АСЕМ-ын уулзалтад 20 улсын төрийн тэргүүн оролцохоо илэрхийлжээ
Яам, агентлагын удирдлагуудтай хийдэг “Хэрэгжилт, хяналт, хариуцлага” цахим хурал боллоо. Хурлаар АСЕМ-ын зохион байгуулалт, бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг холбогдох албан тушаалтнуудад хүргэснээс гадна цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өглөө.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн хэлснээр АСЕМ-ын дээд төвшнийXI уулзалтыг зохион байгуулах Ерөнхий сайдын ахалсан үндэсний зөвлөл болон зургаан дэд хороо бэлтгэл ханган ажиллаж байна. Энэ оны долдугаар сарын15-16-нд болох дээд төвшний энэ уулзалтад өнөөдрийн байдлаар 20 улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар оролцохоо албан ёсоор мэдэгдээд байгаа аж. Тэдгээрээс гадна 4000 орчим төлөөлөгч, хэвлэл мэдээллийн ажилтан ирэх төлөвтэй байна гэлээ. Мөн дээд төвшний уулзалтын хүрээнд 10 чуулга, уулзалт зохион байгуулна. Энэ бүгдэд төрийн байгууллагын үүрэг оролцоо чухал гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн АСЕМ-ын дээд төвшний уулзалтыг зохион байгуулахад анхаарах зарим асуудлын талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа цахим хурлын үеэр танилцууллаа. Уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд 200 гаруй ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа гэнэ. Эдгээр ажлын биелэлтийг хангуулахаар холбогдох яам, агентлагуудад хугацаатай үүрэг даалгавар өгнө гэлээ.
Мөн уулзалтын бэлтгэл ажилд төрийн байгууллагуудаас гадна бизнес эрхлэгчид, холбоод, хувийн хэвшлийнхний оролцоог ханган ажиллаж байна гэсэн юм. Төрийн нэгдсэн үйлчилгээний төвийг Улаанбаатар хот болон 21 аймагт нэмж байгуулах, үйлчилгээний төвийн үзүүлж буй төрийн үйл ажиллагааны тоо, чанарыг нэмэгдүүлэх асуудлаар ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд мэдээлэл хийлээ.
URL: