Грекчүүдийн бухимдал дээд цэгтээ хүрэхэд ойрхон байна
Европын холбоо болон Олон улсын валютын сан Грект эдийн засгийн дэмжлэг үзүүлэх ажлын явц дэндүү удаашралтай байгааг тус улсын иргэд нийслэл Афин хотноо эсэргүүцэн жагслаа.
Өнгөрсөн нэгдүгээр сараас л Европын холбоо Грек рүү санхүүгийн багц дэмжлэг үзүүлэх боломж бололцоог судалж, 180 тэрбум евро нийлүүлэхээр болсон билээ. Гэтэл холбооны тавьж буй шаардлагад Грекийн парламент хариуцлага хүлээх чадваргүй байгаа нь тодорхой болоод байна.
Иймээс зээлийн асуудал хэсэг хугацаанд зогсонги байдалд орсон аж. Эдийн засгийн хямралаас үүдэж нийгэмд иргэдийн оролцох идэвх эрс багассан нь ажил олголт удааширч, цалинг нь олгохгүй байгаатай холбоотой аж. Энэ бүхнийг иргэд хүчтэй эсэргүүцэж, засгийн газартаа эрчимтэй шаардлага өгч эхэлжээ.
Өнгөрсөн мягмар гаригт тус улсын Ерөнхийлөгч Жорж Папандреу мэдэгдэл хийсний дараа бүс нутгийн “супер хүн” гэх хоч аваад байна. Учир нь түүний авч хэрэгжүүлж буй алхмууд туйлын эрсдэлтэй бөгөөд удаашралтай байгаад иргэд ийн дургүйцэж, ёжолсон өнгө аястай нэр хайрлажээ. Нөхцөл байдал эмзэг байхтай давхцан Европын холбооны 17 гишүүн Грекийн эсрэг товчлуур дарснаар Афинд үймээн дэгдэж эхэллээ.
Евро бүсийн тавьж буй шаардлага нь 20 хувийн эргэн төлөлттэй зээлийг олгохоор тохиролцсон ч Грек үүнийг төлөх чадваргүй гэдгээ ил тод илэрхийлсэн байна. Грекийн байр суурийг ойлгосон Европын холбооныхон гэдийж эхэлсэн төдийгүй зээлийн асуудлыг түр хойшлуулахад хүрээд байгаа юм байна.
Санхүүгийн тусламж хүссэн Грект ээлжит үгүй гэх хариултаа өгсөн Европын холбоо, Афины эрх баригчдад хэдэн мянган иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Хэрэв дараа сарын эхээр Грекийн банкуудын үйл ажиллагаа хэвийн байдалд орохгүй л бол иргэдийн тэмцэл хурцадна гэдгийг шинжээчид анхааруулж байгаа юм.
Т.Батсугар
URL: