Аймаг, дүүрэг, сумдын баяр наадмын хугацааг хойшлуулахаар боллоо
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2 дугаар зүйл, Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газрын тогтоол гаргаж, аймаг, дүүрэг, сумын баяр наадам, бүс, аймгийн хэмжээний томоохон уралдааныг 2016 оны 7 дугаар сарын 15-25-нд зохион байгуулах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.Энэ оны 7 дугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотод болох Ази, Европын дээд түвшний уулзалтад 4000 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд 53 орны төр, засгийн тэргүүн оролцохоор саналаа ирүүлсэн байна. Мөн хэвлэл, мэдээллийн байгууллагын 800 орчим сурвалжлагч, сэтгүүлч ажиллана. Дээд түвшний уулзалт болох цаг хугацаа нь Үндэсний баяр наадамтай давхцаж байгаа юм.
Хөдөлмөрийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар нийтээр амрах хугацааг 7 дугаар сарын 11-15 гэж заасан байна. Энэ нь дээрх хугацаанд нийслэлийн ачааллыг зарим талаар бууруулах ач холбогдолтой бөгөөд аймаг, дүүрэг, сумын баяр наадмыг 7 дугаар сарын 15-25-нд зохион байгуулах тухай шийдвэр гаргаж өгөх хүсэлтийг энэхүү уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлөөс гаргажээ. Дээд түвшний уулзалтын үеэр орон нутгаас нийслэл рүү чиглэсэн зорчигчдын нэн яаралтайгаас бусад урсгалыг хязгаарлах, иргэдэд тайлбарлан ойлгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болголоо.
Б.Цэцэг
URL: