Улстөрчид сүүдрээсээ гарахыг хүссэнгүй

12sd1f32a1f23ds

34.7 их наяд бол зөвхөн мөсөн уулын орой 

Хоёрдугаар сарын 20-ноор эцэс болсон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн хүрээнд урьдчилсан дүнгээр 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болсон тухай Сангийн сайд Б.Болор ярьсан нь өнгөрсөн долоо хоногийн хамгийн том гэж хэлж болох сенсаац байв. Сангийн сайдын хэлснээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд далд эдийн засгийн сүүдэрт

нууж байсан хөрөнгөө Татварын ерөнхий газарт албан ёсоор бүртгүүлснийг эцэслэн нэгтгээгүй нь илт учир энэ тоо цаашид өсөх магадлалтай гэсэн үг. Хуулийг өнгөрсөн оны наймдугаар сарын 7-нд УИХ-аас баталсан ч хэрэгжүүлэх журмыг боловсруулах гэж дуншсанаар 60 хоногийн дараа буюу аравдугаар сарын 10-наас хөрсөн дээр буулгасан байдаг.

Эрх баригчдын урьдчилсан тооцооллоор хуулийн үйлчлэлийн хугацаанд 10 орчим их наяд төгрөгийн далд эдийн засгийг ил болгох тухай ярьж байв. Улмаар арванхоёр дугаар сарын 31-нээр дуусгавар болгох учиртай хуулийн хэрэгжилтийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр хоёрдугаар сарын 20-ныг хүртэл сунгасан билээ. Дөрвөн сарын хугацаанд хэрэгжүүлсэн хуулийн хүрээнд 34.7 их наядын хөрөнгө ил болно гэдэг тачирхан төсөвтэй, түүнээсээ давсан их өртэй Монгол Улсын хувьд мэдээж том үзүүлэлт. Улсын төсвөөс даруй дөрөв дахин, гадаад дотоод нийт өрөөс 13 их наядаар давах хэмжээний мөнгө. Ялангуяа нүүрс, зэсийн үнийн уналтаас эдийн засаг нь бүрэн хамааралтай улсад. Ийм л хэмжээний хөрөнгийг бид эдийн засаг хямралтай үед ил болгожээ. Гэхдээ 34.7 их наяд гэсэн тоо бодит эвсэл зохиомол эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Дээрээс нь улсын төсвийг хэд дахин нугалсан орлогыг хаана нууж байсан болж таарах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хэрвээ ийм хэмжээний орлого үнэхээр илэрсэн бол татвар, гаалийнхан юу хийж байсан бэ гэдэг нь өөрөө асуудал билээ.

Нэгдүгээрт. 34.7 их наядаар үнэлэгдэх хэмжээний хөрөнгийг ил болгочихоод байгаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль Монголд нэн шинэ зүйл биш. Яг ийм агуулга бүхий хуулийг УИХ-аас 2008 онд баталж зургаан сарын хугацаатай хэрэгжүүлж байв. Уг хуулийн ачаар тухайн үед татварын байгууллагад бүртгүүлээгүй, татвар ногдох орлогоо нуусан 3000 гаруй иргэн, аж ахуйн нэгж нуун далдалсан хөрөнгөө сайн дураараа ил болгосон юм. Ингэснийх нь төлөө тэднийг эрүүгийн болон татвараа нуусан гэмт хэргээс чөлөөлсөн. Үр дүнд нь дөрвөн тэрбум ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 4.5 их наяд төгрөг зах зээлд орж ирж, тэр хэмжээгээр уналтад ороод байсан эдийн засгийг тэлсэн гэдгийг эдийн заеагчид ярьдаг.

Харин үйлчлэлээрээ өмнөхөөсөө өргөн цар хүрээг хамарсан хоёр дахь удаагийн хуулиар 21275 санхүү, 89394 татвар, 4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг иргэд, аж ахуйн нэгжээс холбогдох байгууллагад хүргүүлснээр 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсныг салбарын сайд нь тодотгосон. 2008 оныг одоогийнхтой харьцуулж харах нь мэдээж өрөөсгөл. Гэхдээ энэ удаагийн татварын өршөөлийн үйлчлэл 2015 оны дөрөвдүгээр сарын 15-наас өмнөх гэдэгтэй холбож харвал 2008 оны зургадугаар сараар хойших найман жилийн хугацаанд Монголын далд эдийн засаг хэдэн арван их наядаар тоологдох хэмжээний хуримтлалыг бий болгожээ. Тэгэхээр энэ нь зөвхөн мөсөн уулын орой байж мэдэх юм.

Учир нь, энэ хуулийн үйлчлэл Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлагнадаг 38 мянган төрийн албан хаагчийг хаалганы цаана үлдээсэн. Энэ талаар Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан Байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ “38 мянган төрийн албан хаагчийн цаана гэр бүлийн 3-4 хүн байгаа гэж тооцоход 150 мянга хүрнэ. Гол хөрөнгө орлого нь төрийн тендер, бизнесүүд багтаж байна. Энэ хүрээнд хамгийн багадаа 20-30 мянган аж ахуйн нэгж тайлангаа ил тод болгох боломжтой. Нэгэнт л далд эдийн засгийг ил болгох гэж байгаа юм бол хуульдаа өөрчлөлт оруулах ёстой” хэмээж байсан ч тусыг олоогүй. Хэрвээ холбогдох хуульд өөрчлөлт оруулах замаар эдгээр албан хаагчдыг хамруулсан бол дээрх тоо улам өсөх байсныг эндээс төвөггүйхэн харж болно. Үүний цаана улстөрчид, УИХ-ын гишүүд гудсан доорх мөнгөө ил болгоогүйг энд тодотгох нь зүйтэй. Нөгөө талаас “Монголын эдийн засгийн 98 хувийг 200 гэр бүл хянадаг” хэмээн Шадар сайд Ц.Оюунбаатарын хэлдэг үнэн бол 34.7 их наяд төгрөг ил болсон нь ердөө л мөсөн уулын орой гэдэг нь ойлгомжтой. Гэвч тэдгээр эрхмүүд ийм хэмжээний зориг гаргахыг хүсээгүй бололтой. Уул уурхай, нүүрсний мөнгийг улстөрчид Лондонд, Америкт байршуулж түүгээрээ дамжуулан хаа сайгүй үл хөдлөх хөрөнгө авсан гэх хардлага ч үүнд хамаатай байж мэдэх.

Хоёрдугаарт. УИХ-ын гишүүн Г.Уянга нарын Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт орж ирснээр эдийн засагт эерэг дохио болохыг тодотгоод “Бид хямралаас хагарч гарч байсан түүх үгүй” хэмээж байв. Харин урьдчилсан байдлаар ил болсон 34.7 их наяд хөрөнгийг эдийн засагт эргэлдүүлж чадвал хагарах нь байтугай хальж урсах хэмжээний мөнгийг дотоодод эргэлд үүлэх учиртай. Нэг үгээр хэлбэл, Оюутолгойн ногдол ашиг, Тавантолгойн ордыг эргэлтэд оруулахаас үл хамаарч эдийн засгаа сэргээх боломж бидэнд хангалттай байгаа хэрэг. Тэгэхээр Оюутолгойгоос үл хамаарч далд эдийн засгаас ил болгосон хөрөнгийг зөв замаар чиглүүлэх шаардлага Ч.Сайханбилэг төдийгүй түүний Засгийн газарт хүссэн хүсээгүй тулгарах нь.

Жишээ нь, 2008 оны татварын өршөөлөөр ил болсон мөнгө 2009-2010 онд дэлхий даяар өрнөсөн их хямралыг даван туулахад чухал нөлөө үзүүлсэн гэдгийг эдийн засагчид ярьдаг, хэлдэг. Тухайн үед дэлхий нийгэд үл хөдлөх хөрөнгийн үнэ унаж, барилгын үйл ажиллагаа зогсож байхад Монгол Улсын төсөв байнга биелэж, төсвийн байгууллагын алба хаагчид цалин, хангалтын асуудлаар ямар нэгэн юм огт мэдрээгүй гэдэг. Тэр үетэй өнөөдрийг харьцуулахад эдийн засаг тэлсэн, цалин хангамж хамаагүй өссөн. Төрийн албан хаагчдын тоо ч өмнөхөөсөө хэдэн мянгаар өссөнийг статистик тоон мэдээллээс харж болно.

Ялгаатай нь, Монгол Улс дэлхий нийтээс хамаарахгүйгээр дотоод зөрчилдөөнөөсөө болж эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихээд буй нь нууц биш. Тиймээс ил тод байдлын хуулиар ийм хэмжээний мөнгийг гудсан доороос гаргалаа хэмээн сайрхахаасаа илүүтэй эдийн засгийг эмчлэх эхлэлийг Ч.Сайханбилэг Ерөнхий сайд, Сангийн сайд Б.Болор нар цаг алдалгүй тавимаар байна. Улсын төсвийг хэд дахин нугалах хэмжээний хөрөнгийг ил болгосон нь үнэн л юм бол одоо “чулуу” болгох ажлаа хий. Татварын, Аж ахуйн нэгжийн, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөө ойрын хугацаанд хаврын ээлжит чуулганыг хүлээлгүйгээр УИХ-аар шийдвэрлүүлэх хэрэгтэй байгаа.

Ингэхгүйгээр гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхийг хүлээгээд байвал бидэнд хэн ч мөнгө өгөхгүй. Тэгээд ч сонгууль болоход гурав хүрэхгүй сарын хугацаа үлдсэн энэ үед биднийг зорьж ирээд хөрөнгө оруулах хэмжээний зориг хөрөнгө оруулагчдаас гарахгүй нь ойлгомжтой. Тэр тусмаа өчигдөрхөн баталсан хууль дүрмээ өнөөдөр өөрчилдөг, маргааш нь цуцалдаг манайх шиг ойлгомжгүй дүрэмтэй улсад шүү дээ. Тиймээс ил болсон хөрөнгөө эдийн засагтаа наах нь энэ Засгийн газрын нэн тэргүүнд хийх ажил болоод байна. Эцэст нь хэлэхэд мөсөн уулын орой үргэлж жижигхэн харагддаг.

С.Сүлд

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин


URL:

Сэтгэгдэл бичих