Ж.Мөнхбат: Эх орончдын баяр иргэн бүрийнх байх ёстой
Улс төрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан “Эх орон ба ардчилал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Төрийн ордонд их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит танхимд зохион байгууллаа. МАН, МАХН-ын зүгээс хамтран зохион байгуулсан уг хурлыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нээж үг хэлсэн. Мөн “Монгол Улсын тусгаар тогтнол, түүний Үндсэн хуулийн баталгаажилт” сэдвээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Батлан хамгаалах бодлого ба эх оронч үзэл” сэдвээр Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмон, “Монгол Улсын шинэ үеийн түүхэн дэх тусгаар тогтнолын товчоон” сэдвээр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, “Монгол Улсын ор- чин үеийн түүх” сэдвээр түүхч Д.Өлзийбаатар нар сонирхолтой илтгэл тавив.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлсэн үгэндээ “Монголд улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 95 жил, Эх орончдын өдөр тохиож байна. Одоогоос 95 жилийн өмнө С.Данзангийн зандан ширээний модоор Ардын засгийн анхны Ерөнхий сайд Д.Бодоо тамгыг нь сийлж, Монгол Ардын нам гэж нэрийдэн, Монголд улс төрийн нам үүсэн байгуулагдсан түүхтэй. Энэ түүхэн баярыг угшил нэгтэй хоёр нам хамтран тэмдэглэх тухай эрх барих байгууллагын шийдвэр гарсан.
Үүний дагуу хамтарсан аж лын хэсэг байгуулан эрдэм шинжилгээний бага хурлаар эхлүүлж байна. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн зүгээс хоёр нам нэгдэж сонгуульд оролцох эсэхийг их сонирхож байна. МАН XXVII Их хурлаас хойш эдийн засаг хямарсан, улс орны байдал хүнд хэцүү байгаа цагт улс төрийн намуудын харилцан ойлголцол, үндэсний зөвшилцөл гэдэг юу юунаас илүү чухал юм гэсэн байр суурийг баримталж, Монголын 20 гаруй улс төрийн намтай 12 удаа үндэсний зөвшилцлийн уулзалт хийсэн. Монголд улс төрийн нам байгуулагдаж, бүгд найрамдах ардчилсан Үндсэн хуультай улс орон болох эх үндсийг тавьсан түүхэн баяр иргэн бүрийн баяр байх ёстой. Энэ утгаараа хоёр нам хамтарч тэмдэглэж байна” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тавьсан илтгэлдээ “ Эх орондоо хүмүүнлэг ардчилсан нийгэм цогцлуулах зорилготой манай улс Үндсэн хуулиар даяар олноо зарлан тунхагласан энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуулийн эдийн засгийн эрэмбэ дарааг тогтоох шаардлага тулгарч байна. Үндсэн хуулийн эдийн засгийн бодлогыг иргэдэд хүрсэн байдлаар эрэмбэлэх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна. Тодруулж хэлбэл, нийгмийн чиг баримжаатай хөгжлийг хангахад чиглэсэн хүний хөгжил, нийгмийн суурь үйлчилгээ, байгаль орчин, дэд бүтэц, хөдөө аж ахуй, аж үйлдвэр гэх мэтээр эрэмбэлнэ гэсэн үг. Үндсэн хуульд газар түүний баялаг, буянт мал сүрэг төр түмний хамгаалалтад байхыг хоёрдмол утгагүй заасан. Үүнийгээ сахиж биелүүлнэ гэсэн үг. Үндсэн хуульд иргэний нийгэм хөгжүүлэх эрх зүйн баталгааг бүрдүүлж өгсөн. Түүнчлэн үндэсний эв нэгдэл бэхжих эх оронч үндэсний үзэл хүмүүжил төлөвших, үндэсний зан заншил, соёл аж төрөхүй, цэцэглэн хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ бол тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, оюуны үндэс суурь нь юм” гэсэн юм.
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлэхдээ “Эх орончдын өдрийг манай хоёр нам хамтран тэмдэглэж байгаа нь бэлгэшээлтэй чухал улс төрийн үйл явдал юм. Аливаа улс төрийн нам дотооддоо өрсөлдөж болох ч гадааддаа нэгдмэл улс төрийн шигшээ баг шиг байх учиртай. Ингэж байж улс орныхоо нэр хүндийг бүс нутагтаа болоод дэлхийд өндөр зэрэгт авч явна. Энэ утгаар нь авч үзбэл бидний сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн батлан хамгаалах бодлогод нэгдмэл байр суурьтай ажиллаж байгаа. Батлан хамгаалах салбарын уламжлал шинэчлэлийн талаар ярихад XX зууны ихэнх хугацааг холбоотны аргаар өөрийгөө батлан хамгаалах зорилтыг хэрэгжүүлж ирсэн. Монгол Улс, ЗХУ-тай хамтран ажиллах, харилцан туслах онд байгуулсан гэрээ байдаг. Үүнд Монгол Улсад гаднын түрэмгийлэл бодитойгоор заналхийлсэн үед Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг Зөвлөлт холбоот улсын дэмжлэгтэйгээр хамгаална гэсэн тохиролцоонд хүрсэн. Энэ холбоотны гэрээгээр 1990 он хүртэл явсан. 1990 оноос хойш манай гадаад нөхцөл байдал өөрчлөгдсөн. Хоёр хөрш маань найрамдалт харилцаатай болсон үед Монгол Улс анхдагч хөршүүдтэй стратегийн түншлэлийн харилцаатай явсан. Аль алинтай нь тэнцвэртэй харилцана гэсэн бодлого бий. Бидний сүүлийн жилд баримталж ирсэн бодлогыг үзэхээр хоёр хөрш болон бусад их гүрнүүдийн сонирхлын тэнцвэрийг хангах замаар идэвхтэй бодлого үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ хүрээнд манайхтай ойр дотно бүс нутаг, дэлхийд нөлөө бүхий холбоотны байгууллага, цэргийн эвсэл тухайлбал Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад манайх ажиглагчийн байр сууринд байдаг. НАТО-той энхийн төлөө түншлэл гэсэн гэрээтэй. Энэ бүхэн их гүрнүүдийн дэлхийд нөлөөлөх хүчнүүдтэй харилцаагаа тэнцвэржүүлэх, идэвхтэй хамт ран ажиллах бодлого баримталж ирснийг харуулж байна” гэлээ. Энэхүү хурлын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас дараах асуултад хариулт авлаа.
-МАН, МАХН-ын эвсэх асуудал ямар шатандаа явна вэ. Хоёр нам баяраа хамтран тэмдэглэж байгаа нь ирэх сонгуульд эвсэхийн эхлэл болчихов уу гэж харагдаад байна л даа?
-Эдийн засаг хямарсан, улс орон хүнд байдалд орсон энэ үед улс төрийн намуудын харилцан ойлголцол, үндэсний зөвшилцөл юу юунаас чухал юм. Энэ байр суурийг МАН-аас баримталж улмаар 20 гаруй намын удирдлагатай 10 гаруй удаа үндэсний зөвшилцлийг хийж хэрэгжүүлж ирсэн. Ер нь Монголд улс төрийн нам үүсгэн байгуулагдаж, ардчилсан Үндсэн хуульт улс орон болох үндэс суурийг тавьсан энэхүү баяр монгол иргэн бүрийн баяр байх ёстой. Тэр утгаараа энэхүү баярыг хоёр нам хамтран тэмдэглэж байна. Хоёр нам эвсч сонгууль оролцох эсэх асуудлыг олон нийт сонирхож байгаа нь үнэн. Энэ талаар улс төрийн нам үүсгэн байгуулагдсаны баярын дараа нухацтай авч хэлэлцэнэ.
-Нэгдэх, эвсэх асуудлаар ажлын хэсэг гаргах юм уу?
-Одоогоор намууд өөр хоорондоо санал тавиагүй байна. Хоёр намын ахмадууд дээрх хүсэлт, өргөх бичгийг намын удирдлагуудад өгч байсан. Үнэхээр эдийн засаг хүнд болсон, улс орны тэр дундаа төрийн гацаа, эдийн засгийн байдал туйлдаа хүрсэн энэ үед улс төрийн намууд өөрсдийн амин эрх ашгийг өмнөө тавихгүй байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төлөө эвлээд, эвсээд, нэгдээд ажилла гэж ард түмэн, эх орон даалгаж байгаа бол улс төрийн намууд биелүүлэхээс өөр аргагүй. Учир нь, эх орныхоо сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө намууд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ асуудлаар хэлэлцэж ажлын хэсэг байгуулах эсэх асуудлыг удахгүй ярьж эхэлнэ.
-95 жилийн ойн босгон дээр өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд хэр төлөвшсөн гэж та харж байна вэ?
-Ер нь улс төрийн шинжлэх ухаанд улс төрийн намын төлөвшлийг 15-20 жилээр хардаг. Зарим улсад 50 жилийн түүхийг бичсэн бол төлөвшсөн нам гэж үзэн хүний нөөц, бодлого, үйл ажиллагааны хувьд төлөвшжээ гэж үздэг юм билээ. Монголд төр засгийн гацаа хямрал үүсч, эмх замбараагүй байдалд байгаа энэ үед улс төрийн намын төлөвшил маш чухал байгаа нь үнэн. Ямар эрх ашгийг урдаа тавих вэ гэдэг нь их чухал. Хувь улстөрчийн, намын, фракцийн эрх ашгаас алиныг нь өмнөө тавихаас их зүйл шалтгаална. Энэ хэмжээнд хүрч төлөвшихийг Өмнөдийн эрдэмтэн судлаачид 30-50 жил гэж хардаг. Монголын нөхцөлд 50-аас дээш жилийн түүх бичсэн хүчин бол МАН л юм.
-Үндэсний аудитын газраас хуулийн хугацаандаа багтан сонгуулийн сурталчилгаанд зарцуулах зардлын хэмжээг зарлалаа. Ер нь улс төрийн намууд зардлаа ямар байдлаар тооцоолдог вэ?
-Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулиар бүх шатны сонгуульд оролцсон улс төрийн намууд сонгуульд орсон зардлаа Сонгуулийн ерөнхий хороо, Аудитын ерөнхий газарт тайлагнаж ирсэн. Энэхүү тайланг тус байгууллагууд шалгаж хууль зөрчсөн эсэх дүгнэлтийг гаргадаг. Энэ удаагийн сонгуультай холбоо бүх мэдээллээ хүргүүлэх болно.
М.Өлзий
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Эх орончдын баяр иргэн бүрийнх байх ёстой… ёстой ёсто ёстойй!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Намайг хүлээж байгаарай
Хадаг бариад сайд болооч гэж гуйсан ч миний бие тийм зүйлийг хүсэхгүй