“Эвсэх асуудлаар нухацтай хэлэлцэж эхэлнэ”

“Эх орончдын баярын өдөр” маргааш буюу ирэх гуравдугаар сарын 1-нд тохионо. Энэхүү баярыг хамтран тэмдэглэх хүсэлтийг МАХН-аас МАН-д тавьж улмаар тус хоёр нам 95 жилийн ойн баяраа буюу “Эх орончдын баярын өдөр”-ийг хамт тэмдэглэхээр болсноо албан ёсоор зарласан. Энэхүү арга хэмжээний хүрээнд  ”Эх орончид ба ардчилал” эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордноо болж, намын удирдлага, ахмад гишүүд илтгэл тавьж байна. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас дараах асуултад хариулт авлаа.

- 2016 оны сонгуульд МАН, МАХН эвсэх, нэгдэх асуудал оны өмнөөс яригдаж эхэлсэн. Одоо ямар шатандаа яваа вэ. Хоёр нам хамтран баяраа тэмдэглэх гэж байгаа нь ирэх сонгуульд хамтран ажиллах эхлэл гэж харж байна?

-Эдийн засаг хямарсан, улс орон хүнд байдалд орсон энэ үед улс төрийн намуудын харилцан ойлголцол, үндэсний зөвшилцөл юу юунаас чухал юм. Энэ байр суурийг МАН-аас баримталж улмаар 20 гаруй намын удирдлагатай 10 гаруй удаа үндэсний зөвшилцлийг хийж хэрэгжүүлж ирсэн түүх байгаа. Ер нь монголд улс төрийн нам үүсгэн байгуулагдаж, Бүгд найрамдах ардчилсан үндсэн хуульт улс орон болох үндэс суурийг тавьсан энэхүү баяр монгол иргэн бүрийн баяр байх ёстой. Тэр утгаараа энэхүү баярыг хоёр нам хамтран тэмдэглэж байна. Хоёр намын эвсэж сонгууль оролцох эсэх асуудал олон нийтэд сонирхолтой байгаа нь үнэн. Энэ талаар улс төрийн нам үүсгэн байгуулагдсаны баярын дараа нухацтай авч хэлэлцэнэ.

-Нэгдэх, эвсэх асуудлаар ажлын хэсэг гаргана гэсэн мэдээлэл байсан. Үнэн үү?

-Яг одоогоор намууд өөр хоорондоо санал тавьсан асуудал байхгүй. Хоёр намын ахмадууд дээрх хүсэлт, өргөх бичгийг намын удирдлагуудад өгч байсан. Үнэхээр эдийн засаг хүнд болсон, улс орны тэр дундаа төрийн гацаа, эдийн засгийн байдал туйлдаа хүрсэн энэ цаг үед бол улс төрийн намууд өөрсдийн амин эрх ашгийг өмнөө тавихгүй байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын төлөө эвлээд, эвсээд, нэгдээд ажилла гэж ард түмэн, эх орон даалгаж байгаа бол улс төрийн намууд биелүүлэхээс өөр арга байхгүй. Учир нь эх орныхоо сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө намууд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ асуудлаар хэлэлцэж ажлын хэсэг байгуулах эсэх асуудлыг удахгүй ярьж эхэлнэ.

-Өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд хэр төлөвшсөн бэ?

-Ер нь улс төрийн шинжлэх ухаанд улс төрийн намын төлөвшлийг 15-20 жилээр хардаг. Зарим улсад 50 жилийн түүхийг бичсэн намын төлөвшсөн нам гэж үзэн хүний нөөц, бодлого, үйл ажиллагааны хувьд төлөвшжээ гэж үздэг юм билээ. Монголд төр засгийн гацаа хямрал үүсч, эмх замбараагүй байдалд байгаа энэ үед улс төрийн намын төлөвшил маш чухал байгаа нь үнэн. Ямар эрх ашгийг урьдаа тавих вэ гэдэг нь их чухал. Хувь улстөрчийн, намын, фракцийн эрх ашгаас алиныг нь өмнөө тавихаас их зүйл шалтгаална. Энэ хэмжээнд хүрч төлөвшихийг Өмнөдийн эрдэмтэн судлаачид 30-50 жил гэж хардаг. Монгол нөхцөлд 50-иас дээш жилийн түүх бичсэн хүчин бол МАН юм.

-Үндэсний аудитын газраас хуулийн хугацаанд өнөөдөр сонгуулийн сурталчилгаанд зарцуулах зардлын хэмжээг зарлана. Ер нь зардалаа улс төрийн намууд баримталдаг уу?

-Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулиар бүх шатны сонгуульд оролцсон улс төрийн намууд сонгуульд орсон зардлаа Сонгуулийн ерөнхий хороо, Аудитын ерөнхий газарт тайлагнаж ирсэн. Энэхүү тайланг тус байгууллагууд шалгаж хууль зөрчсөн эсэх дүгнэлтийг гаргадаг. Энэ удаагийн сонгуультай холбоо бүх мэдээллээ хүргүүлэх болно.

-Хуулийн хугацаа өнөөдөр дуусч байгаа. Үндэсний аудитын газраас ямар нэгэн мэдээлэл ирүүлсэн үү?

-Аудитын ерөнхий газраас улс төрийн намуудад энэхүү асуудлаа шийдэж өгөөрэй гэсэн албан тоот ирүүлсэн байсан. Манай намын санхүүгийн холбогдох хүмүүс энэхүү тайлан материалаа гаргаад хүргүүлж байгаа байх. Энэ бол хууль зөрчөөд нууж хаах зүйл байхгүй. Нарийн тоог мэдэхгүй байна. Энэ хуулиар харьцангуй өндөр зардал гарахгүй байхаар заасан. Хэвлэл мэдээлэл, сонгуулийн сурталчилгааны хугацаа харьцангуй богиноссон байгаа тул зардал танагдах байх.

Д.ЖАРГАЛ


URL:

Нэр: Зочин Огноо: 29 February 2016

Мөнхбат чинь Энхбаярын хүн шүү дээ

Сэтгэгдэл бичих