“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа олгож байна
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн даваа гарагийн ээлжит хуралдаан “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д болж, иргэдийн хандалт ихтэй үйлчилгээ үзүүлж буй нийслэлийн харъяа байгууллагууд мэдээлэл хийлээ.
“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн мэдээллийг Нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс туршилтаар, 01 дүгээр сарын 14-ний өдрөөс албан ёсоор ажиллаж эхэлсэн. Тус төвөөр нэгдүгээр сард 40 117, хоёрдугаар сард 29 649 нийт 69 766 иргэн үйлчлүүлжээ. Нийт үйлчлүүлсэн иргэдийн 60,7 хувь нь шуурхай, 8,1 хувь нь богино хугацаанд үзүүлэх, 8,9 хувь нь урт хугацаанд үзүүлэх, 22,3 хувь нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
Нийслэлийн бүртгэл статистикийн газраас тус төвд 12 улсын бүртгэгчийг тогтмол ажиллуулж, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 6 цонхоор иргэн, эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйлчилгээгээр үйлчилж байна. Иргэний Улсын бүртгэлийн чиглэлээр гэрлэсний бүртгэл, гэрлэлт цуцлуулсны бүртгэл, гэрлэлт сэргээсний бүртгэлт, төрсний гэрчилгээний дахин олголтын бүртгэл, гэрлэсний гэрчилгээний дахин олголтын бүртгэл, нас барсны гэрчилгээний дахин олголтын бүртгэл болон 17 төрлийн лавлагааг олгож байна. Ойрын хугацаанд төрсний бүртгэл, эцэг тогтоосны бүртгэл, иргэний шинэчилсэн бүртгэл, гадаад паспортын сунгалт, дахин олголтын үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байна. Харин Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр эд хөрөнгө өмчлөх эрхийн, эд хөрөнгө эзэмших эрхийн, эд хөрөнгө ашиглах эрхийн, барьцааны, батлан даалтын, түрээсийн, сервитутын, узуфруктын, бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн, санхүүгийн түрээсийн гэрээний эрхийн, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, барьцаанд буй эсэх лавлагааг олгож байна.
Нийслэлийн Боловсролын газраас суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх, оюутны цахим төлбөрийн карт, боловсролын гэрчилгэ, үнэмлэх дүйцүүлэх үйлчилгээг үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 2570 иргэнд үйлчилгээ үзүүлжээ.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК иргэдэд төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох техникийн нөхцөл олгох, төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох үйлчилгээ үзүүлж байна. Цаашид дулааны тоолуурын техникийн нөхцөл олгохоор судалж байгаа.
Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК үндсэн зургаан үйлчилгээ, бусад төрлийн долоон үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд 937 иргэнд үйлчилжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: