Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжихэд 3 тэрбумыг төсөвлөжээ

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 99,5 мянган хүн бий. Нийт хүн амын 3.3 хувийг эзэлдэг эдгээр иргэдийнхээ ажиллаж хөдөлмөрлөх эрхийг нь хангахад Хөдөлмөрийн яам анхаарч, тодорхой бодлого барьж ажилладаг.  Хөдөлмөрийн сайдын гуравдугаар сарын 1-ний А/50 тоот тушаалаар шинэчлэн байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл өнөөдөр анхны хуралдаанаа хийлээ. Хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд сайдад мэргэжлийн зөвлөгөө өгөх, санал, зөвлөмж боловсруулах үүрэг бүхий ийм зөвлөл байсан ч төдийлөн хангалттай сайн ажиллаж чадаагүй. Тиймээс Г.Баярсайхан сайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар ажиллах ёстой уг зөвлөлийг дүрэм журмынх нь дагуу ажиллуулахаар бүрэлдэхүүнийг нь шинэчлэн, үүргийг нь тодорхой болгон зааж өгсөн юм. Зөвлөлийг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж бүрэлдэхүүнд нь яамны газрын дарга, холбогдох мэргэжилтнүүдээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоодын төлөөллийг багтаажээ. Тус зөвлөл нь  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрт, арга хэмжээний хэрэгжилт, тэдгээрийг эрчимжүүлэх, нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэх үүрэгтэйг зөвлбийг ахалж буй Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт хуралдааны эхэнд танилцуулсан.

 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөл анхны хуралдаанаараа зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмаа хэлэлцэхийн хамт УИХ-аар саяхан батлуулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн арга хэмжээний талаарх танилцуулгыг сонсч, 2016 оны ажлын төлөвлөгөөгөө эцэслэн баталлаа.

 Хөдөлмөрийн яамнаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд энэ хүрээнд  бичил аж ахуй эрхлэхийг хүссэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, аж ахуй эрхлэлтийн сургалтанд хамруулах, жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох, зээлийн хүүг нөхөн олгох, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх, бичил аж ахуй эрхлэхийг хүссэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний боловсруулсан төслийг сонгон шалгаруулж, санхүүгийн буцалтгүй тусламж олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг тусгай тоног төхөөрөмж, нөхцөл бүхий тусгайлсан сургалтын хөтөлбөрөөр зохион байгуулах, ажил хайж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөтөч, дохионы орчуулгын үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

2013 онд хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд нийт 1,3 тэрбум төгрөгийг зарцуулж, 1180 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байнгын болон тусгайлсан ажлын байртай болсон бол 2014 онд 2349 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамруулж 1,7 тэрбум төгрөг зарцуулснаар 1576 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байртай болсон. Өнгөрсөн  онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт Хөдөлмөр эрхлэлтийн сангаас 2,7 тэрбум төгрөг гаргаж 3540 иргэнийг хамруулан 1988 байнгын ажлын байр бий болсон. Хөдөлмөрийн яамнаас хөгжлийн бэрхлээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжхэд чиглэсэн хөрөнгийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого барьдаг бөгөөд 2016 онд нийтдээ 3,0 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих