улаанбаатар эрдэм оюу” дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг төгссөн. Ажил амьдралынхаа гарааг “Хонгор зул” сониноос эхэлсэн байдаг юм билээ. Хос хунгаар толгойгоо хийсэн уг сониноос олон сайхан уран бүтээлч төрсөн байдаг. Тэр л гэгээн сэтгэл шингэсэн нийтлэлүүд дунд сэтгүүл зүйн шанг таталцаж явсан гэж бодохоор Г.Бөртэ-Үжиний дотоод ертөнц яаж сүүдэртэй байх билээ дээ. Мөн төрж өссөн нутгийнхаа уран бүтээлчдийн зам харгуй болсон “Эрх чөлөө”, “Хууль зүйн хөтөч”, “Далай ээж” зэрэг хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж үзэгнийхээ үзүүрийг ариун шударыг төлөө эрүүлж чадсан чадварлаг сэтгүүлч билээ. Яагаад ч юм бэ түүний сэтгэлд “Хоёрдугаар сарын бороо” өөрийн эрхгүй орж ирсэн байх. Тиймээс ч хаврын анхилхан салхитай хоёрдугаар сард бороог хүлээх хэн бүхэнд анхны уран бүтээлийнхээ цомгыг хүргэж байсан. Үүний дараа “Зүрхэн дээр чинь урлая”,” Тэнгэр ивээсэн гэгээн заяа” номуудаа эрхэм уншигчидынхаа гэгээн мэлмийд хүргээд байна. Хаврын зөөлөн салхи сул асгасан хархан гэзгээр нь наадсан эгэл хийгээд энгүйхэн сэтгэлтэй нэгэн уран бүтээлч бүсгүй бидний дунд ирээдүйн зүг алхана. Тэр л бүсгүйн сэтгэлийн ертөнцөд хааяа хааяахан саатаж шүлгүүдийнх нь тухай эргэцүүлэх хором бүр үнэтэй санагдах хэн нэгний зүрхэн дээр хайр урлагдана.
В.Нэргүй
URL: