МАХН-ынхан Онцгой байдлын тээврийн хэрэгсэл ашиглаж цуглаан зохион байгуулжээ

МАХН-ын өнөөдөр Ялалтын талбайд цуглаан хийхдээ Онцгой байдлын тусгай тээврийн хэрэгслийг ашиглажээ. Энэ талаарх мэдээлэл яг одоо твиттер, фэйсбүүкийн ярианы гол сэдэв болоод байна.

МАХН-ын залуус цагаан сарын дараанаас АТГ-т хууль бус шаардлага хүргүүлж, түүнийгээ шийдүүлэхээр оролдож байгаа юм. Тодруулбал, МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, Монголын залуучуудын холбооноос АТГ-т хаяглан “МАХН-ын дарга нарыг шалгахаа зогсоо. Шалгагдаж буй дарга нараа сулла” шаардлага хүргүүлсэн юм. Харин АТГ уг бичгийн хариуг “Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох”-ыг хориглосон. Шаардлагыг хүлээн авч шийдвэрлээгүй тохиолдолд шат дараалсан тэмцлийн хэлбэрт шилжих тухай танай мэдэгдэл нь өөрөө байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх улс төрийн шинжтэй дарамт шахалт гэж ойлгогдохоор байна. Улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллагын зүгээс тус газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, авлига, албан тушаалын гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахаар оролдож, намын удирдлагуудыг суллахыг шаардсан зэрэг нь Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна” гэж өгсөн.

Гэвч тэд хууль зөрчсөн үйлдлээ зогсоолгүйгээр мөрдөн байцаах үйл ажиллагаанд санаатайгаар саад хийж байгаа нь өөрөө хууль зөрсөн үйлдэл юм. Тэгвэл тэд энэ удаа цуглаан зохион байгуулахдаа Онцгой байдлын газрын тусгай тээврийн хэрэгслийг ашигласан нь олон нийтийг ихээхэн бухимдуулж эхэллээ. Тэднийг жагсаал хийж байх үеэр хаа нэгтээ гал гарсан бол яах вэ. Тийм эрсдэл үүсэхгүй гэх газаргүй шүү дээ. Ер нь төрийн өмчийг ямар нэгэн нам хувийн ашиг сонирхолдоо ашиглаж болохгүй нь тодорхой. Гэтэл МАХН-ынхан хэний, ямар давуу эрхээр уг тээврийн хэрэгслийг ашигласан бэ гэдэг нь хачирхалтай. Шийдлийн гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газарт МАХН-аас Ц.Цолмон Батлан хамгаалах яамны сайдаар, З.Баянсэлэнгэ Барилга, хот байгуулалтын сайдаар, Ц.Оюунбаатар Шадар сайдаар ажиллаж байгаа. Тэгвэл Онцгой Байдлын Ерөнхий газар нь Шадар сайдын мэдэлд байдаг билээ.

Г.Ган


URL:

Сэтгэгдэл бичих