Улс төржих ёсгүй үндсэн хуулийн хяналт

Өнөөдөр Монгол Улсад Үндсэн хуульт ёсыг огоорч, зүйл, заалтыг нь илт зөрчих явдал газар авч Үндсэн хуулийн цэцийн бие даасан хараат бус байдлыг үгүй хийх, цэцийг дурын этгээдээр бүрдүүлж, дуртай шийдвэрээ гаргуулдаг улс төржсөн байгууллага болгох санаархал хүчтэй илрэх боллоо.

Энэ нь Үндсэн хуульт ёсны тухай, Үндсэн хуулийн хяналтын зорилго, хөгжлийн чиг хандлага, Үндсэн хуулийн цэц, түүний гишүүдийн эрх зүйн байдлын тухай зайлшгүй хөндөн ярихаас аргагүй байдалд хүргэж байна.

Ардчилсан, хуулийн засаглал бүхий улс орнуудын Үндсэн хуулинд Үндсэн хуульт ёс болон түүний хамгаалалт өөрөө баталгаажсан байдаг нь төрийн байгууллага, төрийн өндөр албан тушаалтны зүгээс Үндсэн хуулийг зөрчих магадлал өндөр гэдгийг урьдчилан тооцож дархалсан нь зүй ёсных юм.

Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн зохистой хуваарилалтыг Үндсэн хуулиндаа хийж чадсан үед л эрх мэдлийн төвлөрлийг хязгаарлах боломжтой. Тийм учраас эрх мэдлийн хуваарилалт, үндсэн хуулийн хяналтын тогтолцоо гэдэг бол Үндсэн хуульт ёсны хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Үүнийг ардчиллын ч үндсэн зарчим гэж судлаачид тодорхойлдог.

Үндсэн хуулийн хяналт нь Үндсэн хуульт ёс болон хууль ёсны эрх зүйн хамгаалалтын дээд төрөл мөн.

Харин Үндсэн хуульт ёсны хууль зүйн баталгаагүй тогтолцоог Үндсэн хуулийн тогтолцоо гэж үзэхэд хэцүү ба энэ нь сүүлийн жилүүдэд европ, азийн хэд хэдэн улсад гарсан Үндсэн хуулийн хямралаар батлагдаж байгааг Монголчууд бид сургамж болгон дүгнэлт хийх ёстой.

Үндсэн хуулийн шүүхийн тогтолцоо нь улс төрийн тогтолцооны хэсэг байж Үндсэн хуулиар тодорхойлсон нийгэм, улс төрийн тогтолцоог хамгаалах үндсэн үүргийг гүйцэтгэдэг.

Үндсэн хуулийн хяналтын хууль зүйн бусад арга хэрэгслэлээс ялгаатай нь хууль зүйн болон улс төрийн дээд хүчин чадалтай акт болох Үндсэн хуулийг л хамгаалж хэрэгжүүлдэгт байдаг.

Энэ ч утгаараа Үндсэн хуулийн шүүх нь ердийн шүүх эрх мэдлийн бүрэлдэхүүн хэсэг биш гэдгийг онцлох шаардлагатай.

Иймд Үндсэн хуулийн хяналтыг шүүх, хууль тогтоох болон бусад хууль зүйн үйл ажиллагаатай адилтгах боломжгүй тусгай институц юм. Тусгай институц болохын хувьд хууль зүй, улс төрийн шинжтэй тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Мөн улс төрийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болж нийгэм, улс төрийн суурь харилцааг хууль зүйн аргаар дэмжиж байдаг. Товчоор хэлбэл тухайн нийгэм, улс төрийн тогтолцоог Үндсэн хуульд үндэслэн хамгаалах үүргийг хүлээдэг.

Үндсэн хууль бол хууль зүйн болон улс төрийн баримт бичиг юм. Ийм ч учраас Үндсэн хуулийн маргаан нь хууль зүйн хэлбэртэй, улс төрийн агуулгатай байдаг. Энэ чанараараа Үндсэн хуулиа хамгаалж хэрэгжүүлэх нь ардчилсан улс төрийн тогтолцооны суурь асуудалд тооцогддог.

Үндсэн хуулийн шүүх нь Үндсэн хуулийг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хууль тогтоох болон гүйцэтгэх байгууллага, төрийн өндөр албан тушаалтнуудын үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж байдаг ба Үндсэн хуулийн шүүхийн энэ үүрэг нь зайлшгүй улс төрийн шинжийг агуулдагын зэрэгцээ өөрийн агуулга, үр дагавраараа улс төрийн нөхцөл байдалд нөлөөлж болохуйц хууль зүйн арга хэрэгсэл болдог онцлогтой.

Иймд Үндсэн хууль судлаачид Үндсэн хуулийн хяналт нь эрх мэдлийн дээд түвшний байгууллага болох хууль тогтоох, гүйцэтгэх болон төрийн өндөр албан тушаалтнуудын өөрсдийнх нь ашиг сонирхлыг хязгаарлах боломжтой учраас тухайн улс төрийн тогтолцооны тогтвортой байдлыг хадгалах маш чухал баталгааны нэг болдог учир Үндсэн хуулийн хяналтын тогтолцоог хатуу тусгах шаардлагатай гэдэгтэй санал нэгддэг.

Монгол Улсад анхны ардчилсан Үндсэн хуулийг батлахдаа хуулийн төслийг ард нийтээр гурван сар хэлэлцүүлэн, Улсын Бага Хурлын гишүүд дөрвөн хэлэлцүүлэг дамжуулж хоёр удаа, Ардын Их Хурлын 430 депутат 50 гаруй хоног хоёр удаа үг нэг бүрчлэн хэлэлцэж баталсан.

Ингэхдээ хууль тогтоогчид төрийн эрх мэдлийг хуваарилах тухай онол, сургаал, хөгжлийн чиг хандлага, өмнөх нийгмийн алдаа, сургамжийг үндэслэн төрийн эрх мэдлийг нэг хүний, нэг байгууллагад төвлөрүүлэхийг халах, эрх мэдэл харилцан хяналттай байж, бие биенийхээ бүрэн эрхэд хөндлөнгөөс оролцдоггүй байх үзэл баримтлал, зарчмыг удирдлага болгон төрийн эрх мэдлийг хууль тогтоох байгууллага буюу УИХ, гүйцэтгэх засаглал буюу Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгчийн институт болон хараат бус шүүхэд хуваарилж Үндсэн хуулинд баталгаажуулжээ.

Үүний зэрэгцээ хэрэв Үндсэн хуулийн энэ суурь зарчим, үзэл баримтлалыг хэн нэгэн этгээд зөрчвөл Үндсэн хуулийн цэц иргэдийн өргөдөл, мэдээлэл, албан тушаалтны хүсэлтээр хянан шийдвэрлэж таслан зогсоохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн хяналтын зорилго, орчин үеийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн зохицуулалт болсон гэж судлаачид үздэг.

Үндсэн хуулийг хэлэлцэн баталсан хууль тогтоогчид, хуульч эрдэмтэн судлаачид ирэх он цагуудад хэн нэг нь ардчилсан Үндсэн хуульд халдах, түүний манаач болох Үндсэн хуулийн цэцийн хараат бус, бие даасан байдлыг сулруулж өөрсдийн дуулгавартай гар хөл болгохыг оролдох санаархал, эрсдэлийг урьдчилан харж чадсан байна.

Энэ зорилгоор Үндсэн хуулийн Тавдугаар бүлэгт Үндсэн хуулийн цэцийг “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” болон “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна” гэж тус тус тодорхойлж Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэж Цэцийн гишүүний хараат бус, бие даасан байдлын дархлааг хоёрдмол утгагүйгээр баталгаажуулжээ.

Гэтэл өнөөдрийн эрх баригч АН-ын удирдлага Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт эгдүүцэх, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг мушгин гуйвуулах, иргэдийг цэцийн эсрэг турхирах, цэцийг өөрийн дуулгавартай зарц болгох зорилгоор Үндсэн хуулийн тодорхой зүйл, заалтыг зөрчин цэцийн дарга, гишүүдийн бүрэн эрхэд халдаж эгүүлэн татах шийдвэрийг гаргалаа.

Эрх баригчдын дураар авирласан энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоох дархлаа, хамгаалалт манай Үндсэн хуульд хангалттай байгаа тул удахгүй үнэнд гүйцэгдэж няцаагдах нь тодорхой.

Бүхнийг эрх мэдэлдээ байлгахыг мөрөөдсөн хэн нэгний өөрийн харьяа байгууллага мэтээр андуурсан цэцийн бүрэлдэхүүний халаа сэлгээний санаархал ч тас цохигдох нь ч дамжиггүй.

Нөгөө талаар цэцийн зарим гишүүд эрх баригчдын Үндсэн хууль зөрчсөн үйлдлийг өөрийн эс үйлдлээр дэмжин өөгшүүлж байгаа нь цэцийн гишүүнд тавигдах шалгуурыг өндөр болгох шаардлага бий болсныг ч харуулж байна.

Аливаа байгууллага, албан тушаалтнаас хараат бусаар, гагцхүү Үндсэн хуульд захирагдан ажиллах ёстой цэцийн гишүүдийн холч, мэргэн ухаан Үндсэн хуулийн хяналтыг улс төржилтөөс ангижруулж, шударга ёсыг авчирна. Мэдэгтүн, сахигтун!

Эрх зүйч М.Төрбат


URL:

Сэтгэгдэл бичих