Худалч ХААН бас хулгайч
ХААН банктай холбоотой муу мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслийн нүүр хуудас, эфирээс салахаа больжээ. “Танд ойрхон түмэнд итгэлтэй” гэх нэг сайхан уриатай тус банк сүүлийн үед хэнд ойрхон үйлчлээд байгааг хэн ч ойлгохоо больсон.
Нэг хэсэг бохир заваан хүмүүст үйлчлэхгүй хэмээн томорч, тус банкны удирдлагууд “Эх орны хишиг” тараах ажлаасаа татгалзсан. Улсын хөдөлмөр халамжийн газарт хандан зургаан удаа хүсэлт гаргасных нь дагуу “Эх орны хишиг” тараахыг нь болиулсан байгаа. Гэтэл саяхан тус банкны удирдлагууд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоог лоббидож тэтгэвэр тэтгэмжийг манайхаар дамжуулсангүй хэмээн гомдоллов.
Тус банк өнгөрсөн долдугаар сараас гэр хорооллын болон орон нутгийнханд үйчлэхээ больсон. Тус банкныхан “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт сар болгон олгодог Эх орны хишиг болох 21 мянган төгрөгийг тараахаас татгалзахдаа муухай үнэртэй, заваан хүмүүст үйлчлэхгүй гэдгээ зарласан. Нийслэл хотод 31 хорооны 268 мянга, орон нутагт 65 багийн 59 мянган хүнд хувь хишиг тараахаа зогсоосон билээ. Одоо харин шал өөр зүйл яриад явж байна. “Биднийг мэдээгүй байхад “Хүний хөгжил сан”-гаас олгодог мөнгийг Улсын хөдөлмөр халамжийн газар буцаагаад татчихсан байсан” хэмээн хээв нэг худал залсан. МҮЭХ-той хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд ингэж худлаа гөрсөн билээ. Тус банктай холбоотой хэл ам үүгээр зогсохгүй. Ажлаасаа гарах өргөдлөө өгсөн ажилтнаасаа мөнгө нэхэж шүүхэд хандсан хэрэг хүртэл гарсан билээ. ХААН банкны Төв салбарын захирлаар ажиллаж байсан иргэн Я.Отгонжаргал энэ оны нэгдүгээр сард ажлаасаа халагдах өргөдлөө өгчээ. Гэтэл ХААН банк түүнээс 507 сая 257 мянга 735 төгрөг нэхэмжилж шүүхэд өргөдөл гаргажээ. Шалтгаан нь ажлаа цалгардуулсан гэж. Удирдлагынхаа дарамт, шахалтыг тэсвэрлэж чадаагүй ажилтнаа ийнхүү шүүхэд өгсөн боловч өөрсдөө буруутан болсон. Баянзүрх дүүргийн шүүхээс “…Я.Отгонжаргалыг ХААН банкны ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилго агуулсан нь тогтоогдохгүй ба хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна” хэмээн нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон юм.
“Түмэнд итгэлтэй” ХААН-ынхан худалч бас хулгайч. “Хаан банк”-ны харилцагч, иргэн Т.Мөнхнарангийн данснаас 98,5 сая төгрөгийг тус банкны теллэр нь хулгайлсан хэрэг гарсан. Энэ мөнгийг “Хаан банк”-ны теллэр Д.Дугаржав Т.Мөнхнарангийн данснаас өөр бусдын данс руу шилжүүлэн гаргаж авсан байдаг. Өөрөөр хэлбэл “Хаан банк”-ны теллэр Д.Дугаржав харилцагчийн данснаас мөнгө гаргахдаа харилцагч Т.Мөнхнарангийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогджээ.
Энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газрын ахмад мөрдөн байцаагч Амарзаяа мөрдөн шалгаж эхэлсэн бий.
Мөн Монголын малыг хуугаар нь барьцаанд авсан хэрнээ өнгөрсөн 2009 оны зуднаар ердөө 10 саяхан төгрөг хандивласан “харамч” нөхдүүд шүү дээ.
Тэгэхээр “Танд ойрхон түмэнд итгэлтэй” гэх гоёмсог уриагаар халхавчлан ХААН-ынхан худал хэлж, хулгай луйвар хийхдээ гаршиж байгааг анхаар.
Н.БАДАРЧ
URL: