“Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам” баталлаа
Засгийн газрын 2010 оны 289 дүгээр тогтоолоор баталсан “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-т улсын бүртгэлийн байгууллага нь гадаад улсад зорчих баримт бичгийг зохиох, хэвлэх, тараах, цахим хэлбэрт шилжүүлэх, олон улсын стандартад нийцүүлэх, машинаар уншигдах боломжтой гадаад улсад зорчих баримт бичиг олгох, хугацааны сунгалт хийгдэхгүй ба уншигдах хэсэгт өөрчлөлт, засвар оруулах боломжгүй биометрик мэдээлэл хадгалсан паспортыг хэрэглээнд нэвтрүүлэх, машинаар уншигдахгүй гадаадад зорчих баримт бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө эргэлтээс бүрэн хасах тухай заасан.
Иргэний бүртгэлийн бодлого, хөтөлбөр, зорилтын хүрээнд хууль эрх зүй, мэдээлэл технологийн болон бүртгэлийн үйл ажиллагаанд өөрчлөлт орсноор Засгийн газрын 2006 оны 184 дүгээр тогтоолоор батлагдсан журмын нэр томъёо, зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай болж байна. Шинэчлэн боловсруулсан журамд гадаад паспортын хүчинтэй байх хугацааг 5, 10 жилийн хугацаатай байхаар тусгажээ.
Мөн гадаад паспортын бүртгэлийн төвлөрөл, шат дамжлагыг бууруулж орон нутаг дахь бүртгэлийн байгууллагад шилжүүлэхээр тусгасан байна. Ингэснээр бүртгэлийн үйл ажиллагааны чанар хүртээмж сайжирч, иргэдэд төрийн үйлчилгээ ойртоно гэж тооцож байна.
URL: